Тайванийн эрх баригчид Бээжинд ээлтэй сөрөг хүчний хууль тогтоогчдыг буулгах гэж оролдсон ч бүтэлгүйтэв

Тайванийн эрх баригч нам БНХАУ-д ээлтэй байдаг сөрөг хүчний 24 хууль тогтоогчийг, парламентад олонх болох гэсэн урьд өмнө байгаагүй оролдлого хийсэн ч бүтэлгүйтэв. Тэдгээр хууль тогтоогчдыг дэвшүүлсэн бүх тойргийн сонгогчид уг оролдлогыг нь няцаасан байна.
Бямба гарагийн /2025.07.26/ Тайвань сонгуулийн 24 тойрогтоо санал хураалт явуулсан юм. Энэ нь орон нутгийн хууль тогтоогчдыг эргүүлэн татаж, дахин сонгууль явуулахыг зөвшөөрөх эсэх тухай санал хураалт байв. Эрх баригч Ардчилсан прогрессив нам нийтдээ 31 тойрогт ийм санал хураалт явуулна.
Орон нутгийн цагаар 16:00 цагт санал хураалт хаагдаж, 19:00 гэхэд Төв сонгуулийн хороо бүх тойрог эрх баригч намын санаачилгыг дэмжээгүй гэж гэж мэдэгдсэн юм.
Хууль тогтоогчийг парламентаас эргүүлэн татах хуулийн дагуу тухайн суудлыг чөлөөлөхийн тулд дэмжсэн саналын тоо нийт сонгогчдын дор хаяж 25 хувийг эзэлж, эсэргүүцсэн саналаас олон байх ёстой.
Эдгээр 24 тойрог болон эргүүлэн татах санал хураалт хараахан явагдаагүй байгаа долоон тойргийг сөрөг хүчний Гоминдан нам төлөөлдөг. Гоминдан нам эвслийн түнштэйгээ хамтаар өнгөрсөн жилийн сонгуулиас хойш Тайванийн парламентад олонхын статусыг эзэмшиж байгаа. Тус сонгуулиар Ардчилсан прогрессив намын Лай Чин Тэ ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэрбээр БНХАУ-ын түрэмгийллийг сөрөн зогсохоо амласан байдаг.
Сөрөг хүчний эвсэл парламентад олонх тул Ардчилсан прогрессив намын санаачилсан батлан хамгаалахын төсвийг нэмэх зэрэг хуулийн төслүүдийг хааж, Үндсэн хуулийн шүүхийн томилгоог гацааж, Тайванийн батлан хамгаалалтыг сулруулах агуулгатай гэж шүүмжлэгдсэн хуулийн төслүүд өргөн барьсан. Ингэж саад болж буй нь олон нийтийн эсэргүүцлийг дэгдээж, улмаар эргүүлэн татах хөдөлгөөн үүсэхэд хүргэсэн байна. Бямба гарагийн санал хураалтад ялсан Гоминдан намыг илүү зоригжуулсан гэж ажиглагчид дүгнэжээ.
Тайванийн парламент 113 суудалтай. Тэр суудлаас ердөө зургааг нь эргүүлэн татагдсан тохиолдолд Лай Чин Тэ болон түүний намын бодлого хэрэгжих боломж нээгдэх байсан юм. Тийм зүйл болбол БНХАУ-ын Коммунист намын уур хилэнг өдөөх магадлал өндөр. Хятадын Коммунист нам Лай Чин Тэ болон Ардчилсан прогрессив нам Тайванийг БНХАУ-тай нэгтгэх төлөвлөгөөнд саад хийдэг салан тусгаарлагчид хэмээн үздэг.
Ойрын долоо хоногуудад Гоминданы долоон суудлын эргүүлэн татах санал хураалт болно. Бямба гарагийн санал хураалтын үр дүн нь Ардчилсан прогрессив намд кампанит ажлаа илүү хүчтэй явуулах шахалт боллоо. Тэдний зорилго бол зургаагийн суудлыг эргүүлэн татах юм.
Бямба гарагийн орой Ерөнхийлөгч Лай Чин Тэ санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхийг ард иргэдэд уриалжээ. Тэр “Энэ бол нэг намын ялалт ч биш, нөгөө намын ялагдал ч биш, харин ардчиллын илрэл” гэсэн байна.

