Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Хэрэглээний ус нь шавхагдсан орчин цагийн анхны нийслэл болох эрсдэл Кабулд тулгарчээ

Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот дэлхий дээрх анхны бүрэн усгүй болсон нийслэл болох аюулд ойртоод байгаа аж. Үүний улмаас эдийн засгийн уналт үүсэж магадгүй гэж тус байгууллага нэмж анхааруулжээ.

Хүн амын өсөлт, цаг уурын өөрчлөлт, газрын гүний усыг хэт ихээр татаж байгаа зэрэг шалтгаанаас болж гүний усны түвшин эрчимтэй багассан гэж мэргэжилтнүүд хэлж байна. Одоо Кабул хотын худгуудын тал хувь нь ширгэжээ. Кабул хотод оршин суудаг Рахийла нэртэй охин “CNN” агентлагт “Бид уух ус ч олж чадахгүй байна. Усны хомсдол өдөр тутмын амьдралд маш их хүндрэл учруулдаг” гэж хэлсэн юм.

Рахийлагийн гэр бүл уух усны төлөө өдөр бүр мөнгө төлж, усны хэрэглээгээ үргэлж  хянаж, хоол хүнс зэрэг бусад зүйлсийг золиослон хэрэглээний болон ундны усандаа мөнгө их хэмжээгээр зориулах болжээ. Тэр “Бид маш их түгшиж байна. Бороо орно гэж найдаж байгаа ч хэрвээ байдал дордвол бид яаж амьдрахаа мэдэхгүй байна” гэсэн байна.

“Mercy Corps”-ын Афганистаны хөтөлбөрийн захирал Марианна фон Цан “Энэ бол зүгээр нэг усны асуудал биш. Эрүүл мэнд, эдийн засгийн, хүмүүнлэгийн гурван хямрал нэгэн зэрэг давхцаж буй нөхцөл байдал юм” хэмээн нөхцөл байдлыг тодорхойлжээ.

Гучин жилийн өмнө Кабул хотын хүн ам 2 сая хүрэхгүй байсан. Харин 2001 онд Талибаны засаглал унаснаас хойш аюулгүй байдал, эдийн засгийн боломжийг хайсан олон мянган хүн хотоо орхин Кабулыг зорьж ирсэн юм. Ийнхүү хүн ам нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ ч өссөн байна.

Кабулын усны хэрэглээнийхээ бараг бүх хувийг гүний уснаас хангадаг. Гэвч олон жилийн буруу менежмент, хэт өндөр хэрэглээнээс болж сүүлийн 10 жилд гүний усны түвшин 30 метрээр буурсан гэж “Mercy Corps” мэдээлжээ.

Зургийн эх сурвалж: 8am Media

Одоогийн байдлаар Кабул байгалийн нөхөн сэргээж чадах хэмжээнээс жил бүр 44 сая шоо метрээр илүү гүний ус хэрэглэж байгаа юм. Үүний улмаас худгууд ширгэж эхэлжээ. Зарим айл өрхүүд илүү гүн худаг ухаж, ус олох гэж хичээж байна.

28 настай Ахмад Ясин Кабул хотын хойд бүсэд гэр бүлтэйгээ амьдардаг. Сүүлийн саруудад тэр дүүгийнхээ хамт ойролцоох сүмд очиж, хэдэн цаг дугаарлаж, том худгаас ус зөөж гэр бүлдээ хүргэж байгаа юм. Тэр “CNN” агентлагт “Ингэж ус зөөхөөр ажил хойшилж, орлогод маань сөргөөр нөлөөлж байна” гэж хэлжээ. Тиймээс зургаан сар хоолоо хасаж мөнгө цуглуулан 40,000 афгани (550 ам.доллар) босгож, гэрийнхээ хашаанд худаг ухжээ.

Ажилчид 120 метр ухаж байж л ус гаргаж чадсан ч тэр усыг ундны хэрэглээнд шууд ашиглах болохгүй.  Ясин “Бид бүх мөнгөө худгандаа зарцуулсан тул ус цэвэршүүлэгч авах мөнгө үлдээгүй. Тиймээс худагны усаа сайн буцалгаад хөргөөд уудаг” гэж хэлсэн юм.

“Mercy Corps”-ын мэдээлснээр Кабулын гүний усны 80 хувь нь бохирдсон, үүний шалтгаан нь нүхэн жорлонгийн өргөн хэрэглээ, үйлдвэрийн хаягдал юм. Таэмани дүүрэгт эхнэр, гурван хүүхэд, өндөр настай хоёр эцэг эхийн хамт амьдардаг 36 настай Саид Хамед “Суулгалт, бөөлжих зэрэг нь Кабулынхны хувьд тогтмол тулгардаг асуудал. Айлд, ресторанд ус уух, эсвэл шүдээ угаахад хүртэл бохир уснаас болж бид өвддөг” гэж “CNN” агентлагт хэлжээ.

Усны хомсдолыг даамжруулж байгаа бас нэг хүчин зүйл нь цаг уурын өөрчлөлт. Кабулын цаг уурын өөрчлөлтөд маш эмзэг хот юм.

Афганистаны Ус, байгаль орчны мэргэжилтнүүдийн сүлжээний гишүүн, усны нөөц судлаач Наджибулла Садид “Бороо орж байгаа цасан бүрхүүл улам багасаж байна. Цасан бүрхүүл багассанаар гүний усны нөөц сэргэх явц улам удааширч байгаа. Цас гүний ус сэргээхэд тус болдог байсан, харин одоо цасны хэмжээ буурсан” гэжээ.

“UNICEF”-ын тооцоолсноор, хэрвээ одоогийн нөхцөл үргэлжилбэл 2030 он гэхэд Кабул гүний усгүй болох юм. Цаг уурын хямрал, хүн амын өсөлт, менежментийн алдаанаас гадна улс төрийн тогтворгүй байдал Кабулын усны хямралыг улам гүнзгийрүүлж байна.

2021 оны наймдугаар сард АНУ-ын цэргээ Афганистанаас татсаны дараа Талибан засгийн эрхийг дахин авсан. Үүний улмаас тус улсын орон санхүү, эдийн засаг  дампуурлын ирмэгт очиж, хөгжлийн болон аюулгүй байдлын гадаад тусламж  зогссон юм.

Түүнээс хойш хүмүүнлэгийн тусламж гадаад тусламжийн орон зайг тодорхой  хэмжээгээр нөхөж байв. Гэвч 2025 оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гаднын орнуудад үзүүлдэг тусламжаа царцааснаар улс орны нөхцөл байдал бүр дордов.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтийг зогсоосон нь хамгийн хүнд туссан зүйлүүдийн нэг гэж “Mercy Corps”-ын фон Цан хэлсэн байна.  Тэрбээр нэмж “Орон нутгийн системүүд нуран унаж, хүмүүнлэгийн тусламж царцаж, бүс нутгийн зөрчил нэмэгдэж байгаа энэ үед энгийн афганчуудын амьдралын нөхцөл байдал өдөр бүр дордож байна” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
7 сар 21, 2025 17:07

ОРОС. АМЕРИК..хоёр.гарсан.хэн туслах вэ?

Зочин
Зочин
7 сар 21, 2025 17:36

TALIBAN CHIN ZASGIIN NERH BARIDAG TED TUSLAH BIZ TEDNII UUREG

Холбоотой мэдээ

Back to top button