Г.Аким: Хандив гуйгаагүй, харин "Монголын ард түмэн муу Акимыг үнэлдэг л юм байна" гээд сэтгэл өег сууна

“Зуун жилийн ганцаардал” гэмэгц танигддаг нэрт орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким нойр булчирхайн хорт хавдраар өвдсөн мэдээ анхаарал татав. Номын дүү нар нь хандивын аян ч эхлүүлж амжсан.
Утас цохиход бие тааруу буйгаа учирлав ч уулзахаас татгалзаагүй тэрбээр өвчний талаар ярихыг хүсэхгүй байна. Хандив нийгмийн сүлжээнд өндөр авсныг санаа зовних олон арван хүний утасны дуудлагаар анхлан мэдсэн Г.Акимын гэргий Т.Дулмаа “Таван минутын зайтай л залгаж байна. Юу юугүй муудсан, өнөө маргаашгүй хагалгаанд орох болсон зүйлгүй юм шүү. Биднээс асуугаагүй ч сайн сэтгэлийн зорилгоор хандсанд нь талархаж байгаа” хэмээв.
Г.Аким гуай хэвтэрт байгаа тул гэрэл зургий нь авахаас татгалзсан юм. Тэрбээр эмчилгээнд шаардлагатай төлбөр мөнгийг гэр бүлийнхэн нь босгох бүрэн боломжтой, ард түмнээсээ ийм зүйл гуйх төдийлөн таатай санагдахгүй хэмээн өгүүллээ. Тиймээс шалтгаанаар хандивыг зогсоосон, анх байршсан мэдээллийг устгуулсан гэв.
Ийм нөхцөлд, өөр сэдвээр бидний ярилцлага өрнөлөө.
-Хадны сүг зургийн судалгаа...
-Сүг ч биш л дээ.
-Та нээрэн сүг гэж нэрлэхэд дургүй. Хадны зураг таны сүүлийн жилүүдэд хөл тавьсан том сэдэв. Та хэр их явав, одоо очих сон гэмээр газар үлдсэн үү?
-Монголын бүх аймгаар явсан. Явж байж л үздэг, судалдаг ажил учир одоо зогсчихлоо л доо. Хадны зургаар хоёр, бичээсээр нэг ном гаргасан. Өвөг дээдэс маань өөрсдийн аж амьдралын байдлыг бидэнд хадны зургаар үлдээсэн. Хадан ном юм шүү дээ. Ганцхан уншиж, тайлбарлаж чадах хэрэгтэй.
-Уншихын тулд ямар сэтгэлгээ хэрэгтэй вэ?
-Түүхээ мэддэг байх хэрэгцээ гарна. Газар усны байдал мэдэхгүй, домог сэлтийг судлаагүй нөхцөлд хадны зураг ярих аргагүй. Манай судлаачид “Баруун хойшоо хараад зогсож байгаа янгир байна” мэтээр бол бичдэг. Харин салхи сөрөөд зогсож байгаа юм уу, нөхдөө аваад хөдлөх гэж байна уу гэх мэтээр гаргалгаа гаргалгаа гаргадаггүй. Би ийм байдлаар нарийвчлан тайлах гэж оролдсон ухаантай юм.
-Өөр гарагийнхан манай дэлхийд ирж байсны нотолгоо бол хадны зураг гэж тодорхойлж байсан?
-Манай говьд их байдаг юм даа. Өмнөговийн Ханбогд сум, Жавхлант хайрхан уулаар голчлон бий. Дорноговийн Хатанбулаг сумын нутагт бас бий. Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт байна. Сансрын хөлөг, сансрын нисгэгчийн хувцастай хүнийг яг таг дүрсэлсэн байдаг юм. Үүгээр Монголд өөр гарагийнхан бууж байсан, манай өвөг дээдэс тэднийг хадан дээр зурж үлдээжээ гэж үздэг. Тухайн цаг үед хүмүүс уран сэтгэж, аливааг хэтрүүлэн дүрсэлж байгаагүй. Зөвхөн харснаа тэр янзаар нь буулган зурдаг байсан гэж дэлхийн эрдэмтэд нэгэн дуугаар нотолдог. Иймд манай өвөг дээдэс харснаа л зурж үлдээсэн байж таарна шүү дээ.
