БНХАУ-ын үйлдвэрийн үнийн дефляц хоёр жилд байгаагүй хэмжээнд дордлоо

БНХАУ-д үйлдвэрийн үнийн дефляц 2023 оны долоодугаар сараас хойш үзэгдээгүй хэмжээгээр дордсон байна. Тодруулбал үйлдвэрийн үнийн индекс зургаадугаар сард 3.6 хувиар буурчээ. Энэ бууралт нь дэлхийн худалдааны дайнтай холбогдон үүсэж буй тодорхойгүй байдал, дотоодын эрэлт сул байгаа явдал зэрэгтэй холбоотой. Үүний улмаас бодлого боловсруулагчдад эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авах дарамт ирлээ.
Харин хэрэглээний үнэ таван сарын хугацаанд анхны удаа өссөн юм. Гэхдээ энэхүү өсөлт нь өчүүхэн байжээ. Үүний гол шалтгаан нь удаан хугацаанд үргэлжилж буй орон сууцны зах зээлийн хямрал юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп худалдааны түншүүддээ тавьсан гаалийн татвар БНХАУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
Үйлдвэрийн үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаадугаар сард 3.6 хувиар буурсан нь тавдугаар сарын 3.3 хувийн уналтаас дор үзүүлэлт байсан юм. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулж, үйлдвэрийн үнийн индекс 3.2 хувиар буурна гэж таамаглаж байжээ.
БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын шинжээч Дон Лижуань “Гадаад худалдааны орчин тодорхойгүй байгаа нь экспортод чиглэсэн бизнесүүдийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж байна” гэсэн юм.
Хятадын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зургаадугаар сард дараалан гурав дахь сардаа дараалж буурсан байна. Зургаадугаар сард үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өмнөх саруудаас арай удаанаар буурчээ. Тус улсад ажил эрхлэлт болон шинэ экспортын захиалгууд сул хэвээр байна.
“Capital Economics” фирмийн Хятадын эдийн засаг судлаач Зичүн Хуан “Экспорт буурч, төсвийн дэмжлэгийн нөлөө багасахын хэрээр энэ оны сүүлээр эрэлт сулрах хандлагатай” гэж хэлжээ.
Дотоодын эрэлт сул байгаа тул компаниуд борлуулалтаа нэмэхийн тулд барааныхаа үнийг бууруулж байна. Хятад компаниуд үнэ бууруулах тал дээр өрсөлдөж эхэлсэн. Энэ өрсөлдөөн тод ажиглагдаж буй салбар бол автомашины салбар юм. Эрх баригчид авто салбарын үнийн дайнаа зогсоохыг уриалаад буй.
БНХАУ-ын цахим худалдааны аваргууд болох “Alibaba” болон “JD.com” компани сүүлийн саруудад түргэн хүргэлтийн үйлчилгээгээ тэлэхийн тулд их хэмжээний хөнгөлөлт, татаас олгохоо амласан байна.
Үйлдвэрийн үнэ БНХАУ-д буурсан бол хэрэглээний үнэ зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар нэмэгджээ. “Capital Economics”-ийн Зичүн Хуан хэлэхдээ, хэрэглээний үнийн өөрчлөлт нь хуучин барааг шинэчлэн солих хөтөлбөрийн үр нөлөөг харуулж байж магадгүй гэсэн байна. БНХАУ иргэдийнхээ хэрэглээг дэмжихийн тулд хуучин барааг шинээр солиход нь мөнгөн тусламж өгдөг бодлого явуулж байгаа юм. Гэхдээ энэ дэмжлэг удахгүй дуусах тул инфляц дахин буурч, дефляцын асуудал даамжрах төлөвтэй гэж Хуан хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.