Лай Чин Тэ нэмж “Биднийг хүлээж буй сорилт олон байгаа. Дотоод зөрчилдөөнийг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэж чаддаг, сонгуулийн дараа ардчилсан сэтгэлгээгээрээ нэгдэж чаддаг орон гэдгээ дэлхий дахинд бид харуулах ёстой” хэмээжээ.
Гоминдан нам мэдэгдэл хийхдээ Ардчилсан прогрессив нам сонгуулийн дүнг эргүүлэх гэсэн оролдлогыг ард иргэд урс няцаалаа гэсэн байна. Мөн энэ санал хураалтыг Хятад-Тайваны харилцаа эсвэл гадаад бодлогын илэрхийлэл гэж үзэж болохгүй, Хятадыг дэмжигч эсвэл Тайваныг дэмжигч гэсэн шүүлтүүрээр тайлбарлах ёсгүй хэмээсэн юм. Гоминдан “Бид Тайванийн ард түмэнтэй хамт зогсож байгаа. Тогтвортой байдал, чадварлаг засаглал, хамтын оролцоог иргэд хүсч байна” гэсэн байна.
Эргүүлэн татах кампанит ажлыг иргэний нийгмийн бүлэг, идэвхтнүүд эхлүүлж Ардчилсан прогрессив нам албан ажил болгосон. Тэд Гоминданы 31 хууль тогтоогч Хятадын нөлөөнд автсан хэмээн үзэж, Тайванийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж буруутгасан юм.
Харин Гоминдан үүнийг эрс няцаасан. Ардчилсан прогрессив намыг Тайванийг нэгтгэхийг эсэргүүцдэг ч, өнөөгийн энх тайвнаа хадгалах хамгийн сайн арга нь Бээжинтэй илүү найрсаг харилцаа тогтоох явдал гэж үздэг.
Гоминдан нам болон тэдний дэмжигчид эргүүлэн татах хүчин чармайлтыг өнгөрсөн жилийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан, эрх мэдэл булаацалдсан, ардчиллын эсрэг оролдлого хэмээн шүүмжилсэн юм. Бээжин мөн эргүүлэн татах хөдөлгөөнийг шүүмжилжээ. БНХАУ-ын Тайванийн хэрэг эрхлэх байгууллага өмнө нь Лай Чин Тэг дарангуйлагч хэмээн нэрлэж, нэг намын ноёрхлыг хүсэж байна гэж буруутгасан.
Тайванийн эх газрын хэрэг эрхлэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт “БНХАУ-ын Коммунист нам Тайванийн ардчилсан үйл явцад хөндлөнгөөс оролцох гэж оролдож буй нь ил тод, тодорхой байна” гэж мэдэгджээ.
Гоминдан үүний хариу арга хэмжээ болгон Ардчилсан прогрессив намын гишүүдийг эргүүлэн татах кампанит ажил өрнүүлсэн ч бүгд амжилт олоогүй. Түүнчлэн хэд хэдэн албан тушаалтныг хуурамч гарын үсэг цуглуулсан хэргээр баривчилсан байна.
“International Crisis Group”-ийн Зүүн хойд Азийн ахлах шинжээч Уильям Янг уг явдал Тайванийн нийгмийн хуваагдлыг улам гүнзгийрүүлсэн гэжээ. Тэрбээр “Тайванийн улс төрийн намууд уг үйл явцыг гүнзгий тунгааж, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг хангах асуудлуудаар хэрхэн зөвшилцөлд хүрч болох талаар эргэцүүлэх ёстой” хэмээсэн юм.
Мөн Янг Ардчилсан прогрессив нам Хятадын үзүүлж буй аюулыг сонгуулийн кампанит ажилд ашиглаж буй орон нутгийн түвшинд асуудал үүсгэж магадгүй гэж анхааруулав.
“Хятадын тал бямба гарагийн үр дүнг, олон тайванчууд Лай Чин Тэ болон Ардчилсан прогрессив намын “Хятадын үзүүлж буй аюул” гэх ухуулгыг дэмжихгүй байгаагийн дохио гэж үзэж магадгүй. Үүний үндсэн дээр тэд Тайванийг энхийн замаар нэгтгэх боломжтой хэвээр гэж бодож болох юм. Гэхдээ энэ нь Бээжин Тайваньд үзүүлж буй цэргийн болон улс төрийн шахалтаа багасгана гэсэн үг биш” гэж Янг хэлжээ.

Санал хураалтын өмнөх орой нийслэл Тайпэйд хоёр намыг дэмждэг олон арван мянган хүн оролцсон томоохон цуглаан болсон. Ардчилсан прогрессив намыг дэмжсэн цуглаанд оролцсон сайн дурын ажилтан Жулиа Лин “Гоминдан одоо өөрсдийгөө ялагдашгүй гэж бодох вий” хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Тэдний үйлдэл хэт хариуцлагагүй болсон. Тайванийн хууль тогтоогчийн хувьд тэд ардчиллын үнэ цэнэ, хууль эрх зүйн мэдлэгээ алдсан. Бид санал хураалтаар амжилт олоогүй ч, дуу хоолойгоо хүргэж, Тайванийн нөхцөл байдалд анхаарал хандуулдаг хүмүүсийг энэ хүчин чармайлтдаа татан оролцуулахын тулд хичээх хэрэгтэй” гэж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.