Монгол Улс ЕАЭЗХ-той түр хэлэлцээгээ дуусгаж, асуудал үүсвэл тус холбооны шүүхээр шийдүүлнэ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайдын яамны хүсэлтээр Евразийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) Шүүхийн дарга А.А.Дронов 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Монголын төлөөлөгчидтэй ажлын уулзалт хийсэн байна.
Тус төлөөлөгчдийг Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбооны гишүүн, “Соёмбо Легал Партнерс” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Б.Баатарсайхан нар ахлан оролцжээ.
Уулзалтын үеэр монголын тал ЕАЭЗХ-ны Шүүхийн үйл ажиллагаа болон Холбооны эрх зүйн хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцсан бөгөөд энэ нь Монгол Улс ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ЕАЭЗХ ба Монголын хооронд түр хугацааны худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ хэдийнэ дууссантай холбоотой юм.
Шүүхийн дарга А.А.Дронов Холбооны Шүүхийн бүрэн эрх, шийдвэрлэдэг хэрэг маргааны төрлүүдийн талаарх холбогдолтой асуудлуудыг тайлбарлаж, ялангуяа тус Шүүхийн харьяалал нь ЕАЭЗХ-ны Комиссын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой, гишүүн бус оронд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт шууд хамааралтай бизнес болон эдийн засгийн бусад үйл ажиллагааны маргаан уг шүүхэд хамаарахыг онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн Монгол Улс ЕАЭЗХ болон түүний хуулийн этгээдүүдтэй эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр Холбооны эрх зүйн асуудлыг нарийн мэддэг мэргэжилтнүүдийн хэрэгцээ нэмэгдэх нь зүй ёсных хэмээн хэлсэн байна.
Монголын талаас хуулийн салбарынхны зүгээс ЕАЭЗХ-ны эрх зүй болон Шүүхийн үйл ажиллагааны талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар яриа хэлэлцээг хийв.
Шүүхийн дарга мөн монголын төлөөлөгчдийг ЕАЭЗХ-ны Шүүхээс жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хуралд оролцохыг урьсан байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CourtEurAsian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.