Трамп тарифаа өсгөсөнд Швейцар гайхаж, тохиролцоонд хүрэхээр зорьж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.07.31/ тохиролцоо хийгээгүй улс орнуудад ногдуулах гаалийн татвараа өсгөх гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан. Тэгвэл Швейцарын засгийн газар баасан гарагт /2025.08.01/ мэдээлэл хийхдээ Трамп улсад нь 39 хувийн гаалийн татвар ногдуулсанд сэтгэл дундуур байна гэжээ. Швейцарын эдийн засаг экспорт дээр ихээхэн суурилдаг юм.
Трамп Европын холбооны ихэнх импортод 15 хувийн гаалийн татвар тавьсан байгаа. Харин Швейцарын барааны тариф үүнээс хоёр дахин илүү өндөр байна. Ийм өндөр тарифын улмаас олон арван мянган ажлын байр алдагдахад хүрнэ гэж Швейцарын үйлдвэрлэгчид баасан гарагт мэдээлжээ.
Анх Трамп Швейцарын бараанд 31 хувийн гаалийн татвар оноогоод байсан билээ. Гэвч Цагаан ордон тус улсыг саад бэрхшээлийг арилгахын тулд утга учиртай буулт хийхээс татгалзсан учир тарифыг нь нэмж 39 хувь болгосон гэсэн байна. Цагаан ордны нэгэн албан тушаалтан “Швейцар бол дэлхийн хамгийн баян, өндөр орлоготой орнуудын нэг. Ийм учир АНУ нэг талд ашигтай худалдааны харилцааг хүлцэнэ гэж найдаж болохгүй” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.