НИЙГЭМНийгэм мэдээ

Сурвалжилга: Орхигдсон Д.Нацагдоржийн музейг бусдад түрээслүүлж, “аварна” гэж МЗЭ үзжээ

Монголын орчин үеийн уран зохиолын үндсийг тавигч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан музейг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 199-р тогтоолоор байгуулсан юм. 1982 онд музейг шинэчлэн тохижуулж, үзмэрээ ховор гэрэл зураг, баримт сэлтээр баяжуулж байжээ. Чойжин ламын сүм музейн баруун талд байрлах энэхүү гэр музейн барилга 119 жилийн нүүрийг үзжээ.

Анх ЗСБНХУ-ын Элчин сайдын өндөр яамыг барихад тэнд Д.Нацагдоржийн амьдарч байсан модон байшин бүхий гэр нь байсан ба Зохиолчдын хорооны аж ахуйн хашаанд аваачиж барьсан нь одоог хүртэл байгаа юм. Уг байшинд СССР улс хүндэтгэлтэй хандаж, байшинг зөөж өөр газар тавья, оронд нь хоёр давхар гэр музей барьж өгье гэсэн боловч манай улсын зүгээс зөвшөөрөлгүй хэвээр үлдээжээ. Энэхүү музей Монголын зохиолчдын эвлэлийн хороонд анхнаасаа харьяалагдаж байсан гэх ба өнөөдөр ч гэсэн энэ харьяалал хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.


Гэвч музей 2017 онд тодорхойгүй нөхцөл байдлаар хаалгаа барьж түүхэн, нандин үзмэрүүд МЗЭ-ийн гүйцэтгэх захиралын арын өрөөнд хураалттай байгаа юм. Харин 119 жилийн настай гэр музейн барилгыг оффисын зориулалтаар түрээслүүлж, олсон түрээсийн ашигаар нь барилгыг засварлана хэмээж байна.

МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал О.Энхжавхлан: "Түрээслэх хугацааны төлбөрөөр засаж янзална. Их зохиолч Д.Нацагдоржийн танхимыг заавал байлгана” гэсэн нөхцөлтэй гэрээг хийсэн

Үүсээд буй нөхцөл байдлыг сурвалжлахаар юун түрүүнд МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал О.Энхжавхлантай уулзлаа. Тэрбээр 2019 оноос хойш тус албан тушаалыг хашиж байна. О.Энхжавхлангийн хувьд Д.Нацагдоржийн гэр музейн барилгыг засварлуулж, үзмэрүүдийг дэлгэхийн тулд түрээслэх байдлаар санхүүжилт босгох боломжтой гэж харжээ. Түүнтэй ярилцлаа.


-Анх хэзээнээс музейн барилгыг сэргээх ажил явагдсан бэ. Уг ажлын хүрээнд ямар, ямар зүйл эхлүүлж байв?

-2026 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой болно. 2022 оноос эхлэн энэхүү ойд зориулсан ажлуудыг хийж эхэлсэн. Удаан хугацааны шүүхийн маргааны улмаас тэр музейн барилга ашиглагдахгүй их удсан. Тухайн байгууллага нь тог, цахилгаангүй, шинэ барилга барина гэх үүднээс шугам сүлжээг салгасан байсан. Соёл урлагийг дэмжих санд музейн үзмэрийн бүртгэлийг хийх, эд үзмэрийн зүйлсийг соёлын өвд бүртгүүлэх гэх агуулгаар санаачилга гарган, шалгуурт заагдсан 50 сая төгрөгийн төсөл бичиж өгсөн. Харин бидэнд ямар ч хариу өгөөгүй. Удалгүй музейн үзмэрийн шалгалт хийсэн. Тухайн үед музей МЗЭ-ийн гурван давхарт түр музей байдлаар байсан үе юм л даа. Түр музейг, музейн шаардлага хангахгүй хэмээн үзэж шаардах хуудас хүргүүлсэн. Ийнхүү музейг дахин сэргээх талаас нь хамтарч ажиллаж хүсэлтийг олон газар тавьсан боловч хуучин музейн барилга засвар их шаардах тул хамтрах байгууллага, хувь хүн гээд ямар ч газар холбогдоогүй. Харин энэ оны хоёрдугаар сард иргэн Г гэх хүн бидэнтэй холбогдож, "Хотын төвд байрлалтай оффисын барилга хэрэгтэй байгаа" гээд хамтарч ажиллах санал тавьсан. Саналыг сонсоод Монголын зохиолчдын эвлэлээс хүсэлт тавьж, тухайн хүсэлтүүдийг зөвшөөрсний үүдэнд хамтарч ажиллахаар болсон.

