Хүмүүс амьдралын хэв маягаа өөрчилж, вакцин хийлгэвэл элэгний хорт хавдраас сэргийлэх боломжтой

Дэлхий даяарх элэгний хорт хавдрын таван тохиолдлын гурвыг нь таргалалт, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах болон хепатитын вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх замаар урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг судалгаагаар тогтоожээ.
“The Lancet” эрүүл мэндийн сэтгүүлийн Элэгний хорт хавдрын комиссийн судалгаа элэгний хорт хавдрын ихэнх тохиолдлыг согтууруулах ундааны хэрэглээ, элэг өөхлөх өвчин болон хепатит В, С вирусийн тархцыг бууруулах замаар сэргийлэх боломжтой гэж дүгнэсэн байна.
Жил бүр элэгний хорт хавдрын шинэ тохиолдлыг 2–5 хувиар бууруулж, 2050 он гэхэд 9–17 сая шинэ тохиолдлоос урьдчилан сэргийлж, 8–15 сая хүний амийг аврах боломжтой гэж эрдэмтэд тооцоолжээ. Тус комисс улс орнуудын бодлого боловсруулагчдад зориулж хэд хэдэн зөвлөмж танилцуулсан аж.
Судалгааг удирдан явуулсан БНХАУ-ын Фудан их сургуулийн профессор Жиан Жоу "Элэгний хорт хавдар дэлхий даяар өсөн нэмэгдэж буй нь эрүүл мэндийн ноцтой асуудал болоод байна. Элэгний хорт хавдар бол эмчилгээ хийхэд хамгийн хүндрэлтэй хорт хавдрын нэг. Оношлогдсон хүн таван жил амьдрах магадлал 5–30 хувь л байдаг. Хэрэв бид яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх 25 жилд элэгний хорт хавдрын тохиолдол, нас баралт бараг хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй байна" гэжээ.
Дэлхий даяар авч үзвэл элэгний хорт хавдар нь зургаа дахь хамгийн түгээмэл хорт хавдар юм. Мөн хавдраар нас барж буй шалтгааны гуравт элэгний хорт хавдар ордог. 2022 онд 760,000 хүн элэгний хорт хавдраар нас барсан бол энэ тоо 2050 он гэхэд 1.37 саяд хүрэх төлөвтэй байна.
Өмнөх тооцооллоор элэгний хорт хавдрын шинэ тохиолдол 2022 онд 870,000 байсан бол 2050 он гэхэд 1.52 саяд хүрэхээр байгаа юм. Энэ нь дэлхийн хүн амын өсөлт болон хөгшрөлттэй холбоотой. Элэгний хорт хавдрын тохиолдлын хамгийн их өсөлт Африк тивд үзэгдэх төлөвтэй. Одоогийн байдлаар дэлхийн элэгний хорт хавдрын нийт тохиолдлын 40 гаруй хувь нь БНХАУ-д бүртгэгддэг нь тус улсад хепатит В вирусийн тархалт харьцангуй өндөр байдагтай холбоотой.
Элэгний хорт хавдрын тохиолдол дэлхий дахинд хамгийн хурдацтай нэмэгдэж буй шалтгаануудын нэг бол элэг өөхлөх өвчин юм. Энэ өвчин таргалалт нэмэгдэж буйтай зэрэгцэн улам ихсэх төлөвтэй байна.
Дэлхийн хүн амын гуравны нэг нь метаболизмын алдагдалтай элэг өөхлөх өвчин (MASLD) буюу хуучнаар архигүй элэг өөхлөх өвчинтэй гэх тооцоо бий. Энэ нь хүний элгэнд өөхөн эд хуримтлагддаг өвчин юм. Үүнээс шим тэжээл нь тэнцвэртэй хоол идэж, биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж, шаардлагатай тохиолдолд жингээ хасах замаар сэргийлэх боломжтой.

“MASLD” өвчинтэй хүмүүсийн 20–30 хувь нь илүү ноцтой хэлбэр болох метаболизмын алдагдалтай элэг өөхлөх үрэвсэл (MASH) руу шилждэг байна. Энэ өвчин нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Комиссийн тооцооллоор 2022 онд элэгний хорт хавдрын 8 хувь нь “MASH” өвчинтэй холбоотой байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 11 хувь болох төлөвтэй.
