НийгмийнСПОРТ

С.Мөнхдуулдах: Ц.Нацагдорж гавьяатын үйл хэргийг үргэлжлүүлж яваагаараа бахархдаг

Хөдөө орон нутагт чөлөөт бөхийн спортыг хамгийн сайн хөгжүүлж, цөөнгүй шилдэг тамирчин бэлтгэж буй дасгалжуулагч хэн бэ гэж асуувал олон хүн дуу нэгтэйгээр Баянхонгор аймгийн БТСГ, “Байдрагийн хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Совдын Мөнхдуулдахыг онцлох нь дамжиггүй. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалантай хамтран 2010 онд “Байдрагийн хүчтэн” дэвжээ байгуулсан нь Баянхонгор аймагт чөлөөт бөхийн спорт хөгжихийн эхлэл байлаа. Улмаар дэвжээнийхээ дасгалжуулагчаар Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат С.Мөнхдуулдахыг ажиллуулсан нь тун ч нүдээ олсон шийдвэр байсныг түүний олон шавийн амжилт харуулсаар байна.

Ц.Нацагдорж гавьяат ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч С.Мөнхдуулдах багш Баянхонгор аймагт, “Байдрагийн хүчтэн” дэвжээндээ ирээдүйн, олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэсээр, гавьяатын үйл хэргийг үргэлжлүүлсээр явна. Түүний шавь нар энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдөхдөө хоёр алт, нэг хүрэл медаль хүртэн, гурван бөх тавдугаар байрт шалгарав.

С.Мөнхдуулдах багшийн шавь, өсвөр үеийн дөрөв, залуучуудын хоёр удаагийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, “Mongolia open” тэмцээний дэд аварга Б.Хонгорзул, залуу тамирчин Ч.Алтангэрэл нар улсын аварга болж, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий алтан медальт, өсвөр үеийн улсын тав, залуучуудын хошой аварга, “Mongolia open”-ы хүрэл, “Байгаль опен” тэмцээний алтан медальт Ө.Пүрэвсүрэн насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль хүртсэн юм.

Тэднээс гадна цөөнгүй шавь нь цахиур хагалж, Баянхонгор аймгийнхаа нэрийг дуурсгаж явна. 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга М.Пүрэвтунгалаг, бага дэлхийн аварга гэгддэг И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээний хүрэл медальт, өсвөр үеийн Азийн дэд аварга, энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д V байрт шалгарсан Э.Бямбадорж, Р.Дмитриевийн нэрэмжит олон улсын тэмцээний хошой хүрэл медальт Э.Батмагнай зэрэг тодорхой амжилт гарган, ирээдүйд их дуулгана гэгдэж буй шавь нарынх нь талаар бичвэл цаг, цаас нэлээд орно.

“Байдрагийн хүчтэн” дэвжээний бөхчүүд чөлөөт бөхөөс гадна үндэсний бөхөөр чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Ч.Алтангэрэл өнгөрсөн жил аймгийн харцага цол хүртсэн бол аймгийн начин Э.Батмагнай өсвөр үеийн УАШТ-д гурав жил дараалан түрүүлсэн нь үүний илрэл. Улсын начин П.Нямжанцангийн удмын бөх Э.Батмагнайгийн амжилтыг өмнө нь хоёрхон бөх гаргасан гээд бодохоор яалт ч үгүй давтахад бэрх.

С.Мөнхдуулдах багшийн шавь нар өсвөр үе, залуучуудын ДАШТ, Азийн АШТ-ээс 20 гаруй медаль хүртэн, түрүүчээсээ насанд хүрэгчдийн ангилалд цахиур хагалж эхэлсэн юм. Энэ сарын 6-нд дууссан УАШТ-ий дараа С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя.

ОЛИМПЫН ЖИНД ХОЁР ШАВЬ МААНЬ ТҮРҮҮЛЛЭЭ

-УАШТ-д хэдэн шавиа сойв. Тамирчдынхаа амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шавь нарынхаа амжилтад сэтгэл хангалуун байна. 2020 он Токиогийн олимпын жил. Энэ оны анхны тэмцээн нь насанд хүрэгчдийн УАШТ байлаа. Тус тэмцээнд Баянхонгор аймгаас 14 тамирчинтай оролцоод хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ. Гурван шавь маань медалийн үзүүрээс атгаад алдан, V байрт шалгарсан. Шавь нар маань голдуу 2000 оных. Олонх нь 20 нас хүрээгүй. Эмчийн бичгээр зургаан шавь оролцсон.

