Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: 1800 жилийн өмнөх язгууртнууд дээл хувцастайгаа хадгалагдан үлдсэн хөндөгдөөгүй бунхан Сэлэнгээс олдлоо

Eguur.mn сайт шинээр нээлт хийгээд буй Сяньбигийн үеийн язгууртны хөндөгдөөгүй булшны малтлага, судалгааны ажлыг сурвалжлахаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумыг зорилоо.

Уг булшнаас Сяньбигийн үеийн язгууртан дээл, хувцастайгаа олдсон бөгөөд онцлох олдворууд гараад байгаа билээ.

Иймд судалгааны ажлын талаарх танилцуулга, мэдээллийг МУИС-ийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай болон судалгааны ажилд оролцож буй мэргэжилтнүүдээс тодруулан хүргэж байна.

Байршил: Сэлэнгэ аймгийн Ерөө сум

-Бидний ажил зөвхөн булш нээгээд гоё олдвор олохдоо биш цаана нь монголын түүх тэр чигтэй углуургаараа явж буй нь гол асуудал-

-Танай баг энэ жил хэд дахь малтлага хийж байна вэ. Саяхан Сэлэнгийн Орхон суманд ажиллаж байсан шүү дээ?

-Энэ жил манай баг хоёр дахь малтлага судалгаагаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Карнаковын ам гэдэг газар явуулж байна. Өмнөх судалгаагаа Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Улаанчулуут ууланд хийсэн. Энэ удаагийн судалгааны ажилд МУИС-ийн нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаачид болон МУИС-ийн оюутнууд, бусад байгууллагын мэргэжлийн судлаачидтай хамтран нийт 20 гаруй хүн оролцож байна.

-Ерөө суманд байрлах уг дурсгалт газрыг хэзээ олж нээсэн бэ. Хэдий үеийн бунхан гэж тооцоолов?

-Миний бие 2019 оноос хойш Сэлэнгийн сав газраар археологийн хайгуулын ажил хийсэн. Тус ажлын хүрээнд энэ дурсгалыг анх 2019 онд илрүүлсэн. Энэ газарт Хүннүгийн язгууртны булш болон Сяньбигийн язгууртны булш бий. Ерөнхий харагдах байдал гадаад зохион байгуулалт нь бидний 2023 онд ажилласан Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Сяньбигийн язгууртны булш болон өмнөх Улаанчулуут уулын булштай адилхан. Тиймээс уг дурсгал нь Монголоос олдсон Сяньбигийн үеийн дөрөв дахь оршуулгын газар болж байна. Бид булшийг саяхан нээсэн. Одоо судалгааны ажил үргэлжилж байгаа.

-2019 онд олж нээсэн хэр нь судалгаагаа яагаад одоо эхлэх болов?

-Энэ судалгааны ажил төлөвлөгдөөгүй ажил. Ерөө сумаас Бугант тосгон руу энэ зун авто зам барьж эхэлсэн. Уг зам миний олж тогтоосон бунхнуудын яг голоор дайрч таарсан. Тиймээс энэ газрын булш бунхныг яаралтай авран хамгаалах үүднээс малтлага судалгааг эхлүүлсэн. Гэхдээ авран хамгаалах гэнэтийн судалгаа гээд бид хөнгөн хуумгай хандаагүй. Яг л малтлагын болон шинжлэх ухааны арга зүйгээр ажиллаж байна.

Байршил: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Доктор Т.Идэрхангай

-Судалгааны газар дээр ирээд харахад өмнөх Сяньбигийн үеийн булшнаас гаднах талбай болон дотор орчны хувьд хамаагүй том харагдаж байна. Мөн ойр орчимд нь хэд хэдэн дагавар байж болзошгүй булштай байгаа анзаарагдлаа.

