Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хэрэглэсэн саваа авчраад 2000-7500 төгрөг хэмнэх боломжтой эко, минимал хэвшил – “Хаягдалгүй булан”

Байгальд ээлтэй, “эко” амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нөгөөтээгүүр элдэв тансаглал, гоёчлол үгүй минималист үзлээр амьдрах сонирхолтой хүмүүс олширсон. Харин энэ боломжийг нь олгох төр, хувийн хэвшлүүдийн шинэ санаачилга, шинэ үйлчилгээ хараахан элбэгшиж амжаагүй байна. Ийм ч учраас энэ цаг үед 100 хувь органик гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, үндэсний брэнд “Lhamour”-ын хамт олон “Хаягдалгүй булан” гэх санаачилгыг гарган хэрэгжүүлж буй нь сонирхол татлаа.

“Хаягдалгүй булан”-д “Lhamour” брэндийн гурван төрлийн биеийн тос, хоёр төрлийн нүүрний тос болон нэг төрлийн үсний тосыг цорготой шилэнд савлан байршуулсан байх юм. Үүний дээр тааран тор, хаягдал модны зомголоор хийсэн сагс, сарнай, лааны суурь сэлт ч мөн харагдана. Дэргэд нь, “Zero Waste Corner” гэсэн пайз хадаатай. Үйлчлүүлэгч дээрх биеийн, нүүрний болон үсний тосыг хуванцар савлагаатай хэлбэрээр нь худалдан авч хэрэглэсэн бол, хэрэглэж дууссан саваа уг “Хаягдалгүй булан”-гаар дахин “цэнэглүүлж”, үндсэн үнээс нь 2000-7500 төгрөгийг хэмнэх боломжтой юм.

Сануулахад, одоогийн байдлаар тус “Хаягдалгүй булан” нь “Lhamour” брэндийн дэлгүүрүүдээс зөвхөн Шангри-Ла Молл дахь салбарт байршиж байна.


НЭГ. БИЕИЙН ТОСНУУД
ОНЦЛОХ: СЭТГЭЛ СЭРГЭЭХ БИЕИЙН ТОС

“Хаягдалгүй булан” дахь эхний бүтээгдэхүүн – “Lhamour” брэндийн гурван төрлийн биеийн тос.

Хуванцар савлагаа нь 100 граммтай, үнэ: Тус бүр 12000 төгрөг. Хэрэглэсэн саваа дахин авчирч “Хаягдалгүй булан”-гаас дүүргүүлэхэд, үнэ: 10000 төгрөг болж хямдарна.

ХЭМНЭЛТ: 2000 ТӨГРӨГ.

Эдгээрээс “Сэтгэл сэргээх биеийн тос”-ыг онцолбол: Лемон, эфирийн тосны найрлагатай. Гаатай, сэнгэнэсэн үнэртэй бөгөөд төв мэдрэлийн системийг тайвшруулах, арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй. Үнэрлэх мэдрэхүйгээр дамжуулан хүнийг тайвшруулж, алжаал ядаргааг тайлдаг биеийн тоснуудын жишгээр хийгдсэн.


ХОЁР. НҮҮРНИЙ ТОСНУУД
ОНЦЛОХ: НОХОЙН ХОШУУНЫ ОРЦТОЙ НҮҮРНИЙ ТОС

Хоёр дахь бүтээгдэхүүн – “Lhamour” брэндийн хоёр төрлийн нүүрний тос.

Хуванцар савлагаа нь 30 граммтай, үнэ: “Утааны эсрэг нүүрний тос” – 22000 төгрөг, “Нохойн хошууны орцтой нүүрний тос” – 21500 төгрөг. Хэрэглэсэн саваа буцаан авчирч “Хаягдалгүй булан”-гаас дүүргүүлэхэд, үнэ: Харгалзан 14500 төгрөг, 14000 төгрөг болж хямдарна.

ХЭМНЭЛТ: 7500 ТӨГРӨГ.

Эдгээрээс “Нохойн хошууны орцтой нүүрний тос”-ыг онцолбол, түүхий эдээ дотоодоос бүрэн хангадаг буюу нохойн хошууны орцтой. Арьсыг чангалах, өнгийг сэргээх болон арьсны өнгөн давхаргыг толигор болгох, гүн хэсгүүдэд хүрч тэжээл өгөх үйлчилгээтэй.