Миний шавь Ө.Пүрэвсүрэн насанд хүрэгчдийн УАШТ-ээс 2018 онд хүрэл медаль авсан нь манай багийн тус тэмцээнд гаргасан анхны амжилт. Өнгөрсөн жил долоон шавиа зодоглуулахдаа түүнийгээ ахиулж, анхны түрүүгээ хүртэн (М.Пүрэвтунгалаг), хоёр хүрэл медаль (Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн) авсан.

Өнөө жилийн УАШТ-ий олимпын жинд олонх шилдэг бөх зодоглосон болохоор өмнөхөөсөө илүү өрсөлдөөнтэй болсон. Ямар ч байсан олимпын жинд хоёр шавиа улсын аварга болгосондоо баяртай байна. Хоёр шавь маань олимпын эрхийн тэмцээнд улсаа төлөөлөн зодоглох боллоо.

Намайг төдийгүй биднийг үргэлж дэмждэг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нартаа, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн холбооны дарга Тойвгоо, Д.Мэнджаргал даргатай БТСГ-ынхаа хамт олонд, “Хонгор нутаг” дэвжээний Ж.Мөнхбат ах, “Женко” клубийн ерөнхийлөгч Х.Баттуул, Япон улсад амьдардаг Д.Бямбасүрэн ах, Саори Ёшидагийн ах Хэкүн багш,  АНУ-д амьдардаг, П.Чулуунбаатар ахын найз нарт, ханьдаа баярлаж явдаг.

-Ө.Пүрэвсүрэн багаасаа тодорсон бөх, өсвөр үеийн УАШТ-ий таван түрүүтэй. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс гурван жил дараалан медаль хүртэн, шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөхөө харуулсаар байна. Энэ удаа ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Шоовдорыг ялж, дэлхийн аварга С.Цэрэнчимэдтэй сайн барилдлаа.

-Өө, ёстой сайхан барилдлаа. Тэглээ гээд тайвширч, ханаж болохгүй. Бид хоёрт их том зорилго бий. Ө.Пүрэвсүрэн энэ жил 20 настай. Өнгөрсөн жил 19 настайдаа 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. УАШТ-д түрүүлгэчих юм сан гээд зорилгүй яах вэ. С.Цэрэнчимэд дэлхийн бөх. Түүнтэй сайхан барилдлаа. Алдааг нь сайн хэлэхийн сацуу урам өгч, бэлтгэлийг нь улам чамбай хийлгэнэ.

-УАШТ-ий өмнөх бэлтгэлээ нутагтаа хийв үү?

-Тэгсэн. 31-нд хүмүүс баярлаж байхад бид бэлтгэл хийгээд л өнжсөн. Шинэ жилээр тухтай баярлаж амжаагүй ээ. Нэгдүгээр сарын 1-ний үүрээр нутгаасаа гараад Улаанбаатарт ирсэн.

Ц.НАЦАГДОРЖ ГАВЬЯАТ НАМАЙГ ТООСОН НЬ ИХ АЗ

-Та Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул. Ц.Нацагдорж гавьяаттай дөрөө нийлүүлэн, Баянхонгор аймгийн “Байдрагийн хүчтэн” клубт дасгалжуулагчаар ажиллах болсон тань сонирхол татаж байна. Гавьяат танд ажиллах санал тавьсан юм уу?

-Тэгсэн. Ц.Нацагдорж гавьяат, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалантай хамтран 2010 онд манай клубийг байгуулсан юм билээ. Анхны дасгалжуулагч нь Батдэлгэр. Тэрбээр нэг жил ажиллаад Япон руу явсан.

Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрж, өссөн. Ганбат багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэж байлаа. Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, УАШТ-д гурван удаа өрсөлдсөнөөс өөр амжилт гаргаагүй ээ. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Армийн дэлхийн аварга, улсын долоон удаагийн аварга бид хоёр бэлтгэл хамт хийдэг байсан.

