УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг хэлэлцлээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир:

Манай сайд нар өнөөдөр өглөө анх хөл дээрээ боссон юм шиг, өчигдөр юу байснаа мартацгаасан, хорвоо ертөнц гэнэт өөр болцон юм шиг л яриад байх юм. Та нар бүгдээрээ л өмнөх Засгийн газарт байсан шүү дээ. Хүнд зориулж бүтэц хийдгээ болимоор байна.

Би энийг дөрөв дахь удаагаа хэлье. Эрчим хүчний яам, Эрчим хүчний хороо, Эрчим хүчний зохицуулах газар гээд байхад Доржханд гэдэг хүнд зориулаад Эрчим хүчний реформын үндэсний хороо гэж нээгээд тэр хүн нь 14,5 тэрбум төгрөг хүссэн бичиг нь Жавхлан сайдад байгаа шүү дээ. Та нар 8,4 тэрбумыг суулгаж өгсөн одоо тэр мөнгийг чинь үрээд дууссан. Энэ мэт бүтэц өөрчлөхөөр татвар төлөгчдийн 8,4 тэрбум төгрөг та нарт хайран биш байна уу. Бүтэц өөрчлөөд ингээд зүгээр тоглоод байж болдог юм уу. Тэр бичиг дээр нь 10 тэрбум нь хэвлэл мэдээллийн зардал, 1,3 тэрбум төгрөг гадаад томилолт гээд бүр бичсэн байсан. Ийм дураараа байж болдог юм уу. Улсын төсөвт энэ мэт зүгээр гарын салаагаар урсаж байна. Одоо тэгээд энэ хороог нь татан буулгачихаар хэн хариуцлага хүлээх юм. Тэр мөнгийг нь хэн төлөх юм.

Түүнчлэн манай сайд нар гадаадад очиж санамж гэрээ зурсныгаа нээх ажил хийсэн юм шиг битгий сурталчлаад бай. Санамж гэрээ бол санамж гэрээ хамтран ажиллах гэрээ биш, хөрөнгө оруулалтын гэрээ биш. Одоо сүүлдээ хөл толгой нь олдохоо байлаа. Энэ давхардсан чиг үүргүүдээ яах вэ, зүгээр ингээд хэрэггүй байсан юм байна гээд өнгөрөөгөөд үлдэх юм уу. Тэрбум, тэрбум төгрөг чинь их мөнгө биш юм уу. Бид тийм баян улс болцон юм уу.

Анхнаасаа л би үүн дээр эсрэг саналтай байсан. Эрчим хүчний реформын үндэсний хороо гээд их гоё нэртэй, төрийн албан хаагчдаас өндөр цалинтай, Төрийн нарийн бичгийн даргаас 3 дахин өндөр цалинтай ийм хүмүүс байна. Энэ хүмүүс өнгөрсөн хугацаанд цахилгаан дулааны үнэ нэмж 650 тэрбум төгрөг цуглуулсан. Гэвч иргээд энэ мөнгөөрөө юу ч хийгээгүй, нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Найман тэрбум төгрөгийн зарцуулалтыг хэн хариуцах талаар тодорхой мэдээлэл авмаар байна

Хоёрдугаарт, Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлаар Наранбаяр сайдаас асууя. Өглөө 2 багштай уулзлаа, сурагчидтай ч уулзлаа. Нийгмийн хичээлийн шалгалтын тест дээр нь “манай улсад ямар солонгос жүжигчин ирсэн бэ” гэж асуудаг нь боловсролын яг ямар ойлголт вэ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button