УЛС ТӨР

Ерөнхий сайдыг явуулах эсэхийг парламент өнөөдөр шийднэ

Энэ долоо хоногт улстөрийн хүрээнд болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хувь заяаг парламентын гарт даатгаснаар өнгөрсөн долоо хонгийн улс төрийн үйл явдал өндөрлөсөн. Тиймд энэ долоо хонгийн улс төр Хамтарсан Засгийн газарт “итгэл үзүүлэх” эсэх асуудлаар эхэлнэ.

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төслийг өнөөдөр /2025.06.02/ Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, дүгнэлт гаргана.

Уг байнгын хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Б.Амарбаясгалан, Ерөнхий сайд, шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нар багтаж буй. Мөн Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, Б.Батбаатар нар, ХҮН намын дарга Т.Доржханд болон АН-ын бүлгийн дарга, намын дарга нар ордог. Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан Ж.Баярмаа нарын гишүүд ч бий.

Тиймээс ТББХ-ны дүгнэлт хэрхэх нь анхаарал татаж буй.

Хэдийгээр байнгын хороонд МАН-ын 12 гишүүн байгаа ч Хамтарсан Засгаас гаргах өргөдлөө бэлтгэж буй АН-ын найман гишүүн эсрэг байр суурь илэрхийлэх нь магадлалтай. Харин ХҮН нам Ерөнхий сайдын саналыг дэмжих бол Үндэсний эсвэл өнөөг хүртэл байр сууриа илэрхийлээгүй тул хэрхэх эсэх нь тодорхойгүй байна.

Ямартай ч УИХ-ын нэгдсэн чуулганаар байнгын хорооноос гарсан саналын томьёоллоор санал хураалт явуулна. Иймд чуулганы хуралдааныг мөн өнөөдөр товлоод байгаа юм.

Өргөн барьж буй тогтоолын төслийн хүрээнд нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр оролцож гишүүдийн асуултад хариулт өгнө. Хэрэв парламент итгэл үзүүлбэл Ерөнхий сайдын асуудлыг дахин зургаан сар хөндөхгүй. Итгэл үзүүлэхгүй гэвэл Засгийн газар унана. Унавал 30 хоногт дараагийн Засгийн газар бүрдэнэ. Үндсэн хуулийнхаа дагуу ийм л үйл явц өрнөнө.

Мөн нэгдсэн чуулганы өмнө намын бүлгүүд хуралдаж чуулганд нэг байр суурьтай оролцохоо мэдэгдээд буй. АН-ын хувьд гишүүд хувийн тоглолт хийлгүй бүгд бүлгийн шийдвэрээр ам нийлүүлэх тохироог дотооддоо хийсэн аж. Харин ХҮН намын хувьд Т.Доржханд Хамтарсан Засгийн газрын талд гэх ч уг үзэл санаанд нэгдэхгүй байгаагаа зарим гишүүд нь илэрхийлсэн. Гэхдээ кноп дарах хэдэн гишүүд нь хамтарсан засаг талдаа байгаа тул тэд дэмжих нь тодорхой. Харин бусад цөөнх намуудын хувьд мөн л бүгд хуралдаж шийдвэрлэнэ.

Ингээд ажвал хамгийн их маргаантай байгаа эрх баригч намын гишүүдийн кноп эргэлзээтэй. Тэдний дийлэнх нь улс орны эрх ашиг нэгдүгээрт гэсэн байр суурийг Бага хуралд орохдоо илэрхийлсэн ч Хамтарсан Засгийн газраа унагачхаад гарч ирсэн. Тэгэхээр энэ удаа мөн хэрхэх нь тодорхойгүй. Ер нь уг намын зарим гишүүдийн сандал суудлын санаархал үүсээд буй улс төрийн асуудлыг бүр дэвэргээд буй.

Харин төрийн ордны гадаа төв талбайд залуусын “Огцрох амархан” жагсаал 19 дахь өдрөө үргэлжилнэ.

Жагсаалын төлөөлөл УИХ-ын даргатай уулзаад УИХ-ын шийдвэрийг хүлээхээр болсон. Хэрэв парламент Ерөнхий сайдад итгэл үзүүлбэл жагсаал цаашид үргэлжилнэ. УИХ-аар “итгэл үзүүлэх” тогтоолын төсөл унавал тэд тарна.

Мөн хамт засаглахаар урилга дэвсэж Засгийн газарт оруулаад хэлэлгүй Бага хурлаа хуралдуулж засгаас хөөсөн МАН-ын шийдвэрт Ардчилсан нам хариу өгч, Хамтарсан Засгийн газарт буй найман сайд гарах өргөдлөө өгнө. Өргөдлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл бэлтгэж байгаа бөгөөд энэ долоо хоногт өргөн барих чигтэй байна.


-Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын айлчлал-

Он гарсаар Монгол Улсад айлчилж буй Ерөнхийлөгчийн түвшний хоёр дахь айлчлал өчигдөр эхэллээ.

Өмнөх долоо хоногт манай улсад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белле төрийн айлчлал хийсэн. Харин энэ долоо хоногт мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манайд төрийн айлчлал хийнэ. Тэрбээр өчигдөр Монголд хүрэлцэн ирсэн бөгөөд уламжлал ёсоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг түүнийг тосож авсан юм. Харин өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовыг төв талбайд албан ёсоор угтаж авна.

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Түүнчлэн  айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны бизнес форум, туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулна.


-Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах эсэхээ Ерөнхийлөгч энэ долоо хоногт шийдэхгүй-

Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон энэ сарын 9-ний /2025.05.09/ шөнө Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан. Энэ хэрэг намжилгүй өдий хүрч, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэгдэж байгаа.

Хэргийг өдгөө Бангкок хотын Тонглорын цагдаагийн газар шалгаж буй.

Мөн талийгаач эхнэрийнхээ цогцсыг цагдаа нар ирэхээс өмнө дөрвөн давхраас нэг давхар луу зөөсөн, утсыг нь нуусан, ар гэрийнхийг ирэхээс өмнө чандарласан байсан зэрэг мэдээллүүд анхаарал татаж байгаа билээ.

Тэгвэл хэрэг ийнхүү газар авсантай холбоотойгоор Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийг албан тушаалаас нь эгүүлэн татах шийдвэрийг Гадаад харилцааны яамнаас гаргаж,  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлээд буй.

Харин Элчин сайдыг эргүүлэн татах хууль тогтоомжид Ерөнхийлөгч Элчин сайдыг эргүүлэн татах асуудлыг ганцаараа шийдвэрлэхгүй. Хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг УИХ-д оруулж зөвшилцсөнөөр эцсийн шийдвэр гаргана гэж заасан байгаа юм.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заажээ.

Тэгэхээр Ерөнхийлөгч заавал чуулганаар уг асуудлыг оруулж ирнэ. Гэвч тэрбээр “Алдарт эхийн одон” тараах ажил мөн нэг албан айлчлал дуусгаад дахин нэг төрийн айлчлал хүрээн авч буй. Тиймд Ерөнхийлөгчид лавтай энэ долоо хоногт Элчин сайд А.Төмөрийн асуудлыг хэлэлцэх цаг завгүй гаргахгүй бололтой.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 2, 2025 13:36

Ерөнхий Сайдыг огцруулах солих шаардлага байхгүй Огцор гэсэн ганц үгээр огцрох ёсгүй !!! Цаашид чин зоригтой дайчин ажиллах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button