2011 онд манайх Баянхонгорт шилжиж очсон юм. Ханийн минь нутаг л даа. Тэнд жил шахам хугацаанд хувийн компанид ажилласан. Тэгж явахад Ц.Нацагдорж гавьяат 2011 оны аравдугаар сард надад ажлын санал тавьсан юм. Тийм мундаг хүн намайг тоосон нь их аз. Би үнэхээр татгалзаж зүрхлээгүй. Гэхдээ чадах болов уу, итгэлийг нь алдах вий гэж  их эмээсэн. Тэгж тэр жилийнхээ аравдугаар сарын 10-нд дасгалжуулагчийн ажлаа эхлүүлж байлаа.

Хэдийгээр “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг 2010 онд төгссөн ч өөр газар ажилласан туршлагагүй болохоор анхандаа туршлага дутах, өөрийгөө голох үе зөндөө байсаан. Мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал Ц.Нацагдорж багшаас асууна. Гавьяат ч бүх талаар тусалж, дэмждэг байсан юм. Бид өсвөр үеийн УАШТ-д 2012 оноос оролцож эхэлсэн. Дараа жил нь хоёр хүрэл медаль хүртэн, 2014 онд Ө.Пүрэвсүрэн алтан медаль хүртэн, багаараа түрүүлсэн. Түүнээс хойш бид өсвөр үе, залуучуудын УАШТ-д багаараа олон жил түрүүлсэн, эхний гурван байраас мултраагүй.

Шавь нар амжилт гаргахаар түүндээ урамшин, ядарч буйгаа ч умартдаг юм билээ. Би Баянхонгор аймгийн хүргэн болж очоогүй бол, Ц.Нацагдорж гавьяат “Байдрагийн хүчтэн” дэвжээг байгуулаагүй бол гэж ёстой төсөөлж чаддаггүй. Хэрвээ Баянхонгорт ийм клуб байгуулаагүй бол би өнөөдөр тэс өөр салбарт ажиллаад явах ч байсан юм бил үү. Мэргэжлээрээ л ажилладаг юм бил үү гэж бодож явсан надад Ц.Нацагдорж гавьяат их том боломж олгосон.

-Мэргэжлээрээ гэхээр биеийн тамирын багш хийх бодолтой байсан гэсэн үг үү?

-Тийм ээ, Ерөнхий боловсролын сургуулийн. Хэрвээ биеийн тамирын багш болсон бол хажуугаар нь дасгалжуулагч хийх зав гарахгүй байсан.

АНХ ГУРАВХАН ТАМИРЧИНТАЙ ДӨРВӨН САР АЖИЛЛАСАН

-Танай дэвжээ анх хэдэн тамирчинтай байв. Баянхонгор аймагт чөлөөт бөхийн спортыг хөгжүүлж, тамирчин бэлтгэхэд хамгийн хэцүү нь юу байв?

-Анх гуравхан тамирчин (Э.Батмагнай, Э.Бямбадорж, Ууганбаяр) дөрвөн сар бэлтгэл хийсэн. Цөөхөн шавьтай, өөр хүүхэд сонирхохгүй нь энэ тэр гэж цөхрөөгүй ээ. “Ягаан заал”-нд жүдо, чөлөөт бөхийн тамирчид бэлтгэлээ хийдэг юм. Мэдээж дэвжээ нь тусдаа. Тухайн үед жүдогийн Лувсандэмбэрэл багш нутагтаа ажиллаж байлаа. Бэлтгэлийг хэрхэн хийх, яаж тохируулах талаар түүнээс их зүйл сурсан. Л.Лувсандэмбэрэл багшид их баярлаж явдаг.

Түүний жүдогийн дугуйланд 100 гаруй, минийхэд гурван тамирчин бэлтгэл хийдэг байлаа. Олон нийтэд чөлөөт бөхийн спортыг сурталчлан, таниулахын тулд сургуулиудын дунд тэмцээн зохион, цөөнгүй ажил хийсний үр дүнд Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн хоёр нэмэгдсэн. Тэгээд л өдөр өдрөөр нэмэгдсээр өдгөө 50-иад тамирчинтай болоод байна. Бид бэлтгэлээ өдөрт хоёр ээлжээр хийдэг. Шавь нараас маань ОУХМ цолтой дөрөв, спортын мастер зургаа, дэд мастер найман тамирчин төрөөд байна.

