Монгол, Японы өсвөрийн сагсчид нэгнээсээ туршлага судлан, нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа

Чингэлтэй дүүрэг, Японы Шизоүка мужийн Яйзү хотын хамтын ажиллагааны хүрээнд өсвөрийн тамирчдыг дэмжих, нэгнээсээ суралцах уламжлалт нөхөрсөг тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил Японы Яйзү хотын ахлах сургуулийн шигшээ багийн 12 тамирчин Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн байна.

Хоёр орны өсвөрийн тамирчид өчигдөр Чингэлтэй цогцолборт бэлтгэл хийхийн сацуу, үе тэнгийн нэгнээсээ туршлага судалж, сагсан бөмбөгийн спортын тухай, тоглох арга барил гээд олон зүйлээр ярилцаж нөхөрлөжээ. Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороон дээр нөхөрсөг тэмцээнд оролцлоо. Хэдийгээр нөхөрсөг тэмцээн ч гэлээ хоёр орны залуу тамирчдын хувьд олон улсын хэмжээний өндөр түвшний тоглолт үзүүлж, 60:47 онооны харьцаагаар Монголын баг ялжээ. Энэхүү хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тэмцээн нь залуу тамирчдад бие биеэсээ суралцах, тоглох арга барил, тактик, бэлтгэл сургуулилтийн онцлогийг харьцуулах боломж олгосон тухай багийн дасгалжуулагч нар онцолсон юм.



Чингэлтэй дүүрэг, Японы Шизоүка мужийн Яйзү хоттой хамтын ажиллагааны хүрээнд урлаг спорт, шинжлэх ухаан, боловсрол, онцгой гээд олон салбар чиглэлд хамтран ажиллаж ирсэний нэг нь энэхүү залуу тамирчдыг дэмжих хөтөлбөр юм. Өнгөрсөн жил Засаг даргын дэргэдэх өсвөрийн хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид Японы Яйзү хотод зочилж байсан бол энэ удаа тус хотын өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчид Чингэлтэй дүүрэгт зочилж буй нь энэ юм.
А.ТЭНҮҮН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.