Гэмт хэрэгУлс төрийн мэдээ

₮439 саяын хахууль авсан А.Мөнхтайванг 40 саяар торгож, 5 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасав

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч асан А.Мөнхтайван, Худалдан авалт хариуцсан ажилтнаар байсан Б.Цэнд-Аюуш, "Сетунари" ХХК-ийн захирал асан Д.Энхтуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон.

Дээр дурдсан гурван хүний хувьд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5  дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/ гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Эргэн сануулахад 2022 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг барих барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас хахууль авсан. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлсэн түүхтэй.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч асан А.Мөнхтайван нь нийт 439 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон. АТГ-аас хэрэгт холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа хийж байх үеэрээ А.Мөнхтайваны гэр болон ажлын газраас

  • 29 мянган доллар
  • 5960 евро
  • 18.3 сая төгрөгийг бэлнээр хураан авсан байдаг. Мөн энэ үеэр А.Мөнхтайван 27 хоног, Д.Энхтуяа 2 хоног баривчлагдаж байв.

АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Улмаар энэ хэрэг анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, цаашлаад Дээд шүүхийн хаалгыг ч татсан удаа бий. Харин дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцааснаар баасан гарагт дахин шүүх хурал товлогдсон юм.


Шүүх хэрхэн шийдвэрлэв, яллагдагч этгээдүүд тухайн мөнгөний талаар ямар мэдүүлэг өгсөн талаар энд хөрвүүлье.

Баасан гарагт /2025-08-15/-ны өдөр товлогдсон гэмт буруугийн шүүх хуралдаан танхимд дөрвөн цаг гаруй хуралдав. Энэ үеэр авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд дараах мэдүүлгийг өглөө.

-А.Мөнхтайван: Монгол улсад чин шударгаар цалингаараа амьдраад, ажиллаад явах боломж байхгүй гэж би боддог. Эрүүл мэндийн шаардлагаар гадаадад эмчлүүлэх шаардлага гарч Д.Энхтуяагаас тусламж авсан нь үнэн-

А.Мөнхтайван "Миний хувьд эрүүл мэндийн салбарт 30-аад жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан хүн. Анх Анагаах ухааны сургуулиас багшийн гараагаа эхлээд Эрүүл мэндийн яаманд хэлтсийн дарга, Хавдар судлалын үндэсний төвийн захирал, Мянганы сорилтын сангийн багийн ахлагч, захирлаар, хамгийн сүүлд Азийн хөгжлийн банкны төслийн зохицуулагчаар ажилласан. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлье, зөв чиглэлд нь оруулах гэсэн сэтгэл зүрхээр ажиллаж ирсэн. Тэр ч утгаараа Монгол улсад 43 сая долларын төслийг авч ирсэн хүний нэг би. Тухайн үеийн Ерөнхийлөгч энэ гавьяаг минь үнэлж алтан гадас одонгоор шагнаж байсан. Дээр дурдсан 43 сая долларын санхүүжилттэй төслийг миний бие удирдаж Монгол улсад амжилттайгаар өнөөдрийн Гуравдугаар эмнэлэгт буй зүрх судасны тасгууд анх удаа Монголд бий болж байсан түүхтэй. Ингэснээр маш олон хүний амь насыг аварсан томоохон амжилттай төслийн нэг.

Би 30 орчим жил хүнд өвчинтэй тэмцэж ирсэн. Гэтэл яг амь нас эгзэгтэй болж, тусламж хэрэгтэй болсон тэр үед би Д.Энхтуяагаасаа /"Сетунари" ХХК-ийн захирал асан/ тусламж авсан нь үнэн. Түүний хүчинд одоо би амьд, хүүхдүүддээ харагдаад амьдарч байна. Хүний амьдрал эрээнтэй , бараантай шүү дээ. Монгол улсад чин шударгаар цалингаараа амьдраад, ажиллаад явах боломж байхгүй гэж би боддог. Эрүүл мэндийн салбарыг мэддэг хүний хувьд чанартай тусламжийг Монгол улсад авахад хэцүү. Надтай адил хавсарсан оноштой хүмүүсийн хувьд өр зээлээ тавиад гадагшаа явах ямар ч боломжгүй болдог л доо. Тэр нөхцөл байдал надад тохиолдоод л явсан юм. Гэтэл надад сэтгэлээсээ тусалсан хүн одоо шүүх танхимд хэрэгт холбогдоод сууж байгааг харахад хувьд хүний хувьд хэцүү байна.