ГУРАВ. ХАЛГАЙТАЙ ҮСНИЙ ТОС

Гурав дахь бүтээгдэхүүн – “Lhamour” брэндийн халгайтай үсний тос.

Хуванцар савлагаа нь 100 граммтай, үнэ: 15500 төгрөг. Хэрэглэсэн саваа буцаан авчирч “Хаягдалгүй булан”-гаас дүүргүүлэхэд, үнэ: 13500 төгрөг болж хямдарна.

ХЭМНЭЛТ: 2000 ТӨГРӨГ.

“Халгайтай үсний тос” нь, халгайн хандтай бөгөөд үсний ургалтыг дэмжиж, уналтыг зогсоох болон хуурайшиж, соронзлогдохыг зогсоож чийгшүүлэх үйлчилгээтэй.


ДӨРӨВ. ХАЯГДАЛ МОДНЫ ЗОМГОЛООР ХИЙСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Энэ хэсэгт хаягдал модны зомголыг боловсруулж хийсэн сагс, сарнай болон лааны суурь байна. Сагсыг өрх толгойлсон эмэгтэйчүүд гараараа сүлжин хийж, “Хаядалгүй булан”-д нийлүүлдэг аж. Харин сарнайг дэлгүүрийн ажилтнууд “Үхэшгүй мөнхийн сарнай” гэж бэлгэддэг бөгөөд хайртай дотны хүмүүстээ бэлэглэх чамин бөгөөд эко бэлэг болдог байна. “Lhamour” брэндийн логотой лааны суурь мөн хаягдал модны зомголоор хийгдсэн аж.

Үүний дээр олон удаа ашиглах боломжтой, байгальд ээлтэй тааран тор бий. Өнгөрсөн жил гялгар уутны хэрэглээг хязгаарлах тухай шийдвэр гарсантай холбогдуулан тус тааран торыг үйлдвэрлэж, “Хаягдалгүй булан”-д байршуулах болжээ.


“Lhamour” брэндийн тус салбар дахь худалдааны зөвлөх З.Балдоржтой ярилцахад, тэрбээр,

“ “Хаягдалгүй булан” санаачилга маань хэрэгжээд хоёр жил болж байна. Анх гурван төрлийн биеийн тос болон тестер хэлбэрээр туршиж үзэх зорилгоор худалдан авах боломжтой, жижиг хэмжээний савангуудтай эхэлсэн. Харин одоогийн байдлаар хоёр төрлийн нүүрний тос болон үсний тос, хаягдал модны зомголыг боловсруулж хийсэн сагс, сарнай, лааны суурь, тааран тор зэрэг нэмэгдэж, баяжаад байна.

“Zero Waste Mongolia” гэсэн Фэйсбүүк группийн гишүүдэд зориулж анх “Хаягдалгүй булан” нээгдсэн гэж ойлгож болно. Сүүлдээ хуванцар савыг байгальд хаяхгүйгээр дахин дахин ашиглаж эко, минимал хэвшлийг бий болгох зорилготой хүмүүс олширч, тогтмол хэрэглэгчид бий болсон. Манай дэлгүүрээс тухайн тосоо хуванцар савлагаатай хэлбэрээр нь худалдаж аван, хэрэглэж дууссан бол хоосон саваа буцаан авчирч цэнэглүүлээд хөнгөлөлт эдлэх боломжтой. Энэ нь хэрэглэгчдээ байгальд ээлтэй хэвшлийг сонгож буйнх нь төлөө урамшуулж байгаа хэрэг.

Одоогоор зөвхөн хэрэглэж дууссан өөрийнх нь хуванцар саванд дүүргэж өгч байгаа. Хэрэглэгчид гэрээсээ өөр савнууд авчирч, хийлгэхийг хүсэх нь бий. Тухайн саванд нь тохируулж хэмжээ болон үнийг тооцно гэдэг хүндрэлтэй учир зөвхөн өөрийнх нь хуучин савыг “цэнэглэж” өгдөг” хэмээсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ddddd
ddddd
2020-01-13 18:06

asdfasdfasdfasdf

ddddd
ddddd
2020-01-13 18:07

yaaaana we

Зочин
Зочин
2020-01-21 22:58

Wow, taalagdlaa

Холбоотой мэдээ

Back to top button