-Та энэ талаараа “Хожим залуус үргэлжлүүлэн судлах биз ээ. Би үүнийг л судлахгүй, бичихгүй бол соёлын хүн гэж нэрлэгдэх учиргүй” хэмээсэн нь нийтлэгээс ондоо сэжүүр атгасантай тань холбоотой юу?
-Дүрслэн сэтгэнэ, нууцыг тайлах гэж оролдоно гэдэг чухал үйл. Хүний оюун бодитоос хийсвэр лүү, эргээд хийсвэрээс бодит руу шилжиж байдаг. Бодитыг хараад хийсвэрлэн сэтгэх, ургуулж бодох маш чухал ач холбогдолтой. А.Эйнштейн ч үүнийг чухалчилж байсан. Хадны зураг гээд явахад хөрөнгө мөнгө, унаа тэрэгний асуудал тулна. Дэргэд нь хэдэнтэй хонож, нэгжиж үзвэл илүү үр дүнтэй. Би ч боломжид тааруулж салхи шиг шуурч явсан, нүдэнд өртсөний нь зургийг дарж, тэмдэглэж эмхэтгэсэн. Харин цаашид бүр л нарийн судлах хэрэгцээ бий гэж боддог юм. Овоо хэд хонож, байршиж байгаад судлах хэрэгтэй. Архангайн Эрдэнэмандал сумын нутагт хадны зургаар дүүрэн жижиг уул бий. Тэндээс эвэртэй хүний зураг олсон. Эвэртэй хүн манай үлгэрт ч бий шүү. Мөн ижлийг Өмнөговиос олж харсан. Тэгэхээр Монгол орны зүүн ба урд хэсэгт ижилхэн үзэгдсэн эвэртэй хүн байна. Нүднээсээ оч харваж байгаа хүний зураг ч байдаг юм. Манайхан бөө гээд байгаа. Нүднээсээ оч гаргаж чаддаг бөө гэж байсан уу, одоо ч чадах уу гэхээр өөр л амьтан болж таарна аа даа. Энэ мэтчилэн их сонин сайхан зураг Монголоор нэг байна. Би л өвчин зовлон гээд хэвтчихлээ.
-Ийш эрт залуудаа орохгүй яав гэж харамсдаг уу?
-Залуудаа л сонирхох ёстой байсан. Мунхаг хүний санах нь үдээс хойш гэдэг энэ юм.
-Энэ сэдвээр уран зохиолын бүтээл хийе гэж бодож байсан уу?
-Үгүй дээ, би зохиолч биш.
-Гэхдээ ер нь зохиол оролдох талаар бодож үзээгүй юу?
-Чадахгүй юм чинь. Чадахгүй юмаар оролдвол бүтэлтэй сайн болохгүй шүү дээ.
-Чадахгүй гэдгээ яаж мэдэх вэ?
-Өөрийнхөө хэрийг мэдэж байгаа нь л тэр. Хэрээ мэдэж ярь, бяраа таньж бяруу сүүлд гэдэг үг бий. Хүн хэрээ мэдэх чухал. Зохиол бичнэ гэдэг том ажил, бурхан минь!
-Орчуулга дэргэд нь ямар хэмжээнд вэ?
-Орчуулга бол яах вэ дээ, хүний юмыг хуулж байгаа хэрэг. Харин монгол хүн уншихад ойлгомжтой, найруулгын хувьд Б.Ренчин багшийн хэлдгээр бүдүүн өвс багтахааргүй л байх хэрэгтэй. Мөн зохиолч бүрийн өвөрмөц найруулгыг мэдэрч буулгах чухал гэхчлэн зарчмууд бий л дээ.
