Шатахууны хангамжид 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцлоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар, шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хангах, ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, ОХУ-ын дотоод нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбоотойгоор шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцов.
Мөн ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн үйлдвэр 2025 оны наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд урсгал засварт орохоор төлөвлөгдсөнтэй холбогдуулан шатахууны захиалга, төлөвлөлтийг уялдуулан зохион байгуулах шаардлагатайг талууд ярилцлаа.
Түүнчлэн Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг танилцуулж, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон Сангийн сайдад үүрэг чиглэл өгсөн бөгөөд холбогдох шийдвэрүүдийг ойрын хугацаанд танилцуулах юм. Дашрамд дурдахад, Монгол Улсын шатахууны хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2025 оны эхний хагас жилд 1.36 сая тонн шатахуун импортолжээ. Импортын үйл ажиллагаа явуулж буй 65 аж ахуйн нэгжийн 14 нь зах зээлийн 84 хувийг бүрдүүлж байгаа бол нийт импортын 70 хувийг ОХУ-ын “Роснефть” компани хангаж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.