-Ямар хүсэлтүүдийг тавьсан бэ?

-"Түрээслэх хугацааны төлбөрөө урьдчилан өгөөд засаж янзлаад, Их зохиолч Д.Нацагдоржийн танхим заавал байх ёстой. Мөн барилга Д.Нацагдоржийн урлан гэсэн нэртэйгээр байна" гэх хүсэлт байсан. Энэхүү хоёр нөхцөлийг тавихад зөвшөөрсний үүднээс барилгын засварын ажил эхэлсэн. Гэвч эвлэлийн зарим эвлэлийн гишүүд үүнийг буруутгаж, нийгэмд буруу ойлголт өгөхөөр оролдож байна.

-Түрээслэгч иргэнтэй хэрхэн зөвлөлдсөн талаар мэдээлэл өгөөч. Энгийн нэг барилга биш монголчуудын хувьд үнэт зүйл шүү дээ.

-Аль аль талаасаа ярилцаж зөвшилцөлд хүрсэн. Ингэж хий дэмий байлгахын оронд хамтраад хэрэгцээтэй зүйл болгох талаас нь. Мэдээж яг ямар нөхцөлөөр, ямар үйлчилгээ явуулахыг нь асууж тодруулж байж шийдвэрт хүрсэн. Ашиглалтын байдлыг дордуулахгүй байх гэх талаас нь маш их хэлсэн.

-Ямар буруу ойлголт, хэн өгөөд байна. Үл ойлголцол гэсэн үг үү?

-Нэг талаасаа үл ойлголцол байна. Өнгөрсөн долоо хоногт Монголын зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Баттөр гэх хүн, “Д.Нацагдоржийн музейн барилгыг 20 жилийн дараа буцаан авах нөхцөлтэйгөөр хувийн компанид ашиглуулж байна” гэсэн мэдээллийг цахим орчинд байршуулсан. Энэ барилга орхигдоод удаж байгааг манай бүх гишүүд мэдэж байгаа. Харин энэ барилгыг засварлаад, дахин ашиглалтад оруулахад яг юу нь буруу байгаа юм бэ гэдгийг түүнээс асуумаар байна.

-20 жилийн хугацаатай гэдэг үнэн үү?

-Мэдээж үгүй. 8 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэхдээ үйл ажиллагаа хэвийн явагдаж байвал гэрээг сунгах боломжтой.

-Уг асуудлаар та тэр хүнтэй холбогдож ярилцсан уу. Яагаад ингэж эсэргүүцэж байгаа талаар таамаглал юм уу мэдээлэл байна уу?

-Уулзаж ярилцаагүй байгаа. Гэхдээ дүрмийн хороонд ёс зүйн зөрчил гарсан хэмээн мэдэгдэнэ. Энэ ёс зүйн асуудал нь өнгөрсөн жилээс эхэлсэн юм. Удирдлагын албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх саналыг тавьж онц чуулган зарлах санаачлага гаргаж байсан. Өнгөрсөн жил бага чуулганаар бас энэ асуудлыг тавьж, гишүүдээс гарын үсэг цуглуулсан. Гэхдээ дэмжлэг аваагүй. Ерөнхийдөө үүнийг өөрийнх нь ашиг сонирхолтой холбоотой гэж үзэж байна.

-Дааж авсан үүрэг, хариуцлага ажлын гүйцэтгэлийн тал дээр хэрхэн ажиллаж байна?

-Бид ажилдаа аль болох дүрмийн дагуу, илүү хөгжих сэтгэлээр ханддаг. Монголын зохиолчдын эвлэл дээр өөрсдийн логог авсан. Жил бүр зохион байгуулагддаг яруу найргийн тэмцээнүүд эзэмших эрхээ ийнхүү албан ёсоор авсан. Хандив тусламж гуйж, хөөцөлдөж байж засвар хийдэг. Манай гишүүд татвараа ч хангалттай төлдөггүй. Санхүүгийн хувьд байнга асуудал үүсдэг учраас, өөрийн эзэмшлийн объектоо ашиглалтад оруулж, орлогын нэг үүсвэрийг бий болгоё гэж бодсон юм. Энэ бүх ажлууд бол эвлэлээ улам сайн болгож хөгжүүлэх л зорилготой байдаг. Эвлэлийн хөрөнгийг хувьдаа үрэх зорилго огтхон ч байхгүй. Надад тийм ёс зүй ч үгүй.

