Гадаад

Орос Америкийн хэлэлцээ: Трамп дахин Путинд хууртах уу

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний зөвлөхүүд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хууртагдаагүй хэмээн итгүүлсээр энэ хүрлээ. Олон жилийн турш ОХУ-ын төрийн тэргүүнд эерэг хандлага илэрхийлсний эцэст Трамп саяхан АНУ-ын олон жилийн өрсөлдөгчтэй харилцаагаа сайжруулж, Путины байр суурь ямартай ч нэг талаар өөрчлөгдсөн хэмээн тайлбарлаж буй.

Гэвч өнгөрснийг шинэчлэн бичих гэсэн эдгээр оролдлогуудын дараа ч, Трамп хамгийн өндөр түвшний уулзалтад оролцохоор зэхэж байгаа нь дахин хууртагдсан мэт харагдах нөхцөл үүсэх болов. Путиныг АНУ-д албан ёсоор хүлээн авах нь түүхийн туршид эрсдэлтэй алхам байсаар ирсэн бөгөөд зөвхөн өнгөрсөн долоо хоногт Аляскад дээд хэмжээний уулзалт хийхээр зарласнаас хойш, энэ эрсдэл Трампын өөрийн үг, үйлдлээс шалтгаалан улам нэмэгдсээр байна.

Энэ баасан гарагийн уулзалтын өмнөхөн Трамп болон Цагаан ордон уулзалттай холбоотой хүлээлтийг хянахыг оролдох болсон. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Левитт үүнийг зүгээр л санал сонсох уулзалт хэмээн тодорхойлсон бол Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч санал нэг байлаа. Трамп хэлэхдээ “Энэ бол ердөө эхний уулзалт” гэж онцлон, дараагийн уулзалт магадгүй Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийг оролцуулсан уулзалт байх боломжтой гэх ойлголтыг төрүүлж буй.

Хугацаа дөхөх тусам Трамп хэлэлцээ хийхэд ойртож байгаа гэх агуулгуудыг байн дахин хэлэх болсон. “Путин бүх асуудлыг шийдэхийг хүсэж байгаа, тэр эхнээсээ тэгж хүсэж ирсэн гэж би бодож байна” хэмээн Трамп “Fox News”-ын хөтлөгч Брайн Килмидийн радиогийн нэвтрүүлэгт ярьжээ.

“Гэхдээ надтай, миний удирдаж буй АНУ-тай харилцаагаа дээрдүүлэх сонирхол бий  учраас тэр хэлэлцээ хийнэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлов. Өдрийн дараа Цагаан ордны уулзалтын танхимд Трамп, “Би ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг энх тайван тогтооно гэж бодож байна” гэж мэдэгдсэн.

Танил сонсогдох энэ үгийг зургаан сарын өмнө Трамп хэлж байсан. Тэр“Би түүнтэй маш сайн танил. Тийм ээ, тэр энх тайвныг хүсэж байгаа. Хэрэв хүсэхгүй байсан бол надад хэлэх байсан гэж бодож байна. Энэ тал дээр би түүнд итгэж байна” гэж 2-р сард мэдэгдэж байсан юм. Гэвч өнгөрсөн зургаан сар Путиныг тухайн үед энх тайван эрэлхийлээгүйг харуулсан. Гэтэл түүний эдгээр мэдэгдлүүд нь өнөөдөр энх тайвны хэлэлцээрт дэмжлэг үзүүлэхээс татгалзсаар байгаа нь Путинаас болж дахин дахин сөхөгдөж, өөрийг нь шүүмжлэх нэг сэдэв болсоор байна.

АНУ-ын Ерөнхийлөгч үнэхээр Путин энх тайван хүсэж байна гэж итгэсэн үү, эсвэл үнэхээр түүнд итгэл төрүүлэхүйц, түүнийгээ олон нийтийн өмнө батлан хэлэхээр байсан хэрэг үү. Трампын өөрийнх нь Оросын удирдагчийн талаарх байр суурийн өөрчлөлтийг тайлбарласан талаар анхааралтай ажвал тэр үнэндээ Путины сайхан үгэнд автаж, буруу үнэлэлт өгсөнөө шууд бусаар хүлээн зөвшөөрсөн мэт харагдана.

