Тодруулга: Дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамц нэмэх эсэхийг өнөөдөр шийднэ

Өнгөрсөн жил буюу 2024 онд сурагчид поло цамцаар жигдэрнэ гэгдэж байсан ч хичээл эхлэхийн өмнө Засгийн газрын хуралдааны шийдвэр гарч, нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөхөөр тогтсон.
Тодруулбал энэ тухай П.Наранбаяр сайд,
"2025-2026 оны хичээлийн жилд дотооддоо үйлдвэрлэсэн ханцуйтай, ханцуйгүй поло цамц оруулж ирэх сонголтыг бий болгох судалгааг хийх, стандартад өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын хэсэгт хувийн хэвшил, эцэг эхийн төлөөлөл, мэргэжлийн болон бодлогын байгууллагуудаас оролцоно. Тиймээс энэ жил поло цамц өмсөхгүй. Сонголттой болгоно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Стандартад өөрчлөлт оруулна" хэмээн мэдэгдэж байв.
Үүний дараа нийгэмд энэ хичээлийн жилээс сурагчид поло цамц өмсдөг болно гэдэг ойлголт төрсөн. Гэвч одоог хүртэл энэ шийдвэр эцэслэгдээгүй, албан ёсны мэдээлэл ч гараагүй байна.
Энэ хүрээнд албаны хүнээс тодруулахад,
"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Боловсролын яам хамтарч Стандарт хэмжил зүйн үндэсний төвд нэгдсэн стандарт батлуулахаар хүсэлтээ өгсөн, хүлээж байна. Энэ хичээлийн жилд амжих эсэх тодорхойгүй байгаа. Иргэд, багш, үйлдвэрлэгчидтэй уулзах уулзалтууд сунжирч, нэгдсэн шийдвэрт хүрэхэд хугацаа орсон тул 14 хоногийн өмнө хүсэлтээ өгсөн. Стандарт батлагдмагц хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн" гэв.
Харин Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир,
"Өнөөдөр 14 цагаас стандартын комисс хуралдана. Уг хурлаар стандарт доторх дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамц нэмэх эсэх, түүнд ямар шаардлага тавих вэ гэдэг тодорхой болно" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Поло цамц хүүхдэд өмсөж тайлахад амар байдаг биед нь ч тухтай