-Бидний өмнө нь малтаж байсан дурсгалууд дандаа хагас шуудуутай. Ялангуяа бунхны үүдэвч орчимд шуудуугүй байдаг. Гэтэл энэ бурхан бүтэн шуудуутай. Энэ нь уг оршуулагдсан хүн ямар өндөр зэрэг дэвтэй хүн байсныг харуулж байгаа юм. Харин хэмжээний хувьд энэ газрын ойр орчимд нийт 50 орчим бурхан байгаа. Бидний малтаж байгаа уг сяньбигийн булш эдгээрээс эхний дөрөвт жагсах хэмжээний том бунхан. Тэр утгаараа нэлээд том талбайг хамарч, олон хүний хүч хөдөлмөр орсон чухал ажил болж байна. Энэ удаагийн малтлага өмнөх сяньбигийн булшнуудаас ялгарах онцлог ихтэй. Хэмжээний хувьд хамаагүй том учир баялаг олдворуудтай.

Бид эхлээд шинээр тавигдаж буй замд хоёр том бунхан дайрагдсан гэж үзсэн. Гэтэл хусалт хийсний дараа хоёр бунхан дээр нэмэгдээд нэг жижиг бунхан болон хоёр дагуул булш гарч ирсэн. Ингээд нийт таван дурсгал замын трасст орсон нь мэдэгдсэн. Ингээд бид 20 гаруй хонгийн хугацаанд гурван том бунхан хоёр жижиг булш нийлсэн таван дурсгалын малтлага судалгааг хийлээ. Дараагийн ажлууд хүлээгдэж байгаа учраас манай баг өдөрт 10-11 цагаар түргэвчилсэн байдлаар ажиллаа.

Байршил: Сэлэнгэ аймгийн Ерөө сум

-Бунхануудын хэмжээ болон дотоод орчин өөр өөр байна. Үүнийг хэрхэн тайлбарлаж байгаа вэ?

-Энд байгаа бунхнуудын гадаад болон дотоод зохион байгуулалт харилцан адилгүй. Нэг бунхан нь Сяньбигийн үеийн булшны үндсэн зохион байгуулалттай яг адилхан. Үүд хэсэг болон доош ороод хөмөг үүсгэсэн байдалтай. Энэ нь Сяньбичуудын булшны онцлог. Харин дагуул булшнуудыг дээрээс нь нүх ухаад хийсэн байгаа юм. Харин эдгээрийн цөм болох бидний голлон судалгаа хийж буй 14 дугаартай хамгийн том бунхан нь Хүннү, Сяньбигийн завсрын үеийн бунхан. Яагаад гэвэл үүдэвч тойрсон шуудуу болон дээрх овгор дараас нь үндсэн Сяньбигийн үеийн зан заншлаар хийгдсэн. Тэгсэн хэр нь үүдэвчээр ороод хөмөггүй. Үндсэн авс байрлуулсан хэсгээ хүннүгийн заншлаар дээрээс нь нүх ухаж хийснээрээ хоёр түүхэн үеийн зааг ялгааг харуулсан булш болж байна. Энэ нь Хүннүгээс Сяньби руу хувьсаж буй соёлыг харуулж байгаараа монголын түүхэнд асар чухал ач холбогдолтой. Өмнө нь ийм хүннү болон сяньбигийн үе хоорондын хувьслыг харуулсан булш гарч ирж байгаагүй. Мөн эдгээр таван бунхны үүдэвч бүгд өөр өөр тийш харсан байрлалтай байгаа. Үүний учрыг дараа дараагийн судалгаа давтамжуудаар тайлж мэднэ.

-2019 оны Сэлэнгийн сав газрын судалгаагаар нийт хэдэн булш олж нээж байсан бэ. Тэдгээрээс одоо хэдийг нь судлаад байна?

-Судлаач хүн зөвхөн нэг зүйлийн араас хөөгөөд байхаас илүүтэй олон талын мэдээлэл, судалгаатай байх ёстой гэж би үздэг. Миний хувьд монголын нийт бүс нутгаар хайгуул хийж, хаана нь эртний дурсгалуудын нягтрал төвлөрөл байна гэдэг талаар ажиглалт судалгаа хийдэг. Энэ хүрээнд монгол орны 21 аймгийн нутагт хайгуул хийж, Хүннү нарын 21 мянга гаруй булшийг бүртгэж авсан. Түүний дөрөвний нэг нь Сэлэнгэ аймгийн нутагт байгаа.