Ц.НАЦАГДОРЖ ГАВЬЯАТ ШИГ ТАМИРЧИН БЭЛТГЭХ СЭН ГЭЭД ХИЧЭЭЖ ЯВНА

-Ц.Нацагдорж гавьяат 2017 онд өөд болсон. Гавьяат нас барахад их том орон зай, түшиг тулгуургүй болсон байх.

-Ёстой тэгсэн шүү. Хэрвээ амьд сэрүүн байсан бол бид өнөөгийнхөөс ч өндөр амжилт гаргах байсан. Ц.Нацагдорж гавьяатын үйл хэргийг үргэлжлүүлж, Баянхонгор аймагт чөлөөт бөхийн спортыг хөгжүүлж яваагаараа бахархдаг. Монгол түмний бахархал Нацагаа багш шиг бөх бэлтгэх сэн гээд хичээж явна. Гавьяатын гэр бүлийнхэнтэй холбоотой, ойр дотно явдаг.

Ардын багш Ч.Дамдиншарав гуай, Т.Сүхбаатар гавьяат, Сумъяа, П.Чулуунбаатар ах зэрэг надад зөвлөж, тусладаг олон дасгалжуулагч бий. Тэдэндээ их баярлаж явдаг. Тэдний маань зөвлөгөө бидний амжилтад их нөлөөлдөг.

-Хаа хол Баянхонгор аймгаас Улаанбаатар ирж тэмцээнд оролцох, гадаадын дэвжээнд тамирчдаа сойхоос авхуулаад бэрхшээл их гардаг байх.

-Зөндөө, зөндөө. Санхүүгийн, хэрэглэл материалын бэрхшээл гарна. Тэр бүхнийг олны хүч, дэмээр зохицуулдаг. Уг нь Улаанбаатарт болж буй тэмцээнд нэлээд хэд хоногийн өмнө ирж, тамирчдаа амраагаад өрсөлдвөл тэс өөр. Гэтэл энд байрлах газраас авхуулаад тэгэх боломж гардаггүй. Буудалд байрлая гэхэд олон тамирчны зардал талийна. Тиймээс өмнөх өдөр нь ирээд л тамирчдаа оролцуулдаг. Тэр бүхнээс авхуулаад бэрхшээл их.

НАЙЗ ЖАГАА МААНЬ БИДНИЙГ МАШИНААРАА НАЙМАН ЖИЛ ЗӨӨЖ БАЙНА

-Та бүхэн өөрсдийн унаатай юу. Эсвэл хот хоорондын унаагаар ирээд, буцдаг уу?

-Өөрсдийн гэсэн унаа байхгүй ээ. Жагаа (Б.Батжаргал) гээд манай нэг найз байдаг юм. Биднийг Баянхонгор, Улаанбаатарын хооронд сүүлийн найман жил зөөж байгаа. Саарал “Istana” нь манай хэдэн хүүхдийн хамгийн супер унаа болсоон (инээв). Санхүүгийн бэрхшээлтэй үед биднийг үнэгүй зөөх үе ч бий. Гадаадын тэмцээнд оролцчихоод халаас хоосон ирэхэд найз минь тосоод авдаг. Саарал тэргэнд нь л суугаад авсан байхад тэгээд л болоод явчихаж байгаа юм шүү дээ. Тэр бүхэн бидний амжилтад их дэм болдог.

-Амжилт гаргачихаад найзынхаа машинд суугаад нутагтаа очих их сайхан биз.

-Тэгэлгүй яах вэ. Их додигор очно шүү дээ. Тааруухан оролцвол эсрэгээрээ баргар, сэтгэл дундуур очно.

-600 км туулан Улаанбаатарт ирж, буцахад хөгжилтэй зүйл их тохиолддог байх. Тэр бүхнээсээ хуваалцахгүй юу?

- Аймгаас ихэвчлэн бэлтгэлээ хийчихээд орой гардаг. Шөнө голдуу явдаг болохоор ихэвчлэн унтчихдаг. Одоо бүр сурчихсан. Тийм болохоор хөгжилтэй зүйл харьцангүй бага тохиолддог.

ХАНЬ МИНЬ НАМАЙГ ОЙЛГОЖ, ДЭМЖДЭГИЙНХ НЬ ХҮЧЭЭР Л БИ ӨНӨӨГИЙН АМЖИЛТЫГ ГАРГАЖ ЯВАА ЮМ ШҮҮ

-Жилийн хэдий хугацаанд бэлтгэл, тэмцээн гээд завгүй байдаг вэ. Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаг уу?