-Одоо үзмэрүүд ер нь хаачсан юм?

-Миний арын өрөөнд хураалттай байгаа.

-Үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдаж, чанаржилт нь муудах биш үү?

-Муудах ч юу байхав. Зүгээр.

-Танай байгууллагыг төсөвгүй, төрөөс анхаарч авч үздэггүй гэдгийг ойлгож байна. Үнэндээ өдийг хүртэл их зохиолч Д.Нацагдоржийн үнэт дурсгалуудыг хамгаалж, үгүй хийхгүй байх хүсэл эрмэлзэл байдаг л байх?

-Мэдээж тийм. Цаашдаа их зохиолчын нэрэмжит Монголын уран зохиолын музейг барина гэж зорьж байгаа.

-Ямар үзмэрүүд байдаг вэ?

-Их зохиолчийн хэрэглэж байсан зүйлс түлхүү бий. Түүний хөөрөг, цамц цүнх, гаанс, хит хутга, бийрийн сав гэх зэрэг хосгүй үнэт үзмэрүүдтэй. Эдгээрийг соёлын өвд бүртгүүлчих юм бол өөрийн улсдаа хамгаалаад авч үлдэх нөхцөл бүрдэнэ.

-Соёлын яамнаас дэмжлэг бий юу?

-Түрүүн дурдсанчлан Соёлын яам руу хандаж төсөл бичсэн боловч хариу өгөөгүй. “Болор цом наадам”-д л бага хэмжээний санхүүжилт өгдөг. Харин өнгөрсөн жил “Утга зохиолын долоо хоног” гэж зохион байгуулсан. Энэ жил “Утга зохиолын долоо хоног” төслийн хүрээнд мөн бага зэргийн санхүүжилт өгсөн. Үүгээр нь жүжгийн зохиолын уралдаан заралсан.

Хэл шинжлэлийн доктор, МЗЭ-ийн УЗ-ийн гишүүн Ш.Баттөр: Үзмэрүүдийг зориулалтаар нь хадгалж авч явж чадахгүй бол түүхийн музейд өгөх хэрэгтэй

Нөгөө талаас гэр музейн барилгыг бусдад түрээслүүлэх шийдвэр гаргахдаа МЗЭ-ийн Удирдах зөвлөлд мэдэгдээгүй, үүнээс өөр арга хэлбэрийг эрэлхийлэх нь зүйтэй гэж шүүмжлэх хэсэг байгаа юм. Тэдний төлөөлөл болгож, Хэл шинжлэлийн доктор, МЗЭ-ийн УЗ-ийн гишүүн Ш.Баттөртэй товч ярилцлаа.

-Д.Нацагдоржийн музейг оффис болгох гэж байгаад таны байр суурь?

-Энэхүү музейг оффис болгох гэж байгаад гайхаж байна. Өөрсдөө ажиллуулж чадахгүй бол залуу үедээ өгөх хэрэгтэй.

-Удирдах зөвлөлийн гишүүний үүднээс энэ асуудлын талаар өмнө нь хэлэлцэж байв уу?

-Удирдах зөвлөлтэй хэлэлцээгүй. Энэ нь асуудал болоод байгаа юм. Хэрвээ ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол заавал удирдах зөвлөлтэй хэлэлцэх ёстой байдаг. Бидэнд өгсөн энэ эрхийг хугацаа дуусаагүй байгаа.

-Зөвлөлтэй хамтарч шийдээгүй гэдэгт асуудал байна уу даа?

-Мэдээж эрх, үүргйин хүрээнд авч үзвэл тийм. Мөн энэ өрөөнд хадгалаад байгаа үзмэрүүд устаж байна. Хадгалалтын асуудал үүсээд байна. Зориулалтаар нь хадгалж авч явдаг түүхийн музейд өгөх хэрэгтэй.

-Барилгын түрээсийн хугацааны талаар зөрүүтэй байгаад байна. Та 20 жил гэдгийг хаанаас мэдсэн бэ?

-Барилга явуулж буй хүмүүсээс асуухад, “Бид хариуцсан хүмүүс нь биш ээ. Та удирдах албаны хүнтэй холбогдоод үз” гээд нэг дугаар өгсөн. Би баталгаажуулж, баримтжуулна гэдгийг мэдэхгүй зүгээр л шууд яриад асуусан. Тэр үед надад 20 жилийн дараа буцаан авах нөхцөлтэй барилга засвар эхэлсэн гэж хэлсэн.

