Б.Чойжилсүрэн: "ДЦС III"-ын өвлийн дулааны ачааллыг "ДЦС IV"-т шилжүүлнэ

Улаанбаатар хот болон бусад төв, суурин газрын дулаан хангамж болон шугам сүлжээ, бэлтгэл ажлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
-Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийх, хяналт тавих ажлын хэсгийг Эрчим хүчний яаман дээр томилон ажиллуулж байна. 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн техник болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зуухыг засварлаж байна. 49 турбогенератораас ажилд 24, бэлтгэлд 9 байгаа бөгөөд 16 турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горимын ажиллагаа хэвийн явагдаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засварт их засварт 759 төрлийн ажилд 154.9 тэрбум төгрөг. Техник зохион байгуулалтын арга хэмжээ болох 436 нэр төрлийн ажилд 91.6 тэрбум төгрөг. Хөрөнгө оруулалтын 598 төрлийн ажилд 185.5 тэрбум төгрөг. Нийт 1793 төрлийн ажилд 432.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар дунджаар 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.2 хувиар илүү байна.
2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачаалал арванхоёрдугаар сард 1800 мвт хүрэх тооцоолол гарсан. Үүний 1197 мвт-ыг дотоодын эх үүсвэрүүдээс, батарей хуримтлалуураас 160 мвт, салхин станцаас 31 мвт, импортоор 300 мвт-ыг тус тус хангаж, 113 мвт хөнгөлөлт, хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 15Е мвт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй болно.
Өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хонгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцуудын нүүрсний нөөц бүрдүүлэлт төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа ба нийт 372.9 мянган тонн нүүрс, 2000 тонн мазотын нөөцтэй байна. Харин зүүн бүсийн хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангаж буй Дорнод бүсийн эрчим хүч ТӨХК-ийн нүүрсний нөөц бүрдүүлэлт тасраад байна. Энэ нь тус станцад нүүрс нийлүүлэгч МАК ХХК нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчилж нүүрсний үнийг нэмэгдүүлэн Эрчим хүчний зохицуулах хороогоор тогтоолгох хүсэлттэй холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт тасраад байна.
Улаанбаатар хотын 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед нийт 31158 тонн/цаг сүлжээний усыг халаад 2060.2 ккал цаг дулааны ачаалалтай ажиллахаар байна. Үүнээс ДЦС II 964 тонн/цаг, ДЦС III нь 8452 тонн/цаг, Амгалан ДЦС 5583 тонн цаг, ДЦС IV 16159 тонн/цагийн ачаалалтай тус тус ажиллахаар байна. ДЦС III ТӨХК-ийн дулааны ачааллыг нэмэгдүүлэхээр дулаанжуулалтын ажилд өргөтгөл шинэчлэлийн ажил, мөн ачааллыг нь ДЦС IV-т шилжүүлж схемийг өөрчлөх ажлыг хийж энэ өвлийн горимд ажиллана.
Цаашид авах арга хэмжээ:
- Дорнод бүсийн эрчим хүчний системийн нүүрсний нийлүүлэлтийн асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо тарифыг дахин хянаж, зөвшилцөлд хүрэх ёстой.
- Эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 оны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт ажиллагаанд залгах,
- БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх, 220 кват-ын хуваарилах байгууламжийг 2025 оны аравдугаар сарын 1-ний дотор өндөр хүчдэлд залгах,
- Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай хийж дуусгах зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллах саналтай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.