-За, ёстой амждаггүй. Ханийг минь Отгонцэцэг гэдэг. Бид хоёр 2008 онд танилцсан. Манайх хоёр хүүтэй. Хань минь удахгүй амаржина. Бэлтгэл, тэмцээн гэсээр би их завгүй байдаг. Тамирчдаа амжилтад хүргэхийн тулд яах аргагүй цаг наргүй зүтгэх шаардлага гардаг л даа. Тэр бүхэнд хань минь арыг даан, бүх зүйлийг зохицуулдаг. Миний гаргаж буй амжилт ханьтай минь салшгүй холбоотой. Намайг үргэлж ойлгож, дэмжин, урам өгдөг ханьдаа маш их баярлаж явдаг.

Бид жилд дунджаар гадаад, дотоодын 14-16 тэмцээнд оролцдог. Тэр бүхэнд нааш, цаашаа явна. Бусад үед нь нутАгтаа тамирчдынхаа бэлтгэлийг хийлгээд завгүй. Баянхонгор аймагт чөлөөт бөхийн дасгалжуулагч надаас өөр байхгүй. Тамирчдаа гадаад, дотоодын тэмцээнд оролцуулаад явахад цаг их орно. Тэмцээн, хамтарсан бэлтгэл гээд нутагтаа байхаасаа байхгүй нь их. Шинэ тамирчин бэлтгэхэд бэрхшээлтэй байгаа. Яалт ч үгүй амжихгүй юм аа. Тиймээс туслах дасгалжуулагчтай болох санаа бий.

-Хэдийгээр хань нь таныг ойлгож дэмждэг ч гэсэн гэр бүлдээ хангалттай цаг гаргахгүй байна гээд гомдох, үл ойлголцох үе гарах юм уу?

-Гардаг аа, гардаг, юуг нь нуух вэ. Дасгалжуулагч болсноосоо хойш өнгөрсөн жил анх удаа гэр бүлээрээ зугаалж, долоо хоног Хөвсгөлөөр аялсан. Хань минь ойлгодог, дэмждэг гээд гэр бүлээ хоёрдугаарт тавьж болохгүй. Тиймээс гэр бүлдээ аль болох цаг гаргахыг хичээж байгаа. Ханьтайгаа, хоёр хүүтэйгээ хамт байхаас, тэднийгээ жаргалтай байхыг харахаас илүү жаргал гэж юу байх вэ. Би өнөөдөр цаг наргүй хөдөлмөрлөж яваа минь тэднийхээ л төлөө юм шүү дээ.

УЛААНБААТАРТ ТӨВХНӨН, ТАМИРЧДАА ЭНД ДАСГАЛЖУУЛАХ БОДОЛ БИЙ

-Өнөөгийн залуус Улаанбаатар хотод, төв сууран газар ажиллахыг илүүд үзэх болсон. Орон нутагт ажиллахын жаргал гэвэл та юуг тодотгох вэ?

-Бухимдалгүй, замын түгжрээгүй, амар тайван шүү дээ. Бэлтгэлдээ очихдоо түгжирч, цаг алдахын зовлон алга. Миний цалин амьдралд хангалттай хүрдэггүй ч овоо дэм болдог. Зуны улиралд тамирчдаа дасгалжуулахын хажуугаар барилгын ажил хийдэг. Ер нь шавь нар насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөөд эхлэхээр төв суурин газар бараадсан нь дээр гэж бодогдох боллоо.

-Ер нь Улаанбаатар төвхнөн, тамирчдаа энд бэлтгэх талаар төлөвлөсөн зүйл бий юү?

-Олонх шавь маань Ерөнхий боловсролын сургуулиа энэ жил төгсөнө. Баянхонгор аймгийн Засаг дарга Батжаргал, аймгийнхаа чөлөөт бөхийн холбоо, БТСГ-ынхантай ярилцаж байгаад шийднэ. Ер нь энэ ондоо багтаан, Улаанбаатар хотод төвхнөх бодол бий. Тамирчдынхаа бэлтгэлийг энд хийн, тэмцээнд оролцвол хамаагүй амар, санхүүд ч төсөр л дөө.

