Хуурамч элчин сайдын яам ажиллуулж байсан эрэгтэйг Энэтхэгийн цагдаа нар баривчилжээ

Энэтхэгийн цагдаа нар нийслэл Нью-Делигийн ойролцоо түрээсийн орон сууцанд хуурамч элчин сайдын яам ажиллуулж байсан этгээдийг баривчилж, хуурамч дипломат дугаартай автомашинуудыг хураан авчээ.
Энэтхэгийн хойд хэсэгт байрладаг Уттар Прадеш мужийн цагдаа Сушил Гүлэг мэдэгдэхдээ, сэжигтэн өөрийгөө элчин сайд хэмээн нэрлэж, гадаадад ажилд зуучилж өгнө хэмээн хүмүүсийг мэхэлж, мөнгө залилсан гэсэн юм.
Цагдаагийн мэдээлснээр, 47 настай Харшвардхан Жайн өөрийгөө “Себорга” болон “Вестарктика” гэх байгууллагын зөвлөх эвсэл элчин сайд гэж танилцуулдаг байжээ.
Жайн дэлхийн удирдагчидтай хамт зургаа авхуулсан мэтээр эвлүүлсэн олон гэрэл зураг, Энэтхэгийн Гадаад хэргийн яам болон гуч гаруй улсын хуурамч тамга тэмдгийг хураан авсан байна.
Мөн тэр гадаад дахь бүртгэлгүй компаниудыг ашиглан хууль бус мөнгө угаасан байж болзошгүй цагдаа нар сэжиглэж байгаа юм. Түүнд хуурамч бичиг баримт үйлдэх, өөр хүн болж дүр эсгэх, хууль бус баримт бичиг эзэмших зэрэг зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж буй.
Цагдаа нар Жайны түрээсэлж байсан байрнаас хуурамч дипломат дугаартай дөрвөн машин, 4.5 сая орчим энэтхэг рупи (52 мянган ам.доллар) болон бусад орны валютыг бэлнээр хураан авчээ. Мөн тэрхүү байр нь янз бүрийн улсын туг далбаагаар чимэглэгдсэн байсан юм.
Гаднын орнуудад хуурамч элчин сайдын яам ажиллуулж байсан хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал Гана улсын нийслэл Аккра хотод гэмт этгээдүүд 2015-2016 оны хооронд хуурамч АНУ-ын элчин сайдын яам ажиллуулж байсан юм.
Хоёр давхар ягаан өнгийн байшинд үйл ажиллагаа явуулж байсан тэрхүү “элчин сайдын яам” нь АНУ-ын далбаа, Ерөнхийлөгч Барак Обамагийн хөрөг зурагтай байсан аж. Гэмт хэрэгтнүүд тус байраар дамжуулан виз, үнэмлэх зэрэг хуурамч бичиг баримт гаргаж, нэг бүрийг нь 6 мянган ам.доллароор худалдаалдаг байжээ.
1969-1970 оны хооронд Польш улсын иргэн Чехслав Шлива өөрийгөө Австрийн консул хэмээн мэдэгдэж. Тэр Вроцлав хотод зочид буудлын өрөө түрээсэлж консулын газар гэж ажиллуулдаг байсан юм. Шлива хуурамч тамга, нэрийн хуудас бүр туслах ажилтнууд хүртэл хөлсөлсөн аж. Тэрбээр Польшийн аюулгүй байдлын албан баригдсан байдаг.
Зургийн эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.