Мөн Сяньбигийн дурсгал монголоос олдохгүй байсан. Харин сүүлийн жилүүдэд манай баг болон бусад судлаачид Сяньбигийн үеийн дурсгалуудыг олж, судалж байна. Тэр дундаа яг энэ Ерөө сумын газар нутагт гэхэд Сяньбигийн үеийн дөрвөн том язгууртны булш байна. Бусад сумдад бол дээд тал нь нэг сяньбигийн булш бий. Гэтэл Ерөө сумын газарт буюу ойр орчмын 15 км радиус дотор дөрвөн том оршуулгын газар байна. Эдгээрийн цаана тухайн үеийн төрт улсуудын нийт хүн амын төвлөрөл болоод улс төрийн асуудал байдаг. Тэгэхээр энэ хэсэг газарт хоёр дахь том төрт улсын төвлөрөл байсныг уг дурсгалуудын тархалт, тоо баримт харуулж байна.

Сяньби улсын түүхийг Хятадын болон зарим барууны эрдэмтэд бичихдээ, “Ерөнхийдөө монголын зүүн талаар буюу Хянганы нуруу орчимд Сяньбичууд суурьшиж байгаад Хятад руу нүүсэн. Нэг салаа нь буцаж Монголд нүүж ирсэн” гэхчлэн барагцаалдаг. Гэтэл монгол дахь сяньбигийн дурсгалын тархалт, баримтууд Сяньбичууд дорнод монголд биш монгол орны зүүн хойд нутаг Сэлэнгийн сав газраар байжээ гэдгийг няцааж байгаа юм.

-Хэмжээгээрээ өмнөх Сяньбигийн булшнуудаас том гэсэн шүү дээ. Гол булш хаалганаас доош хэдэн метрийн гүнд байрлаж байгаа вэ?

-Энэ булш хаалганаас доош 4.5 метрийн гүнд авснуудаа байрлуулсан. Дээрээс доош нийт урт нь 20 метр үргэлжилж байна.

-Хос авсанд байсан хоёр Сяньбигийн язгууртны нэг нь цагаан, нэг нь бор үстэй-

Байршил: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Сяньбигийн язгууртны бунхан дотор

-Булшны доторх хэсгийг тайлбарлаж өгөөч?

-Бунхан дотор хоёр ухмал модон авс байрлуулсан байгаа юм. Ухмал гэдэг нь бүдүүн модыг хөндийлж ухаад тагласан авс гэсэн үг. Энэ хос оршуулга нь монголын түүхэнд маш чухал олдвор болж байна. Учир нь оршуулсан хоёр хүний үс, дээл хувцас болон бүтээж тавьсан даавуу зэрэг нь анхны байрлалаараа гарч ирсэн. Тэгэхээр энэ булш нь огт тоногдоогүй гэсэн үг. Бунхны гол хэсгийн үүдийг зургаан мод эгнүүлэн байрлуулж хаагаад, булшаа хоёр давхар шургаагаар дарж, дотор нь хоёр авс тавьсан байсан.

Бид өнөөдөр уг нь энэ хоёр авсыг Улаанбаатар хот руу аваад явах зорилготой Соёлын яамны дэмжлэгээр Соёлын өвийн үндэсний төвөөс мэргэжлийн сэргээн засварлагч баг ирээд байсан юм. Гэвч бид авсны доор банз засаж аваад гаргах гэсэн боловч авсны мод хоёр метр хөдөлгөх төдийд бутарч унасан. Авс харахад хэлбэртэй байгаа хэр нь мод нь үйрмэг болчихсон замын ая байтугай биеэ даахгүй байдалтай болсон байна. Тиймээс газар дээр нь авснуудыг задалж, олдворуудаа авах ажлыг хийхээс өөр араггүй болсон.

-Авс доторх хоёр хүнийг хэрхэн тавьсан байгааг дүрслэн хэлбэл?