-Сүүлийн үеийн орчуулгын ном сөхөж харж байна уу?
-Өөрт хэрэгтэй номуудаа эдгээр (номын шүүгээ рүү заав, Сурв) гэж боддог насандаа ирлээ. Дэлхий дахинд цоо шинэ онол, нээлт, сэтгэлгээний хэв маяг гарч ирвэл сонирхохоос биш ерөнхийдөө бүгд нэгэн суурь дээр бичигдэж байна.
-“Зуун жилийн ганцаардал”-ыг одоо хүртэл шагшицгаадаг. Энэ бол одоо хэр түүнийг давсан, эсвэл ядаж санагдуулсан орчуулга гарахгүй байгаагийнх болов уу?
-Хүний сэтгэлд хүрсэн шиг байгаа юм. Найруулга арай дээр байсан юм болов уу даа.
-Таны өмнөх ярилцлагуудыг үзээд байх нь ээ, уншигчдаасаа эсрэгээр, “Зуун жилийн ганцаардал”-ыг өөртөө ер тоож боддоггүй мэт санагдсан?
-Бараг тийм дээ. Нэг л орчуулга шүү дээ. Гол нь тэр үед манайхан соц-реалист зохиол л бичдэг байсан юм. Намын дарга, нэгдлийн дарга хоёр гарна. Нэгдлийн дарга нь жаахан буруу юм хийдэг, үүнийг нь намын дарга засдаг. Нэг бол сайн эр гардаг. Сайн эр нь яваандаа партизануудтай нийлж хувьсгал руу ордог, ийм л загвартай байсан юм. Харин дэлхийн утга зохиол арай ондоо болжээ гэдгийг “Зуун жилийн ганцаардал”-ыг уншаад ойлгосон. Зохиолч нөхдөдөө үүнийг мэдүүлье гээд л орчуулсан юм.
-Монголын үе үеийн зохиолчдод нөлөөлсөн. Олон хүнээс Г.Г.Маркезын бичлэгийн хэв маягийг одоо хэр олж анзаарч явдаг юм. Харин таны өөртөө тоодог орчуулга аль юм бэ?
-Залуудаа орчуулсан “Аранзал дарвуулт хөлөг”.
-Хэд орчим насандаа вэ?
-20 гаруй настайд л гарсан. 24, 25-тай байсан уу.
-Тэгэхээр залуу насанд сайн юм гарч болох нь ээ?
-Болно оо, бололгүй яах вэ. Яг үнэнээ хэлэхэд гурван жил нухсан юм. Хэвлэлийн гурван хуудас л даа. Жинхэнэ уран зохиол болгоё гэж яг зорьж, нухаж оролдсон юм. Мөн авьяастай байх ёстой байх аа. Тэгээд бас онгод гэж юм байдаг гэж боддог шүү. Миний дотнын найз, жүжгийн зохиолч хүн нэг утастаад “Чи юу хийж байна?” гэлээ. “Хийсэн ч юм алга. Онгод орохгүй байгаа юм уу даа” гэсэн чинь “Зүгээр суусан хүнд онгод ордоггүй юм” гэж загнасан юм. Тэгэхээр юм хийх нь урдаа, тэгж байтал болно доо. Онгодыг хүлээж суух биш оролдож л байх хэрэгтэй. Одоо би нэг юм хийж л байна. Хүмүүст уншсан, үзсэн, харсан юмаа хүргэчих санаатай өөр гарагийнхан Монголд ирж байсан тухай сэдвээр ном бичсэн, бараг дууссан. Манай эртний монголчууд одот тэнгэрийг яаж тэгтэл сайн мэдэж байв. Дөнгөж өнгөрсөн зуунд нээгдсэн Хабблын дурангаар олж тогтоосон одыг манайхан мэдэж байсан байх жишээтэй.
-Ямар од?
