БНСУ-д E-9 визээр орж ирж буй гадаад ажилтны тоо 21 хувиар буурав

БНСУ-д E-9 төрлийн хөдөлмөрийн визээр орж ирж буй гадаад ажилчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар буурсан байна. Энэ нь эдийн засгийн уналтын шинж тэмдгүүдтэй холбоотой байж болзошгүй гэж тус улсын засгийн газар үзэж байгаа юм.
Өмнөд Солонгосын хөдөлмөрийн яам мэдээлснээр зургаадугаар сарын 10-ны байдлаар Ажиллах зөвшөөрлийн системээр (EPS) 28,520 гадаад иргэн орж иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 36,048 хүнтэй харьцуулахад 20.9 хувиар буурсан үзүүлэлт юм. “EPS”-ээр дамжуулж E-9 хөдөлмөрийн визийг мэргэжлийн бус салбаруудад ажиллах гадаад иргэдэд олгодог байна.
Жил бүр БНСУ E-9 визийн квот тогтоодог. Энэ онд нийт 130 мянган ажилчин хүлээн авахын зөвхөн 21.9 хувь нь орж иржээ. Мөн тодорхой салбарт олгодог 98 мянган ажилтны орон тооны 29.1 хувь нь л БНСУ-д хүрэлцэн ирсэн юм.
E-9 ажилчин хамгийн их хүлээн авдаг үйлдвэрлэлийн салбарт бууралт их ажиглагджээ. Үйлдвэрлэлийн салбарт энэ онд 21,443 ажилтан ирсэн нь өмнөх жилийн 28,887 хүнээс 25.8 хувиар буурсан үзүүлэлт байв.
Бусад салбарууд ч мөн уналттай. Загасчлал: 2,198 ажилтан (21.7 хувь буурсан), барилгын салбарт 513 ажилтан (33.1 хувь буурсан) орж иржээ. Харин хоёр салбарт өсөлт гарсан байна: хөдөө аж ахуй, мал аж ахуй 4,031 ажилтан (19.3 хувийн өсөлт), үйлчилгээний салбар 264 (27.5 хувийн өсөлт) ажилтан хүлээн авчээ. Гэсэн ч эдгээр өсөлт нь нийт бууралтыг нөхөж чадахгүй юм.
Ковидийн цар тахлын үеэр E-9 визтэй иргэдийн тоо огцом буурсан байдаг. Харин 2022 онд 88,012, 2023 онд 100,148 болж нэмэгдсэн. Гэвч 2024 онд дахин буурч 78,025 болсон байна.
Энэ жил ч мөн нийт ажилчдын тоо квотод хүрэхгүй байх төлөвтэй. Хөдөлмөрийн яамны албан тушаалтан “Эдийн засгийн хямрал гадаад ажиллах хүчний хэрэгцээнд нөлөөлсөн. Квот бол зөвхөн дээд хязгаар. Заавал тэр тоонд хүрнэ гэсэн үг биш” гэжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.