УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Суудал өнцөгдсөн хоёр

Найр наадам хавтгайрч, амралт зугаалга сунжирсан зуны назгай өдрүүдийг хоёр сайд ихээхэн барцадтай туулж байна.

Нэг нь Боловсролын сайд П.Наранбаяр. Нөгөөх нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Засгийн газар солигдоход хоёулаа улирсан. Улирахдаа хэн хэн нь ихээхэн шүүмжлэлийн бай болсон.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд, улсын төсвөөс төрөлх нутгийнхаа 100 жил рүү зувчуулсан явдалд нэр холбогдов. "Иргэдийн халаасыг тэмтэрч, эрчим хүчний хэрэглээний мөнгийг нэмснээ Увсын ой руу хуваарилж, хулгайллаа" хэмээн бухимдал одоо ч цахим орчинд хөвөрсөөр байна. Тэрбээр, өөрийн амаар "Орон нутаг, улсын төсвөөс 22 тэрбум төгрөг зарцуулсан. Улаангомын Төв цэнгэлдэх орчмын тохижилт цахилгаан хангамж, төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд миний сайдын багцаас 2 тэрбум төгрөг гарсан" гэж жишим ч үгүй ярьсан байдаг. Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг тэрбээр төрийн сайд, ТББ-ынхаа ажлыг бантагнуулав.

Боловсролын сайд П.Наранбаярын хувьд, багш нарын цалингийн асуудал, салбар яамныхаа хурлын өрөөний тансаглалаар "нүдүүлж" байна. Тэрбумын өртөгтэй хурлын өрөө ч хэтэрнэ л дээ. Гурван ээлжээр хичээллэдэг олон сургууль, мянга мянган хүүхэд хичээллэх байргүйг эрхбиш мэддэг гэж найдъя. Мөн "Өөрөө 12 сарын цалинтай, багш нь 1,4 саяын цалинтай" хэмээх харьцуулалтад хүртэл өртөөд авсан. Өчигдөр гэхэд "Засгийн газрын гишүүний хувиар 4 саяын цалин авдаг" хэмээх тайлбар ч хийгээд амжиж. Багш нарынхаа цалинг нэмэхийг шаардсан тэмцэгчид ч идэвхийлэн ажилдаа ороод буй.

Нэг талаар Засгийн газрын хоёр сайдыг сугалах зорилготой улстөрийн далд акцууд эртнээс өрнөж байгаа чиг. Нөгөө талаар хэн хэн нь эгүүлэн татагдчих ч эрсдэлтэй байгаа чиг. Суудал нь өнцөгдөж, ихээхэн барцадтай байгаа хоёр сайд.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button