-Улаан од гэдэг юм. Сирус ч гэдэг. Гэтэл тэр Хөхдэй мэргэний домогт гардаг. Энгийн нүдээр харагдахгүй од шүү дээ. Ер нь би монголчуудыг тэнгэрээс, Хөхдэй мэргэн орчмоос ирсэн улс биш биз гэсэн эсэргүү санал дэвшүүлсэн л дээ. Африкийн Догон гэж овгийнхон бий. Тэднийг Хөхдэй мэргэнээс ирсэн гэж АНУ-ын эрдэмтэн ном бичсэн. Догончууд амьдардаг Мали улсын ерөнхийлөгч 1960-аад онд Монголд ирээд, “Ах дүү нартайгаа уулзсандаа баяртай байна” гэхэд нь би гайхаж байсан. Сүүлд судлахад догончууд өөрсдийгөө Хөхдэй мэргэнээс ирсэн гэж үздэг юм билээ л дээ. Тэгэхээр энэ зэрэг нь тийм нэг санамсаргүй, хий хоосон уран сэтгэмжийн хэрэг биш болж таарч байна. Одоогийн эрдэмтдийн бичиж байгаагаар хүн дэлхий дээр үүсээгүй гэдэг үзэл давамгайлах болов. Ч.Дарвины онол одоо “будаа” болсон.
-Эдгээрийг дэмий, балай яриа гэж хэлэгсэд нь бий. Таныг хүчтэй шүүмжилж байсан удаа бий юу?
-Дэмийрэл, солиорол, амьтны толгой эргүүллээ гэж намайг загнасан улс зөндөө бий. Сэтгэдэг нь хүлээж авна, үгүй нь болино. Миний бичсэнийг өлгөж, уураа барж, унтууцаж байхын оронд уншихаа л больчих гэж би нэг удаа хэлсэн.
-Шуудхан үгүйсгэхийн оронд уншсан, мэдсэний хэр чинээнд төрсөн дүгнэлт, ажиглалт гэдгийг бодолцох учиртай л даа.
-Тийм ээ. Намайг үнэлдэг хүмүүс бас байна аа, хөөрхий.
-Та толгойдоо арьсаар хийсэн даруулга зүүдэг, үүнд нарийн учир бий юу?
-Дээр үеийн монголчуудын үсний даруулга юм даа. Монголчууд ер үсээ задгай тавьчихаад, хамбуураар даруулдаг байсан. Үүнийг л сураар хийлгээд, дээр нь Чингис гэсэн уран бичлэг сийлүүлж зүүдэг юм.
-Та дандаа л урт үстэй байсан, магадгүй эртний домог түүх судалсны дүнд үс бол ихээхэн учиртай эрхтэн гэж үздэгтэй холбоотой юм болов уу гэж боддог?
-Залууд үсээ ургуулах дуртай л байхгүй юу. Өөрийн имиж гэж ярьдаг тэр үү дээ. Өөр ч гүн ухааны юм тэрэнд байхгүй дээ (Инээв). Хүмүүсээс арай ондоо харагдаж байгаа юм л даа. Нөгөө сагсайсан үстэй нөхөр гэж яригдана шүү дээ.

-Та Үндэсний номын сангийн захирлаар таван жил ажилласан. Угсаа гарвалаа уншиж судалсны хувиар ч энэ намтар надад Аргентинийн зохиолч Х.Борхэсийг санагдуулж байдаг юм. Ер нь аливаа улсын төв номын сангийн захирлаар ямар хүн ажиллавал зохих вэ?
-Эрдмийн хүн байх ёстой, зохион байгуулах авьяас хэрэгтэй. Хамгийн гол нь номонд элэгтэй байх учиртай. Намайг очиход ерөнхийдөө “нурсан” байсан. Эвд нь оруулсан даа. Сүүлд Б.Ичинхорлоо “Таны цэгцэлж босгосон суурин дээр л явж байна” гэхэд нь би баярлаж байв.
-Номын сангаас үнэт ховор бүтээлүүд алдагддаг, хил давж зарагддаг тухай яриа их хүчтэй байлаа?