Мөн миний эрүүл мэндийн байдалтай холбоотой хоёр төвийн дүгнэлтийг хавсарган өгсөн байгаа. Тухайн үеийн эрүүл мэнд, амьдралын нөхцөл байдал, одоогийн эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж шүүх байгууллага нааштай шийдэж өгөөсэй хэмээн хүсэж байна"

Б.Цэнд-Аюуш "Би барилгын салбарт нийт 35 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Миний удам судар, аав ээж, үр хүүхдүүд бүгд шударга хүмүүс. Ямар нэгэн байдлаар хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан удаагүй. Монгол улсад хийсэн бүтээн байгуулалтыг дурдаад барахгүй. Намайг 2022 онд мэдүүлэг авахдаа эрүүдэн шүүсэн. Өмгөөлөгчгүйгээр өдрийн 13.30-аас оройн 18.00 цаг хүртэл өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардсан. Тухайн үед хууль зүйн мэдлэг ч байдаггүй байсан. Тиймээс эрхэм шүүгчид хандаж хэлэхэд надад хамаатуулаад буй энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна"

Д.Энхтуяа "Маш олон зүйлийг хэлмээр байгаа ч багтааж хэлэхээ мэдэхгүй байна. Өөрийгөө угтаа зөв явж байна л гэж бодож байлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон л юм бодлоо. Мөн чанартаа хүнд тустай явах сан л гэж боддог. Тухайн үед ч А.Мөнхтайван ахыг тусламж хүсэхэд яах аргагүй тусалсан нь үнэн. Гэтэл өнөөдөр энд ийм байдалтай зогсож байна гэж бодсонгүй. Бусад буруутгаж буй асуудлууд харин надтай огтоос хамаагүйг дахин хэлмээр байна" хэмээн мэдүүлсэн юм.

Харин шүүх хуралдааны үеэр Прокуророос Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/ гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж өмгөөлөгч, шүүгдэгч нарыг няцаах байр суурьтай шүүх хуралдаанд оролцож дараах ялын саналыг шүүх бүрэлдэхүүнд хүргүүлэв. Ингэхдээ

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч асан А.Мөнхтайванг Эрүүгийн хуулийн 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах гэм буруутайд тооцож 5 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасах, 3 жил нээлттэй хорих ангид хорих

"Сетунари" ХХК-ийн захирал асан Д.Энхтуяаг Эрүүгийн хуулийн 22.5-1 дүгээр заалт буюу Хахууль өгөх /1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ гэм буруу үйлдсэн хэмээн үзэж Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жил нээлттэй хорих ангид хорих

Худалдан авалт хариуцсан ажилтнаар байсан Б.Цэнд-Аюушийг гэм буруугүйд тооцож хэрэгсэхгүй болгох саналыг хүргүүлсэн.

Улмаар өмгөөлөгч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэг, үйл баримт, мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлт зэргийг харгалзан үзэж шүүх байгууллагаас дараах шийдвэрийг гаргалаа.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч асан А.Мөнхтайванд Эрүүгийн хуулийн 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах /1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ гэм буруутайд тооцож 5 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох. /Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорих ял оноохгүйгээр торгох ял оноосон/

"Сетунари" ХХК-ийн захирал асан Д.Энхтуяад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх

Худалдан авалт хариуцсан ажилтнаар байсан Б.Цэнд-Аюушийг буруугүйд тооцож шийдвэрлэв.

Мөн А.Мөнхтайваны битүүмжлэгдсэн 290 сая төгрөг, гэр ажлаас хураагдсан 140 сая төгрөгийн мөнгө, валютыг улсын орлого болгох, Д.Энхтуяагийн ажлын байрнаас хураан авсан мөнгө, баримтыг буцаан олгохоор шийдвэр гаргалаа.


Авлига авах, өгөх, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг нийгэмд хор аюулын чанар ихтэйд тооцогддог. Гэтэл улам бүр олширсоор буй. Цагдаагийн ерөнхий газрын хамгийн сүүлийн статистик мэдээллээс харахад 2025 оны эхний долоон сарын байдлаар Эрүүгийн хуулийн 22.1-22.12 дүгээр заалт буюу Авлигын гэмт хэрэг 15 бүртгэгдэн шалгагдаж байна. Энэ тоон мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зургаагаар нэмэгдсэн буюу хувьчлан тооцвол 66.7 хувиар өссөн үзүүлэлт гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button