-Удирдах зөвлөлийн бусад гишүүд мэдэж байсан уу?

-Удирдах зөвлөл 25 гишүүнтэй. Үүнээс 10-аад хүнтэй нь ярьж асуухад мэдээгүй байсан.

-Ер нь гүйтгэх захирал болон, удирдах албан тушаалтнуудтай өмнө нь асуудал үүсэж байсан уу?

-Тайлан тавь гэсэн үүргийг орлогч дарга П.Нямлхагвад өгч байсан. Гэхдээ бидэнд ямар ч ажлаар тайлан тавьж байгаагүй. Тэр утгаараа удирдах алба ажлаа бүрэн гүйцэд хийж чадахгүй байна гэж үзэн асуудал хөндөж байсан.

Соёлын яам: Бидэнд мэдээлэл алга

Ш.Баттөрийн хувьд музейг төрийн дэмжлэгээр сэргээн засварлах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа дээрх ярилцлагаар илэрхийллээ. МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал О.Энхжавхлангийн хувьд ч уг асуудлаар удаа дараа Соёлын яам зэрэг төрийн байгуулагуудтай холбогдож, санал хүсэлтээ тавьж байсан гэдгээ хэлсэн.

Иймд бид Соёлын яамны Утга зохиол хариуцсан мэргэжилтнээс тодрууллаа. Тэр дундаа Монголын зохиолчдын эвлэлтэй хамтарч байсан түүх болон, тэдний зүгээс өгсөн “Соёл урлагийг дэмжих санд музейн үзмэрийн бүртгэлийг хийх, эд үзмэрийн зүйлсийг соёлын өвд бүртгүүлэх агуулгаар бичиж илгээсэн” гэх мэдээллийн талаар асуулаа.

Ингэхэд “Бидэнд энэ талаар мэдээлэл байхгүй байна” гэлээ.

Түүнчлэн МЗЭ нь ТББ учир ямар нэгэн асуудал, ажил нь бидэнд хамаарахгүй хэмээн хариулсан юм.

МЗЭ анх байгуулагдахад тухайн үед харьяалагдаж байсан зохиолчид өөрсдийг зүгээс хуримтлал үүсгэн эвлэлийн байраа барьж байсан түүхтэй. Иймдээ ч бие даасан байгууллагын хувьд өөрсдийн үйл ажиллагааг зогсоолгүй өнөөдрийг хүртэл тордож яваа юм. МЗЭ-ийн хувьд 1929 онд байгуулагдсан цагаас эхлэн хүмүүсээр удирдуулж байжээ.

  •  1929 – Мөрдэндэвийн Ядамсүрэн (М.Ядамсүрэн, анхны удирдагч) 
  • 1934–1935 – Сономбалжирын Буяннэмэх (С.Буяннэмэх) 
  • 1936–1937 – Т.Сэнгэдорж 
  • 1938–1942 – Т.Дэнчингунгаа 
  • 1943, 1954 – Ц.Дамдинсүрэн 
  • 1947–1948 – Ш.Лувсанвандан 
  • 1948–1952 – Ш.Нацагдорж 
  • 1953 – Л.Тойв 
  • 1955 – Б.Жаргалсайхан 
  • 1956–1959 – Д.Сэнгээ 
  • 1961–1974 – С.Удвал 
  • 1974–1975 – Л.Түдэв 
  • 1977–1990 – Д.Цэдэв 
  • 1990–1992 – Д.Маам 
  • 1992–1993 – Б.Лхагвасүрэн 
  • 1993–1997 – Д.Нямаа 
  • 1997–2001 – П.Баярсайхан /Д.Төрбат
  • 2001–2008 – Ц.Энхбат 
  • 2009–2012 – Х.Чилаажав 
  • 2012–2015 – Ц.Буянзаяа 
  • 2017 – А.Эрдэнэ‑Очир 
  • 2018– Д.Цэнджав

Сүүлийн 17 дугаар Их хурал /2025.01.31/ Б.Ичинхорлоо МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар баталгаажсан байна. Одоогийн байдлаар МЗЭ-ийн гүйцэтгэх захирал нь О.Энхжавхлан юм.