-Үүнийг би анхлан хөндсөн удаатай. Номын сангаас ном хулгай хийгээд, хил гаргаж байсан нөхрийг цохон онцолсон. Нэг л хүн байсан юм билээ. Түүнээс хойш гайгүй болсон шүү. Төв номын сангийн номуудыг бүрэн тооллогод оруулсан. Манж номууд жишээ нь ямар ч бүртгэлгүй байсан. Гайгүй манж хэлтэй хүүхэд аваад бүртгэлжүүлсэн дээ. Монголын эртний сайхан гар бичмэлүүдийг манай Тунгалаг, Дуламсүрэн гэж хоёр ажилтан голыг нь босгож, бүртгэсэн. Нэг номыг сөхвөл дотор нь дахиад нэг ном явж байх жишээтэй. Тийм учраас их нарийн шалгаж, судалж бүртгэлжүүлэх ажил юм.
-Одоо ч тайлж уншаагүй судар бичиг олон хадгалагдаж байгаа. Ингээд бодохоор, монголчуудын оюун санааны хувьд дахин хүчирхэгжихэд дэм болох томоохон бүтээл тэнд бий болов уу гэж бодогддог...
-Ер нь хүчирхэг ард түмэн болохын тулд... Монголчууд оюунаа л хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл л Монгол Улс хөгжинө. Түүнээс биш морь уралдуулж, бөх барилдуулж хөгжихгүй. Монголчууд одоо тархитайгаа л ярилцах хэрэгтэй.
-Дэлхийг байлдан дагуулж байхдаа өөрсдийн гэсэн хүчирхэг оюун санаатай, танин мэдэхүйн өндөрлөгтэй явсан ч бичиж үлдээсэн нь ховор, ЗХУ-ын үед ч ихийг устгасан гээд ярихаар яах аргагүй эртний судар бичгээ уйгагүй тайлж уншмаар болох нь бий?
-Оросууд их устгасан л даа. Чингисийг, монголчуудыг хамгийн их муу хэлсэн улс бол Оросууд. Жон Мэн гэж Америкийн эрдэмтэн 1930-аад онд “Хүн төрөлхтний эзэн хаан” гэж ном бичсэн, тэгж нэг мөсийг хагалсан. Харин судар бичиг сөхөж хараад юу л бол. Бурхны шашны суурийг дийлэх юм болов уу даа. Хубилай хаан ч бурхны шашинд анхаарч байсан. Би бол монгол хүн оюунаа л дээдлэх, хөгжүүлэх хэрэгтэй гэнэ, энэ миний “номлол”.
-Чингис хаанаа тойрч эргэн нэгдье, түүний үзэл санааг гол болговол дахин хөгжинө гэдэг, түүх-сурвалж бичиг судалдаг хүмүүсээс энэ байр суурь тань хамаагүй прагматик юм?
-Оюунаа хөгжүүлээд, бодитой юм л хийх хэрэгтэй шүү дээ. Сайхан ярих юм, хийж байгаа юм алга. Монгол Улсыг хөгжүүлэх юу хийв, харагдаж байгаа юм байна уу? Чингис хааны тухай яриа бол 13-р зуун шүү дээ. Дэлхийн хөгжил урагшаа явчихсан. Технологийн зуунд амьдарч байгаа биз дээ. Чингис хааныг технологийн хөгжлийг урагшлуулсан гавьяатай гэж Жон Мэн үзсэн нь бий. Гэхдээ л 13-р зууны үеийн технологийг өнөөдөр хэрэглэхгүй нь тодорхой. Энэ үүднээс л бид оюунаа хөгжүүлж, хөгжил гэдгийг үүгээр харж, хандах ёстой гэж боддог юм. Мэдээж Чингис хаанаа шүтдэг. Энд ч, тэнд ч өлгөөтэй байна. Орой дээрээ дээдэлж явах хүмүүсийн нэг мөн. Шүтнэ гэхээр мөргөөд байхгүй л дээ.
