Нийгэм мэдээ

“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна

Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар долоон байршилд үзэсгэлэн худалдааг дэлгэжээ. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа болж буй байршлын нэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайд газар тариалан эрхлэгч, зөгийн аж ахуй эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид төмс, байцаа, лууван, манжин, сонгино гээд өргөн хэрэглээний хүнсний ногооноос гадна олон төрлийн нарийн ногоо, даршилсан ногоо, зөгийн балыг зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байлаа.

Үзэсгэлэн худалдаанд 9 дэх жилдээ оролцож буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин О.Байгалмаа “2016 оноос хойш Барилгачдын талбайд ногоогоо борлуулж байна. Байцаа, лууван, төмс, сонгино, манжин болон 5-6 төрлийн нарийн ногоо, 4 төрлийн хулуу, 13 төрлийн даршилсан ногоог өөрөө тарьж, бэлтгэж авчирсан. Манай сум 27 мянган хүн амтай боловч бүгд дор бүрнээ тариалан эрхэлдэг учраас сумандаа ногоогоо тарихад борлуулалт бага байдаг. Тиймээс хотод ирж, төвлөрсөн цэгт ногоогоо зарахад тариаланчид төдийгүй нийслэлчүүдэд их хэрэгтэй. Бид борлуулалтаа ч хийнэ. Иргэд ч шинэ чанартай ногоогоо хямд үнээр худалдан авдаг” гэлээ.

“Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаанд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан, Төв, Булган, Ховд, Өмнөговь аймгийн болон Улаанбаатар хотын 60 гаруй иргэн, тариаланч оролцож байгаа юм. Өргөтгөсөн худалдаанд оролцож байгаа тариаланчид холбогдох журамд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж, ариун цэврийн үзлэг шинжилгээнд хамрагдаад зогсохгүй бүх ногоогоо шинжилгээнд хамруулж, химийн бордоогүй гэдгийг нь нотолж байж үзэсгэлэндээ оролцох эрхтэй болдог гэнэ.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Номин “Нийслэлийн хүн амыг чанартай, шинэ ногоогоор хангах зорилготой “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаанд Чингэлтэй дүүргээс Барилгачдын талбай болон “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай гэсэн хоёр байршилд оролцож байна. “Барилгачдын талбай”-д гарч буй үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн газар тариалан эрхлэгч иргэд оролцож байгаагаас гадна Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Хөвсгөл аймгаас иргэд, тариаланчид оролцож байна” гэлээ.

Уг өргөтгөсөн худалдаанд 8 дахь жилдээ оролцож буй Сэлэнгэ аймгийн Хэрх тосгоны газар тариалан эрхлэгч Б.Батмаа “Намрын улиралд ийм сайхан шинэ ногоонууд гардаг. Өргөст хэмх, улаан лооль, чинжүү, хаш зэрэг нарийн ногооноос эхлээд бүх төрлийн ногоог зарж байна. Олон жил оролцож байгаа болохоор үйлчлүүлэгчид утасдаж, эрж сураад ч ирдэг болсон. Энэ жил манай нутагт хур бороо бага орсон учраас ургац оройтож хураасан. Их ургац хураалт есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр болох төлөвтэй байна” гэсэн юм.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд намрын шинэ ногооны үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаа дараах долоон байршилд дэлгэгджээ.

  1. Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Сэлэнгэ” худалдааны төвийн баруун талд
  2. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай
  3. Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, “Өлзий” төвийн эсрэг талын хүнсний ногооны контейнер
  4. Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
  5. Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай
  6. Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
  7. Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “Сансар” үйлчилгээний төвийн гадна талбай /Одоогоор уг худалдааны төвийн тохижилтын ажил дуусаагүй тул “Хүрмэн” эмийн сангийн хойно түр байрлаж байгаа/

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button