-Америкчуудын 59 хувь нь Трампыг Путины талаарх хувийн үнэлэмжээсээ шалтгаалан сайн хэлэлцээ хийж чадахгүй гэж үзжээ-

Трамп олонтаа “Путин сайхан зүйл хэлдэг ч үүнийгээ үйлдлээр баталдаггүй” гэж онцолж байв. Олон жилийн турш Путин өөрийг нь хуурч буй мэт мэдрэмж төрүүлэхээс зайлсхийж ирсэн гэдэгт огт анхаараагүй бололтой.

Дэлхий даяар баасан гарагийн уулзалтад төвлөрч байна. Магадгүй Трамп Путин хэлэлцээр хийхэд бэлэн гэдэгт үнэхээр итгэх шалтгаантай байж болох ч бид дотоод хэлэлцээ, бодит нөхцөл байдлыг нарийн мэдэхгүй хэвээр байна. Харин Трампын шинэ шалгуурын дагуу бол үгэнд бус, үйлдэлд л итгэх ёстой.

Нөгөө талаар олон талын шинэ мэдээллүүдээс харвал Трамп нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгоогүй байж магадгүйг олж харж болно. Пүрэв гарагийн өглөө CNN-ийн мэдээлснээр, Трамп сүүлийн үед Цагаан ордны албан тушаалтнууд болон Европын төлөөлөгчдөөс “Путин дээр яг юу өөрчлөгдсөн” талаар саналыг нь асуусан гэв.

Трамп Украйны энх тайвны хэлэлцээрийг илүү амархан хэрэгжих ажил гэж бодож байсан тухайгаа ч ил тод буюу пүрэв гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Би хамгийн амархан нь энэ байх гэж бодсон” хэмээн хэлсэн юм.

CNN-д ярьсан нэг эх сурвалжийн хэлснээр, “Одоо Трампын эргэн тойрныхон түүнд ‘Путин өөрчлөгдсөн’ гэсэн ойлголтыг өгөхийг хичээж байна. Ингэснээр тэр албан тушаалдаа орсон эхний мөчид Путин бол ‘сайн хүн’ гэсэн анхны сэтгэгдэл нь буруу байсныг хүлээн зөвшөөрөх гэж цаг алдах шаардлагагүй болсон байх ёстой. Уг нь Трамп олон жилийн турш Путины талаарх бодолдоо дүгнэлт хийж, үнэлэх цаг нь болсон.

Америкчуудын олонх нь ч Трампын Путинтэй харилцах хандлагад түүний хувийн дүгнэлт илүү түлхүү тусч буй сул талыг олж хардаг. Хэдийгээр Трамп гэрээ хэлцэл хийх тал дээр сайн, үүгээрээ ч олон жил нэр хүндийг олж ирсэн ч энэ удаад түүнийг Путинтай сайн хэлэлцээ хийж чадна гэдэг итгэл бага байна.

Пүрэв гарагт нийтэлсэн Pew Research Center-ийн санал асуулгаар, америкчуудын 59 хувь нь Трамп Украины дайны асуудлаар зөв шийдвэр гаргана гэдэгт бараг эсвэл огт итгэлгүй байгаа бол ердөө 16 хувь нь сайн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байгаа талаар хариулжээ.

Мөн америкчуудын дийлэнх нь Трамп Оросын талд илүү давуу байр суурь илэрхийлдэг гэж харсан байна. Өмнөх санал асуулгууд ч мөн адил, Оростой байгуулах аливаа боломжит хэлэлцээр нь Путинд хэт давуу нөхцөл олгож болзошгүй гэсэн айдас олон нийтэд байгааг харуулж байна.

Иймээс Баасан гараг нь Трампын хувьд энэ бүхнийг няцааж, үнэхээр сайн хэлэлцээр байгуулж чаддагаа харуулах боломж ч байж мэднэ. Гэвч өнгөрсөн алдааг дахин давтах вий гэсэн болгоомжлол ч мөн дагасаар байна.

Ц.ТАМИР

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button