Тодруулга: Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн саатуулах санал ирээгүй байна

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг цагдан хорих, өөрөөр хэлбэл сэжигтнээр баривчилсан хугацаа өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 21-ний 22:00 цагт дуусах гэж байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулан асуухад, "Хуулийн дагуу суллагдах хугацаанд нь суллана. Харин прокурор, шүүхийн байгууллага тэднийг үргэлжлүүлэн хорих, шаардлагатай эсэхийг шийднэ" гэж мэдээллээ.
Харин тэднийг үргэлжлүүлэн саатуулах санал ирсэн эсэх талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тодруулан асуухад, "Одоогоор манайд энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн, хүсэлт ирээгүй" гэж мэдээллээ.
Баривчлах хугацаа ямар шат дамжлагаар явагддаг вэ?
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар:
1. Сэжигтнийг баривчлах үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд, хууль сахиулах байгууллага (Цагдаагийн газар, АТГ гэх мэт) шүүхийн зөвшөөрөлтэйгээр түр хугацаанд баривчлах буюу цагдан хорьдог.
2. Эхний удаад 48 цаг буюу 2 хоног хүртэл хугацаанд сэжигтнийг баривчлах боломжтой. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, хэргийн нөхцөл байдал тогтоогддог.
3. Хэрэв мөрдөн байцаагч, прокурор нар тухайн сэжигтэнг суллах нь хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэж үзвэл үргэлжлүүлэн хорих санал гаргаж, түүнийг шүүхээр хэлэлцүүлдэг.
4. Шүүх нь баримт нотолгоонд үндэслэн тухайн хүнийг үргэлжлүүлэн баривчлах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв шүүх хорих шаардлагагүй гэж үзвэл сэжигтнийг суллана. Харин хэрэгт холбогдолтой, оргон зайлах магадлалтай гэж үзвэл тодорхой хугацаагаар үргэлжлүүлэн баривчилна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.