БАЯНХОНГОРТ ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭХ СОНИРХОЛТОЙ ХҮҮХДИЙН ТОО ЭРС НЭМЭГДСЭН

-Шавь нар нь амжилт гаргаад ирэхээр Баянхонгорт чөлөөт бөхөөр хичээллэх сонирхолтой хүүхдүүдийн тоо, хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөж байна вэ?

 -10 жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй. Хүүхдээ чөлөөт бөхөөр хичээллүүлэх сонирхолтой эцэг, эхчүүд эрс нэмэгдсэн.

-Хөдөө орон нутагт тамирчин бэлтгэж, тэндээсээ ирээд тэмцээнд оролцдог чөлөөт бөхийн дасгалжуулагч Монголд хэр олон байдаг вэ?

-Мэдээж аймаг бүр БТСГ-таа чөлөөт бөхийн дасгалжуулагчтай. Орон нутагт ажиллан өсвөр үеийн тамирчин бэлтгэдэг дасгалжуулагч олон. Залуучуудын ангилалд гэхээрээ бүр цөөрдөг. Насанд хүрэгчдийн ангилаллын тамирчин бэлтгэдэг хуруу дарам дасгалжуулагч орон нутагт бий. Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д л гэхэд Эрдэнэт, Орхон, Архангай, Баянхонгор аймгаас л тамирчид оролцлоо.

ЗАЛУУЧУУДЫН УАШТ-ийг Ц.НАЦАГДОРЖ ГАВЬЯАТЫН НЭРЭМЖИТ БОЛГОН НУТАГТАА ЗОХИОНО

-Энэ онд “Байдрагийн хүчтэн” дэвжээний 10 жилийн ой тохиож байна. Өнөөг хүртэлх хугацаанд хийсэн ажил, гаргасан амжилтдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Ер нь чамлахгүй ч 100 хувь сэтгэл хангалуун байна гэж хэлж чадахгүй нь. Ер нь зорилгынхоо 60 хувьд нь л хүрсэн болов уу. Манай дэвжээний, миний гол зорилго олимп, дэлхийн аварга, медальтан төрүүлэх. Олимп, дэлхийн медальт шавьтай болсны дараа л 100 хувь болох байх.

Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн холбоо, “Байдрагийн хүчтэн” дэвжээний 10 жилийн ойн хүрээнд залуучуудын УАШТ-ийг Баянхонгор аймагт, Ц.Нацагдорж гавьяатын нэрэмжит болгон тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Та бүхэн нутаг руугаа хэзээ буцах вэ?

-Одоо ингээд УАШТ дуусаж байна. Унд уучихаад шууд нутаг руугаа буцна. Баянхонгор Улаанбаатараас 600 км зайтай. Машинаар чилийтэл 11 цаг яваад очдог.

-Найзынхаа машинаар жирийлгэх үү?

-Тэгнэ ээ. Сая УАШТ-д найз маань биднийг хүргэж ирсэн. Одоо буцаагаад аваад явна. Жагаагийн саарал тэрэг бидний бас нэг гэр болсоон (инээв). Шавь нараа амжилт гарган инээж байхыг, медалиа аав, ээждээ хурдан харуулах сан гээд яарч явахыг харах хамгийн сайхан. УАШТ-ээс медаль хүртсэн гурван шавь маань нутагтаа хурдан очих сон гээд их яарч байна. Шавь нар маань УАШТ гээд шинэ жилээр тухтай баярлаж чадаагүй. Одоо очоод нөхөж баярлах байх. Би ч бас тэгнэ ээ (инээв).

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-08 12:18

Үнэхээр сэтгэл зүтгэлтэй сайн багш байна.Баяр хүргэж амжилт хүсье.

Зочин
Зочин
2020-01-08 15:23

Нутгийн маань нэрийг гаргаж байгаа дүүдээ маш их баярл�##�аа сайн хүн олж ирж нутаг усаа гялайлгаж байгаа хүүхэндээ ч баярл�##�аа хи хи

Зочин
Зочин
2020-01-08 15:45

Мундаг бнаа. Удахгүй Олимпийн аваргатай болоорой.

Зочин
Зочин
2020-01-08 17:17

Mudag huu b.na.Yu hiine terniihee shimiig hurtene.Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button