-Нээгээд буй авсны хувьд оршуулсан хүн нь үстэй, дээл хувцастайгаа байгаа нь онцлог. Эндээс бид түүхийн олон асуудлуудыг тодруулах боломж гарч байна. Бидний малтсан таван дурсгалаас тоногдоогүй үлдсэн цор ганц нь энэ боллоо. Нөгөө дөрвийг нь тодорхой хэмжээнд тоносон. Ялангуяа хоёр жижиг булшийг нь бүр юу ч үлдээлгүй тонож, хоёр язгууртны булшнаас ихэнх үнэтэй зүйлсийг нь авч явсан байдалтай байсан. Харин энийг бол тоноогүй үлдээсэн байгаа юм. Тэгэхээр тонуулчид магадгүй юуг авах гэж булш тоноод байдаг юм гэдгийг бид эндээс харах боломжтой болж байна. Одоог хүртэл асуулт хэвээр байгаа тонуулчид шуналын сэдлээр тонодог эсвэл өшөө хорслоо тайлах болон доромжлох гэж тухайн хүний оршуулгыг хөнддөг гэсэн хоёр тайлбар байдаг. Хэрэв энэ булшнаас тодорхой хэмжээний үнэт олдворууд олдвол тонуулчид түүнийг нь авдаг юм байна. Юу ч гарахгүй бол тонуулыг өс, хонзонгоор хийдэг юм байна гэдгийг батлах боломжтой.

Мөн авснуудыг гаднаас нь даавуугаар ороосон. Хоёулаа адилхан бүх хувцастайгаа нүүрийг нь мөн даавуугаар бүтээсэн байдалтай. Хамгийн сонирхолтой нь нэг нь цагаан буурал үстэй, нөгөөх нь бор шаргал үстэй. Хав хар үстэй хүмүүс бол биш. Мөн цагаан үстэй хүний толгойн хажууд ууттай шар будаа тавьсан. Биеийг нь мөн даавуугаар ороосон. Гутал, эсгий оймс зэрэг нь маш сайн хадгалагдсан байна.

-Энэ болон бусад булшнаас өөр олдвор гарсан уу?

-Бунханд авснаас гадна тахилын хэсэг байсан. Тахилын хэсгээс хос морьтой модон хүүхэлдэйнүүд гарсан. Хоёр морь нь хурга шиг том хэмжээтэй. Нэг нь улаан, нөгөөх нь хар өнгөтэй. Хоёулаа сүйх тэрэгний морь бололтой ард нь жолоодож байгаа модон хүн. Түүний араас шүхэртэй сүйх тэрэгний эд ангиуд гарсан. Мөн баруун талд нь байрлуулсан хүний толгой талаас модон жижиг ширээ бүтнээрээ гарч ирсэн. Дээд талд нь 4-5 хөндөгдөөгүй бүтэн шавар ваар. Дотроос нь өмнө нь Хүннү, Сяньбигийн олдворуудаас гарч байгаагүй маш сайн шатаалттай ташмаг хэлбэрийн хар өнгийн ваар гарсан. Энэ мэтчилэн уг булшнаас өмнө нь гараагүй шинэлэг эд өлгийн зүйлс олдсон. Сонирхолтой бас нэг зүйл нь авсыг гадна талаар нь ороосон хар болон цагаан өнгийн даавуун дээр толгой хэсэг болон цээж, хөл хэсэгт нь дөрвөн тийш дэлбээлсэн зургийг хар бэхээр зурсан.  

Мөн энэ булшны урд талд байрлах бунхнаас хоёр модон морь, морь унасан хүүхэлдэй, 10 орчим бүтэн шавар ваар, шавар пийшин, өмнө нь сяньбигийн бунхнаас гарч байгаагүй гурван ширхэг хүрэл гүц бололтой бүтэн сав гарсан. Үүгээрээ энэ удаагийн малтлага нь Сяньби улсын түүхийг олон олдвороор баяжуулсан. Тайлагдаагүй нууц, түүхүүдийг өөр өнцгөөс харах боломж олгосон. Тодорхойгүй асуудлуудыг шинэ баримтаар баяжуулах монголын түүхэнд чухалд тооцогдох судалгаа боллоо гэж судлаач хүний хувьд үзэж байгаа.

Байршил: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Сяньбигийн язгууртны бунхны олдворууд

-Нэлээд олон мэргэжилтнүүд багтаасан том баг ажиллаж байх шиг байна. Уг ажлыг явуулахад хаанаас дэмжлэг үзүүлэв. Ямар мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна вэ?