Музей хаагдахаас өмнө, эхний танхимдаа л гэхэд Нацагдоржийн эцэг хохь тайж Дашдорж, эх Пагма болон зохиолчийн хүүхэд ахуйн хөрөг, зохиолчийн төрсөн нутгийн хот Бага Нуур, чулуун нүүрсний ил уурхайн гэрэл зурагнаас гадна “А” үсгийн ацаг татаж, алтан номын үсэг холбож эхэлсэн цагаасаа түүний хэрэглэж байсан бийр янтал, уншиж үзэж байсан ном хүртэл дэлгэгдэж байжээ.

Дараагийн танхимд ардын хувьсгалын үйл хэрэгт хэрхэн оролцож байсан, ЗХУ болон Герман улсад суралцсан, уран бүтээл болон ажлаа хийж байсан үеийг харуулсан гэрэл зураг, чухаг баримт бичиг, түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлүүд , “Ардын цэрэг” сонины анхны дугаар, улсын их хурал дээр залуучуудын өмнөөс баяр хүргэж хэлсэн үгийн гар бичмэл, буу, сэлэм, мөнгөн аяга зэрэг зүйл үзэгчдэд нээлттэй байсан юм.

Мөн түүнчлэн Д. Нацагдоржийн 1925 онд ЗХУ ын Лeнинград хотод суралцаж байсан Б.Ренчин, О.Намнандорж, гэргий Пагамдулам нарын зэрэг монгол оюутнуудын хамт авхуулсан зураг , 1926 оны намар бичсэн “Улаанбаатaраас Берлин” хүртэл хэмээх замын тэмдэглэл, найруулалын гар бичмэлийг гэрэлт самбар байсан. “Учиртай гурван толгой” алдарт дуурын гар бичмэл, “Хэлхээгүй сувд” романы төлөвлөгөөний хэсэг, “Цаган сар ба хар нулимс”, “ Хи, хи, хи” өгүүлллэг, “Миний нутаг” найраглал зэрэг олон зохиолын гар бичмэл тавигдсан. Учиртай гурван дуурийн анхны болон сүүлийн тавилтыг харуулсан гэрэл зураг, дуурийн үйл явдлаар Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн монгол зургын аргаар зурсан зураг, дээл малгай гэx үзмэр байсан. Орос хэлнээс А.С. Пушкины зарим зохиол, Америкийн нэрт зохиолч Эдгар По- гийн “Алтан цох” зохиолыг Герман хэлнээс орчуулагдсан нь 1935 онд хэвлэгдэж музейн шилэн хоргонд түүний хэрэглэж байсан ном, толь бичгийн хамт байсан байна.

Гуравдах тамхинд Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан үеийн сууж байсан сандал, бичгийн ширээ, гэр ахуйн зарим тавилга, хэрэглэл болон их зохиолчийн дурсгалтай холбоотой зүйлүүд, түүний төрсөний 50,60,70 жилийн ойн баярыг тэмдэглэсэн, дурсгалын хөшөөг босгох, утга зохиолын шүлэг бүтээлд олгох түүний нэрэмжилт шагнал бий болгох, мөн нэрэмжит газрууд бий болгох баримт бичиг, гэрэл зураг байжээ.

Дөрөвдөх тамхимд Монголын зохиолчдын байгуулгын хөгжлийн түүх, МЗЭ ийн их хурлуудын үйл ажилгаа, гадаад харилцаан болон зохиолчдын үйл амьдралтай холбоотой зүйлс, зарим дурсгалын зүйлс, Ч.Лодойдамба, В.Явуухулан, Ц.Гайтав нарын зэрэг нэрт зохиолчдын зохиол, үзэг, харандаа, тэмдэглэлийн дэвтэр бусад зүйлс тавигдсан байж.


Сэтгүүлчийн тэмдэглэл:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бичиг үсэгт тайлагдсан хүн
Бичиг үсэгт тайлагдсан хүн
6 сар 17, 2025 10:07

Танхимд гэж бичдэг юм.

Зочин
Зочин
6 сар 17, 2025 10:16

соёлын яам болон муухай сайдынх нь арчаагүйнх, тэр үнэт үзмэрүүд одоо ганц хүний ухамсарт найдах байдлаар нэг өрөөнд хура�##�ттай байна гэхээр арай ч бишээ

Зочин
Зочин
6 сар 17, 2025 10:58

119 жилийн түүхтэй гэр музей гэж юу байх вэ дээ. Богд хааны ордон музей л байх

Зочин
Зочин
6 сар 17, 2025 12:06

Барилга нь ч мэдэхгүй.... Үзмэрүүдийг нь харин музейд тавих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button