Элэгний хорт хавдар хурдацтай нэмэгдэж буй хоёр дахь шалтгаан нь согтууруулах ундаа юм. Согтууруулах ундаатай холбоотой элэгний хавдрын тохиолдол 2022 онд 19 хувь байсан бол 2050 онд 21 хувь болохоор байна. Харин хепатит В вирусээс үүдэлтэй хавдрын тоо 39 хувиас 37 хувь болж, хепатит С вирусээс шалтгаалах тохиолдол 29 хувиас 26 хувь болж буурах хандлагатай байгаа юм.
АНУ-ын Бэйлорын Анагаахын сургуулийн профессор Хашем Б. Эл-Сераг "Өмнө нь элэгний хорт хавдар голчлон хепатит вирус эсвэл архины хэрэглээнээс үүдэлтэй гэж үздэг байсан. Гэвч одоо үед таргалалт нэмэгдэж байгаа нь элэгний хорт хавдрын шинэ эрсдэлт хүчин зүйл болоод байна. Учир нь таргалснсар элгэнд өөх хуримтлагддаг" гэжээ.
“The Lancet” сэтгүүлийн Элэгний хорт хавдрын комиссын зөвлөмжид дараах зүйлс багтсан байна:
- Засгийн газрууд хепатит В вирусийн вакцинжуулалтыг өргөжүүлж, насанд хүрэгчдэд нийтээр нь үзлэг хийдэг болох.
- Согтууруулах ундааны хамгийн бага нэгжийн үнийг тогтоох, элсэн чихэрт татвар ногдуулах, анхааруулах шошго тавих.
- Элэгний гэмтэл болон хавдрыг эрт илрүүлэхэд хөрөнгө оруулах.
- Элэгний өвчинтэй хүмүүст зориулсан тусламж, сувилгааг сайжруулах.
Францын Бужоны эмнэлгийн профессор Валери Паради "Элэгний хорт хавдрын тохиолдол нэмэгдэж буй нь ноцтой, яаралтай анхаарах ёстой эрүүл мэндийн асуудал гэдгийг нийгэмд ойлгуулах хэрэгцээ тулгарч байна. Бусад хорт хавдруудтай харьцуулахад эмчлэхэд тун хүнд боловч онцгой эрсдэлт хүчин зүйлүүдтэй учир урьдчилан сэргийлэх тодорхой стратеги боловсруулах боломжтой. Тасралтгүй, хамтарсан хүчин чармайлтаар элэгний хорт хавдрын олон тохиолдлоос сэргийлж, өвчтөнүүдийн амьдралын чанар болон амьд үлдэх боломжийг мэдэгдэхүйц сайжруулж чадна" гэжээ.
Кембрижийн Их Сургуулийн Эрт үеийн хорт хавдрын хүрээлэнгийн элэг судлалын дэд профессор, доктор Мэтт Хоар хэлэхдээ "Элэгний хорт хавдар бол бусад олон хорт хавдраас ялгаатай. Учир нь нас баралтын түвшин одоо ч нэмэгдсээр байгаа. Үүний шалтгаанууд бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг," хэмээсэн байна.
Тэрбээр нийгмийн эрүүл мэндийн бодлогын өөрчлөлт үр дүнтэй байдгийг онцолжээ. Япон улс энэ тал дээр амжилттай ажиллаж, урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлэн, хавдрыг эрт илрүүлэх замаар нас баралтын түвшнийг бууруулж чадсан аж. Хоар одоо элэгний өвчтэй хүмүүс дотроос хэн нь хавдартай болох эрсдэлтэйг илрүүлэх зорилгоор элэгний ДНХ-ийг судалж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо вакцинд итгэдэг хүн байхгүй болсон.М�##�чид м�##�даа ч вакцин хийлгэхээ больж байхад.Вакцин гэж бизнес шүү дээ.
Вирусгүй шинжилгээний хариу гарв�##� вакцин хийлгэх шаардлагатай, Вакцин нь олон жил хамга�##�даг давуу т�##�тай. 2. Элэг эхэн үедээ хоол ундаар засагдах бүрэн боломжтой эрхтэн. Эмч элэг чинь өөхтэй байна гэвэл хоолны дэглэм барьж эрүүл зөв хооллох т�##�аар суд�##�ж мэдээд хэрэгжүүлэбэл амархан сэргэж өөх нь арилдаг. Ихэнх хүмүүс ЭХО-н эмчээс өөхтэй гэж сонсч байсан байх. Элэг хэвийн бус түвшинд байгаа эхний шатны мэдээлэл. Та гурил, муу өөх тос, сахар их муу хатсан гэх мэт жимсийг багасгав�##� элэгний өөх арилна.