-Манай судалгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дэмжиж, Соёлын үндэсний төвийн сэргээн засварлагч нар хамтарч хадгалалт, хамгаалалт тал дээр мэргэжлийн баг ирж, ажиллаж байна. Манай үндсэн баг бас олон байгууллагын судлаач нараас бүрдэж байгаа. Гол цөм нь МУИС-ийн нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаач оюутнууд. Түүнээс гадна Өмнөговь аймгийн Байгалийн түүхийн музейн судлаач нар, Төв аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилчид, Монгол цэргийн музейн лабораторийн эрхлэгч манай шавь залуус болон Занабазарын дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилчин залуус, Монгол Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн эртний түүхийн тасгийн эрдэм шинжилгээний ажилтан залуус гэхчлэн олон байгууллагын мэргэжлийн залуу боловсон хүчин энэ судалгааны ажилд оролцож байгаагаараа онцлог.

Мөн бидний судалгааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Ерөө сумын ЗДТГ, Ерөө сумын Соёлын төвийн ажилтнууд болон Сэлэнгэ аймгийн Соёл урлагийн газрын албан хаагчид дэмжиж ажилласан. Олон хүний дэмжлэгээр энэ удаагийн ажил маань урагшилж, амжилттай боллоо.

-Малтлага, судалгааны ажилд сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төсвийг давхар суулгах шаардлагатай-

Байршил: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, доктор М.Оюунтулга

Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт, хамгаалалт, технологи судалгааны газрын дарга доктор М.Оюунтулга

-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас олдсон сяньбигийн үеийн язгууртны булшны малтлага, судалгаан дээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ирээд байна. Манай баг Ерөнхий технологич Аззаяа, Сэргээн засварлагч, судлаач Жавхлан, Хадгалалт, хамгаалалт, технологи судалгааны газрын дарга Оюунтулга миний бие гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Бид бунхнаас гарч байгаа олдвор, эд өлгийн зүйлсэд газар дээр нь сав баглаа боодол хийж, лабораторийн түвшинд зөөж, тээвэрлэх зорилготой.

Ингэж ажиллах учир нь газар доор 5 градуст байгаа олборуудыг 35 градуст шууд гаргавал 10-20 минутын дотор бутарч гэмтэх, хагарах эрсдэлтэй. Тиймд бид газар дээр нь ажиллаж олдворуудын зохих сав, баглаа боодолд зөв хийж, хот руу тээвэрлэх ажлыг хийдэг. Одоогоор бид гурван бунхнаас Хүннү, Сяньбигийн үеийн гэж үзэж буй ховор олдворуудыг савлаж бэлтгэсэн.

Археологийн малтлага, судалгаа гэдэг зүйл 100 хувийн санхүүжилттэй явж дуусдаг. Харин олдворуудыг цаашид яах вэ гэдэг асуудал болж үлддэг. Цаашдын судалгаа буюу сэргээн засварлалт, хадгалалт, судалгаа гээд музейн үзмэр болгох хүртэл дахиад малтлага хийх хэмжээний өндөр төсөв хэрэгтэй болдог. Гэтэл энэ зардал археологийн малтлага, судалгаан дээр суугддаггүй. Тиймд цаашид археологийн малтлага, судалгаан дээр мөнгө төсөвлөж байгаа тохиолдолд тэдгээрийн 5-10 хувийг цаашдын судалгаа, сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтад төсөвлөж байх шаардлагатай.

Ерөө сумын уг судалгаан дээр Соёлын яам дэмжиж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Соёлын өвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат нар энэ удаагийн ажлын зардлыг гаргахаар шийдвэрлэсэн. Тэрнээс биш яам уг судалгааг дэмжих шийдвэр гаргаагүй бол олдворуудыг яах уу гэдэг маш том асуудал гарах байсан.

