Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ, Саудын Араб зөрчилдсөний дараа OPEC+ олборлолтоо нэмжээ

Бямба гарагт /2025.05.31/ болсон “OPEC+”-ийн хуралдааны үеэр ОХУ, Саудын Араб хоёр холбооны бодлогын асуудал дээр буулт хийж, хүндхэн тохиролцоонд хүрсэн гэж эх сурвалж хэлжээ.

Саудын Араб газрын тосны үйлдвэрлэлийг нэмэхийг хүссэн бол ОХУ түр зогсолт хийхийг шаардаж, хоёр тал тохиролцохоос өөр аргагүй болсон гэж “OPEC+”-ийн дөрвөн эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлэл өгсөн байна.

Саудын Араб, ОХУ хоёр нь тус бүлэг дэх хамгийн нөлөө бүхий орнууд юм. Хоёр орны хоорондын зөрчил сүүлийн жилүүдэд намжсан байсан ч одоо дахин хурцадмал байдал бий болж байна. Хамгийн сүүлд тэд 2020 онд санал зөрж, бүх гишүүн дур мэдэн олборлолтоо нэмснээр газрын тосны үнэ огцом унасан байдаг.

Бямба гарагт “OPEC+” бүлгийн гол найман гишүүн хуралдаж, ирэх долоодугаар сараас эхлэн өдөрт олборлох газрын тосны хэмжээг 411 мянган баррелиар нэмэхээр тохиролцжээ. Тус бүлэг тав болон зургаадугаар сард мөн хэмжээтэйгээр олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байгаа. Сүүлийн таван жилд зах зээлээ дэмжихийн тулд “OPEC+” хэрэгжүүлж байсан сайн дурын үйлдвэрлэлийн хязгаарлалтыг одоо зөөлрүүлж байгаа нь энэ юм.

Гэхдээ энэ удаагийн шийдвэр өмнөх саруудынхтай харьцуулахад илүү төвөгтэй байсан гэж тухайн хэлэлцээрийн талаар мэдээлэлтэй дөрвөн хүн хэлжээ.

Бямба гарагийн уулзалтын өмнө Саудын Араб олборлолтыг 411 мянган баррелиас илүү их хэмжээтэй нэмэхийг уриалж байсан юм. Казахстан, Ирак зэрэг зарим гишүүн орнууд энэ жил OPEC+ холбооны тогтоож өгсөн хэмжээнээс хэтэрч, хэт их газрын тос үйлдвэрлэж байсан тул Рияад олборлолтыг илүү их нэмэхийг хүсэж байсан аж.

Уулзалтын үеэр ОХУ болон Оман, Алжир зэрэг орнууд үйлдвэрлэл нэмэхээ түр хойшлуулах санал дэвшүүлжээ. Газрын тосны эрэлт тийм ч хүчтэй биш тул нэмэлт нийлүүлэлтийг зах зээл шингээж чадахгүй байж магадгүй гэж тэд үзсэн юм. Эцэст нь хоёр тал буулт хийж, дундын шийдэлд хүрч өдөрт 411 мянган баррелиар нэмэх тохиролцоо хүрчээ.

OPEC+ бүлэг газрын тос олборлолтыг нэмж буй шалтгаан нь зах зээлийн суурь нөхцөл байдал сайн байгаа, газрын тосны нөөц бага байгаатай холбоотой гэсэн юм.

Энэ гарснаас хойш OPEC+ олборлолтоо өдөрт 1.37 сая баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байна. Тус бүлэг олборлолтоо нэмж байгаа ч өдөрт үйлдвэрлэх хэмжээг 4.5 сая баррелиар хязгаарласан зохицуулалт одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Зарим хязгаарлалтыг 2022 оны үйлдвэрлэлийн түвшнийг үндэслэн тогтоосон. Хэд хэдэн улс хөрөнгө оруулалтын дутагдлаас болж газрын тос олборлох хүчин чадлаа алдсан тул олборлолтоо хурдан нэмэгдүүлэх боломжгүй байж магадгүй байна.

Саудын Араб OPEC+ дотор хамгийн их нөөц хүчин чадалтай орон. Богино хугацаанд үйлдвэрлэлээ нэмэх бүрэн боломжтой. Ийм учир тэдэнд зах зээлийн илүү их хувийг эзлэх давуу тал байгаа юм.

Харин ОХУ-ын хувьд хөрөнгө оруулалт буурснаас шалтгаалж нөөц хүчин чадал хумигдсан. Үүнээс гадна Украины дайнтай холбоотойгоор барууны хориг арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа тул газрын тосыг нэмж гадаад зах зээлд борлуулахад хүндрэлтэй байна. OPEC+ дэлхийн газрын тосны тэн хагасыг нийлүүлдэг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button