Япон Улсын Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар маргааш Монголд ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар маргааш Монгол Улсад айлчлах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт 2022 оны арваннэгдүгээр сард Японд айлчлах үеэрээ Японы эзэн хааны хосыг урьсаны дагуу хаан, хатан хоёр энэ удаа манай улсад айлчилж байна.
Энэ нь Япон Улсын Эзэн Хаан анх удаа Монгол Улсад айлчлах гэж байгаа хэрэг юм.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Хатан хоёр долоодугаар сарын 6-нд Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг чиглэн Засгийн газрын онгоцоор хөдөлнө. Харин тэднийг албан ёсоор угтан авах үйл ажиллагаа ирэх мягмар гарагт төв талбайд болно.
-Айлчлалын үеэр юу болох вэ-
Одоогоор албан ёсны айлчлалын хуваарь гараагүй байгаа бөгөөд Японы төрийн хэвлэлд өнгөрсөн сард гарсан хуваарийг хүргэе.
- Айлчлалын үеэр буюу долдугаар сарын 8-нд эзэн хаан, хатан хаан Дэлхийн 2-р дайны дараа хорих лагерьт нас барсан Япон иргэдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөх юм. Эзэн хаан өмнө нь 2007 онд уг хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэрээ угсаа залгамжлах ханхүүгийн хувиар Монголд ирж байжээ.
- Мөн энэ өдөр эзэн хаан угтан авах ёслолд оролцсоныхоо дараа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон түүний гэргийтэй уулзах төлөвтэй байна. Дараа нь тэд Монголын удирдагчийн зохион байгуулсан цайллагад оролцоно.
- Харин долдугаар сарын 11-нд болох Монголын хамгийн том баяр наадмын нээлтийн ёслолд оролцох тухай аяллын хөтөлбөрт багтжээ.
Үүнтэй холбогдуулан манай улс энэ жил наадмын нээлт болон Төрийн хүндэтгэлийн тоглолтын утга агуулгад онцгой ач холбогдол өгч, зохион байгуулалт, аюулгүй байдалд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгоод байгаа юм.
-Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито гэж хэн бэ-
Энэ жил 65 настай Эзэн Хаан Нарүхито Японы Гакүшүин их сургуулийг түүхийн ухаан, Оксфордын их сургуулийг гидрологи (гол мөрөн, усны нөөцийг судлах, голын тээвэр) мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд англи, франц хэлийг өндөр түвшинд эзэмшжээ.
Тэрбээр Европ, Хойд Америкаар аялсныхаа дараа 1988 онд Гакүшүин их сургуулийг магистр зэрэгтэй дүүргэсэн. Төгсөлтийн судалгааны ажлаа “18-19 дүгээр зууны Темза мөрний тээвэр” сэдвээр бичиж, хожим “Темза мөрөнтэй хамтдаа” номоо гаргасан.
Үер, ус зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой эрдэм шинжилгээний бүтээл сонирхдог. Мексик Улсад 2006 онд болсон “Дэлхийн усны 4 дэх удаагийн форум”-д оролцож, “Усны нөөцийн менежмент ба тогтвортой хөгжил” сэдвээр лекц уншсан. 2007-2015 онд НҮБ-ын “Ус ба эрүүл ахуйн асуудлын зөвлөл”-ийн Хүндэт Ерөнхийлөгчөөр ажилласан.
Түүний эцэг Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр сэнтийгээсээ бууж, 05 дугаар сарын 01-ний өдөр Нарүхито хаан ширээнд заларсан. Мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн.
Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако-той 1993 онд гэрлэсэн. Тэдний охин Гүнж Аико нь 2001 онд төрсөн, Японы Улаан загалмай нийгэмлэгийн ажилтан. Эзэн хаан Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 оны 07 дугаар сард Монгол Улсад айлчилж байсан юм.
-Япон Улсын эрхэм дээд Хатан Масако гэж хэн бэ-
Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако 1963 оны 12 дугаар сарын 09-нд Токио хотод төрсөн. 62 настай.
АНУ-ын Белмоны ахлах сургуулийг 1981 онд, Харвардын их сургуулийн Эдийн засгийн тэнхмийг 1986 онд, Оксфордын их сургуулийг 1990 онд тус тус төгссөн. Япон Улсын Гадаад хэргийн яаманд 1986-1993 онд ажилласан. Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако нар сүй тавьсан тухайгаа 1993 оны 01 дүгээр сарын 19-нд олон нийтэд зарласан.
Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито-той 1993 оны 06 дугаар сарын 09-нд гэрлэсэн. Хуримын ёслолд нь Европын Хааны угсааныхан болон олон улсын төрийн тэргүүн нар оролцож байсан.
Эрхэм дээд Хатан Масако Японы Улаан загалмай нийгэмлэгийн Хүндэт ерөнхийлөгчөөр 2019 оноос хойш ажиллаж байна. Эрхэм дээд Хатан Масако-гийн эцэг Овада Хисаши нь Олон улсын шүүхийн шүүгч, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд, Япон Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн албыг тус тус хашиж байсан.
Тэрээр Эзэн Хааныг Угсаа залгамжлагч Хунтайж байх үеэс 30 гаруй улсад хамтдаа айлчилж, Япон Улсад айлчилж буй гадаадын дээд, өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзсан. Хатан Масако англи, герман, франц хэлийг өндөр түвшинд эзэмшсэн.
-Япон Улсын Эзэн Хааны гадаад айлчлалын зорилго, үүрэг-
Эзэн Хааны гадаад харилцааны гол үүрэг нь Япон Улсын бэлгэдлийн хувиар гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх юм. Эзэн Хааны айлчлалыг “бэлгэдлийн дипломат харилцаа” хэмээдэг бөгөөд айлчлалын үеэр хөтөлбөрт дараах арга хэмжээ багтдаг.
Үүнд:
- Тухайн орны төрийн тэргүүн нартай (Хаан, Ерөнхийлөгч гэх мэт) уулзах;
- Албан ёсны ёслол, хүлээн авалтад оролцох;
- Зочилж буй улсынхаа түүх, соёлтой танилцах;
- Японы соёлыг сурталчлан таниулах, түүгээр дамжуулан хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх;
- Японы соёл, уламжлалтай холбоотой арга хэмжээнд оролцох;
- Тухайн улсад суугаа Япон Улсын иргэдтэй уулзах;
- Япон Улсын түүх, байгаль орчны асуудлаар лекц унших;
- Олон улсын хурал, эрдэм шинжилгээний симпозиумд оролцох зэрэг болно.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёооооо ашнүй дээ ирнэ гээд хэчнээн эртнээс ядаргаа болов оо
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Бусад орны төрийн тэргүүнүүд хийсэн бүтээсэн сурсан боловсрол арвинтай байх юм манай хүүк ямар билээ яасан билээ юу хийлээ мэддэггүй ээ