-Бидний судалгаа монголчуудын одоогийн оршуулгын зан үйл нь Сяньби улстай их төстэй. Хүннүтэй шууд угсааны байсныг тодорхой харуулж байгаа-

ОХУ-ын Барнаул хотын Алтай их сургуулийн аспирантур П.Эрдэнэпүрэв

Байршил: Сэлэнгэ аймгийн Ерөө сум, аспирантур П.Эрдэнэпүрэв

-Миний бие энэхүү судалгааны багт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Т.Идэрхангай доктортой хамт Хүннү гүрний улс төрийн түүх хаагуур байна. Монголчуудын уугуул газар нутаг хаана байсан талаарх судалгааг хийгээд 10 гаруй жил болж байгаа. Энэ удаад бид Хүннү, Сяньбигийн үеийн залгамж, холбоо болон эдгээр улсууд хаагуур төрт улсаа байгуулж байсныг судлах талаас түүхэн судалгаа хийлээ.

Түүхийн сурвалж бичгүүдэд Сяньби улсыг Их хянганы нуруу буюу одоогийн монголын зүүн бүс нутгаар нутагладаг гэж үздэг. Гэхдээ түүхийн судалгаан дээр Сяньби гэдэг улс байдаг талаар мэдээлэл их байдаг ч яг тэр хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан зүйлс болон булш, оршуулгын дурсгалууд монголоос маш ховор олддог байсан. Харин бид энэхүү судалгааг хийж эхэлснээр Сэлэнгэ мөрний сав дагуу Сяньбичуудын үлдээсэн булш оршуулгын урсгал цөөнгүй байгааг олж тогтоосон. Тэдгээр газрын нэг нь энэхүү дурсгал юм. Энэ дурсгалт газрыг Карнаков гэж нэрлэдэг. Энэ газарт нийтдээ 30 гаруй шороон овгор дараастай бунхнууд бий. Яг одоо малтлага хийж байгаа бунхан нь замын трасс доор орсон учир авран хамгаалах судалгааг хийж байна. Хэрэв энэ судалгааг хийгээгүй бол энэхүү түүхэн дурсгалт газар устаж үгүй болох байсан.

Эдгээр судалгаа бидэнд яагаад хэрэгтэй вэ гэвэл түүхийн сурвалжид Хятадууд ялангуяа бичихдээ Монголчуудыг энд тэндээс нүүж ирсэн. Одоогийн монгол нутагтаа байдаггүй байсан талаар маш их дурдсан байдаг. Тиймд үүнийг няцааж, хариулт өгөх зорилгоор түүхийн маш өндөр ач холбогдолтой уг судалгаануудыг хийж байна. Үүнээс гадна энэхүү дурсгалт газрууд нь томоохон гол мөрний сав газар байрлаж байгаа нь тухайн үеийн хүмүүсийн амьдарч байсан уугуул нутаг нь яг энэ нутагтаа байсан гэдгийг бататгаж байгаа юм. Тэгэхээр энэ малтлага нь түүхийн өндөр ач холбогдолтойгоос гадна монголчуудын түүхийг өөрөөр харах, томоор сэтгэх монголчуудын одоогийн оршуулгын зан үйл нь сяньби улстай их төстэй. Хүннүтэй шууд угсааны байсныг тодорхой харуулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
7 сар 21, 2025 09:40

Дээр нь дарж үзэж болохгүй зурагтай яасан хэцүү юм бэ

Эгэл
Эгэл
7 сар 21, 2025 11:01

Доктор Идэрхангай,аспирант Эрдэнэпүрэв болон бусад судлаачдад: Эрхэм нөхөд та нар Монгол улсын судлаач нар шүү,юун карнаковын ам вэ?- Монгол улсын газрын зурагт ийм нэр огт байхгүй.газар нутгаа нэг тэнүүлчин орос "нинжа" -гийн нэрээр нэрлэх ямар шаардлага байна?. Магадгүй 50 жилийн дараа хэн нэг булаан эзлэгч этгээдүүд -манай газар байна,бидний дурсг�##� байна нэрийг нь хар л даа гэж болох! Магадгүй наад цагаан,бор үстэй булш чинь юун Сяньби ,зүгээр нэг оросынх болж соши�##�оор тархаж мэдээлэгдэнэ.Хорон санаатнуудад өгөөш болох хэрэггүй.Бас үүнийг бичсэн сурв�##�жлагч ч гэсэн газар усны нэр томьёоны толь харчих л даа .Жаахан ч гэсэн эх нутгаа гэсэн сэтгэлтэй байцгаая.

