Бизнес мэдээ

ХААН Банк 2025 онд 1,000,000 мод тарина

ХААН Банк энэ онд Төв аймгийн Батсүмбэр суманд 400 га, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 100 га, нийт 500 га талбайд 1 сая мод тарихаар өнөөдөр хамтрагч байгууллагуудтай гэрээнд гарын үсэг зурлаа.

Үндэсний хэмжээний хамгийн том банк санхүүгийн байгууллагын хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2007 оноос эхлэн “ХААН Банкны ой” хөтөлбөрийг санаачлан Монгол орны өнцөг булан бүрд мод тарих ажлыг тууштай хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд өнгөрсөн 17 жилийн хугацаанд хагас сая орчим мод тариад байгаагаас хамгийн сүүлийн жишээ нь 2021 оноос Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд нөхөн сэргээлт нэн шаардлагатай 40 га газрыг ойжуулах ажлыг хийгээд буй. Тэгвэл “ХААН Банкны ой” хөтөлбөрөө улам бүр өргөжүүлж, 2025 онд 1 сая мод тарихаа ийнхүү зарлалаа.

Энэхүү ажилд мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлийн мэргэжлийн байгууллагууд, тухайлбал, “УБТ Гарден” ХХК, “Титэм ой” ХХК, “Халх голын хишиг” ХХК, “Ойн хүрэм” ХХК, “Ой баясах” ХХК “Агрофорест” ХХК, “Бугат нандин” ХХК-тай тус тус хамтран ажиллах бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд зөвхөн мод тариад зогсохгүй 3 жилийн хугацаанд тарьсан моддынхоо арчилгаа, тордолтыг хариуцах юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал, Тэрбум мод сангийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Мөнхтуяа “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавиад байгаа. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 оноос орон даяар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тэрбум мод тарьж, арчлан хамгаалж, ургуулах уг үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд бүгд өөрсдийн оруулах хувь нэмрийн талаар амлалт өгч, тууштай ажиллаж байна. ХААН Банк ч мөн үүнд түүчээлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид нийслэлийн ундны усны эх Сэлбэ голын эх, Их баяны аманд байрлах 40 га талбайг ойжуулсан. Ийнхүү ойжуулах төслөө улам бүр өргөжүүлэн энэ онд олон олон хамтрагч байгууллагын тусламжтай 1 сая мод тарих гэж байгаагаа дуулгахад таатай байна. Цаашдаа ХААН Банк 5 жилийн хугацаанд 5 сая мод тарихаар төлөвлөөд байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2025 16:43

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button