-Та шинэ ном харахаас илүүтэй байнга сөхөж хардаг, өндөрлөг бүхий тодорхой номуудтайгаа л “нөхөрлөдөг” гэсэн тул асууя, ер нь монгол хүнд өгөөжтэй чанараар нь та ямар номыг онцлон нэрлэх вэ?
-Монголын түүх гэвэл Ш.Чоймаагийн хэвлүүлсэн ботиуд байна. Дэлхийн сонгодог зохиолын 50 боть араар нь байгаа (Номын шүүгээг заав, Сурв). 50 ботийн төслийг би анх санаачилж, 100 номын жагсаалт гаргаж өгсөн юм. Н.Энхбаяр өөрөө том боловсролтой хүн, сонгож шилээд 50 ботиор гаргасан. Болж л байгаа юм.
Нэрлэнэ гэвэл Рашид Ад Диний “Шашдирын чуулган”-ыг хэлнэ, их чухал даа. Нууц товчооны үргэлжлэл гэж би боддог юм. Нууц товчоонд бол монгол овог аймгуудыг нэгтгэсэн тулаануудын талаар голдуу өгүүлсэн. Баруун тийш хийсэн аян дайны талаар товчхон. Үүнийг Рашид Ад Дин маш тодорхой болгож өгсөн. Ингэхээр Монголын түүх бүтэн болно. Хоёрт, Ата-Малик Жувейнигийн “Даяныг дагуулагчийн түүх”-ийг хэлнэ. Нэгдүгээр ботийг нь орчуулсан, хоёр дахийг бие чилээрхээд завдахгүй байна. Гайгүй болбол дуусгана. Монголын түүхийг Персийн эрдэмтэд бичиж үлдээжээ. Үүнийг англи хэлтнүүд айхтар соргог олж харж, орчуулдаг юм. Уран зохиол гэвэл латин америкийн тэсрэлтүүд одоо ч нөлөөгөө хадгалж байна. Тэр дотроос төрсөн нь “Зуун жилийн ганцаардал”. Сүүлд А.Камюгийн “Тахал”-ыг орчуулж хэвлүүлсэн. Экзистенциалист урсгалын өвөг юм даа.
-Таны бие чилээрхээд хэр удаж байгаа юм бэ, уг ярилцлагаар хандив цуглуулаагүй гэдгийг бас олон нийтэд ойлгуулах шаардлагатай болон үлдэж байна?
-Номын нөхөр, хуурай дүү маань надад тус болох л гэж зар тавьсан байна. Бидэнд мэдэгдээгүй юм. Би босож явж завдахгүй жил гаруй хэвтэж л байна. Урагшаа, Өвөрмонголын эмнэлэг намайг хүрээд ир, эмчлэх гэж үзье гэсэн. Тийшээ явна аа. Юу юугүй тулаад ирсэн юм гайгүй. Хүүхдүүд байна. Хүнд хэцүү явна гэж хүмүүс ойлгож л дээ. Санаа нь зовоод, манай хөгшин их дургүй байгаа юм. Би ч доль цохиж, шархаа долоо долоосон хүн учраас тоохгүй. Харин Монголын ард түмэн муу Акимыг үнэлдэг л юм байна гэж бодоод өег байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пээдгэр.... аан !
seheeten hyn iim baidin
Пээдгэр байх хэрэгтэй нэр хугарсанаас яс хугарсан дээр
Сан�##� нэг, �##�ь юм болгон 13 дугаар зуун ярих вэ? Номын сангийн захир�##� эрдмийн хүн байх гэдэг дээр бас 100 хувь байна шүү. Манайд тийм л байсаар ирсэн. Яруу найрагч зохиолчийг номыг эрхэмлэдэг хүн л гэх байх
хулан цөсний чулуу авахуулах гээд хятад руу явахдаа ард түмнээсээ хандив гуайна гэж дөвчигнөж баахан мөнгө цуглулж хувцас гоёл чирж ирсэн гэдэг тэрийг бодоход Аким гуай сүрхиы хүн юм