Зочин
Зочин
7 сар 21, 2025 18:48
Reply to  Эгэл

Тэгвэл Оюу толгойг бас нэрлэсэн тэнүүлчин жүүдүүдийн нэрийг х�##�ах хэрэгтэй шүү

Зочин
Зочин
7 сар 21, 2025 18:45
Reply to  Эгэл

Яг үнэн

Иргэн
Иргэн
7 сар 21, 2025 13:02

Монголчууд эртнээсээ булш бунхан, шарилын газараа явдаггүй цээрэлдэг байсан!!! Одоо тэгээд бухан шарил дээгүүр зам тавина гэхээрээ иргэдийн сэтгэхгүй хэр байх юм бол оо??? Жаахан ч гэсэн �######�уулаад замаа тавьчихгүй дээ!!!

Иргэн
Иргэн
7 сар 21, 2025 13:03

Энэ тойрог ирээдүйд эвгүй тойрог болноо!

Зочин
Зочин
7 сар 21, 2025 13:24

Сүүлийн жилүүдэд м�##�тлага суд�##�гаа сайн хийгддэг болсон. Зам тавихдаа хүртэл шарил бунхан таарв�##� хамга�##�ж байгаа нь сайн. Одоо энэ олон шарил бунхны олдворыг цөмийг нь системтэй, он дара�##�лаар нь, газар оронтой нь сайхан музейтэй болговол уу. Египетийн музейгээс баян сайхан үзмэртэй газар хийх боломж бна. Энэ бол цэвэр улсаас хийх ажил. Хятадууд тэр булш бунхныг нь сүйтгэж тоноод бдаг гэсэн.

Наба
Наба
7 сар 21, 2025 13:36

Булш тоноход өвчин гарч ган гачиг болж г�##� түймэр ихэсдэг юмдаа.

Зочин
Зочин
7 сар 22, 2025 10:58

Зөндөө олон олдсон бдаг юм бна лэ шдэ оллоо гэхийн яаж цаашдаа хадг�##�ж хамга�##�дын болоо хэдэн х�##�тар цаасны төлөө ихэл түүхийн олдворуудаа гадагшаа гаргасан бдаг гэж сонсогдохын да зам тавьж бга газар олдсон юм шиг бхын одоо тэгээд ухаж авч одоо өөр газар хадг�##�ах уу

Зочин
Зочин
7 сар 24, 2025 08:44

Хамаг мэдээлэлээ шууд хулгайчдад зарлаад хаячих юмдаа тэнэг пи�####�анууд вэ

Зочин
Зочин
7 сар 24, 2025 22:43

Mongoliin bush bunhand hujaanuud erliiz hurliizuudaaraa damjuulj hanz usegtei shavar vaar hiilgedeg ajil olon jiliin ulamjlalbii.Sayahan hujaanuud mongoliin tuhai tv nevtruuleg hiigeed tuundee mangoliin nutagiin.buh bulshinaas hanz usegtei edleluud garsan hemeen tuusan bna lee shuu.Mongoliig dalduuraa baahan dooyoolson bna lee

Zochin
Zochin
7 сар 25, 2025 09:21

Bulsh ugaj deerem hiideg hulgaichuyd

Бодоо данзан
Бодоо данзан
7 сар 25, 2025 23:30

Олдсон эд өлгийн зүйлээ ил тод зарлаж баймаар бна..археологид нь өөрсдөө тоноод байж болохгүй шүү

Оюунцэцэг
Оюунцэцэг
7 сар 26, 2025 10:01

Маш гоё түүхэн олдвор олжээ. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Монголын түүхэнд маш их хувь нэмрээ оруулж байгаа судлаачид, эрдэмтэн та нартаа бөяр хүргэе. Бүхэлд нь уншиж сонирхлоо, сэтгэл хөдөлгөсөн сайхан байлаа. Монгол улс минь бадран мандах болтугай.

Холбоотой мэдээ

Back to top button