Нийтэд танигдсан байдлаа ашиглаж эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр "хөлждөг" хүмүүсээ хяная

"NMN" гэх бүтээгдэхүүний маргаан дэгдэж, хэрэглэгчдийг хоёр хуваагаад байна. Эрүүл мэндийн уг бүтээгдэхүүнийг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Б.Дугархүү эмч иргэдэд санал болгож, худалдаалдаг. Харин иргэн Н.Мөнхбат түүний худалдаалж буй "NMN" гэгчийг хуурамч хэмээн мэдээлэл хийсэн. Товчхондоо асуудал ингэж өрнөсөн бөгөөд хэнийх нь ч зөв гэж батлагдалгүй өдийг хүрлээ. Холбогдох албаны хүмүүс, хууль, хяналтынхан ч энэ чиглэлд ажиллахгүй байгаа юм.
Хэрэв иргэний мэдээлснээр үнэхээр хуурамч бол асуудал өөр тийш эргэнэ. Тодруулбал, иргэд маш олноор худалдан авч хэрэглэдэг тул эрүүл мэндээрээ болоод санхүүгийн хувьд хохирол амссан болж таарна. Энэ тухайгаа зарим иргэд ч цахим сүлжээнд бичиж эхэлжээ.
Нөгөө талд ажил мэргэжлийн онцлог, олонд танигдсан байдлаа ашиглаж бусдын эрүүл мэндэд нөлөөтэй эм, бүтээгдэхүүн сурталчилж, худалдан борлуулж түүгээрээ ашиг олдог байдал "гаарч" байна. Энэ нь нэг талаар хууль, хяналт сул байгааг илтгэж буй хэлбэр юм.
"NMN" гэдэг нь Никотинамид мононуклеотид (Nicotinamide mononucleotide) гэсэн нэрийн товчлол. Албан эх сурвалжаас харвал энэ нь хүний биед байдаг, NAD+ /никотинамид аденин динуклеотид/ гэх чухал коэнзимийн шууд урьтал нэгдэл аж. NAD+ нь эсийн энерги гаргах (митохондрийн үйл ажиллагаа), эсийн нөхөн төлжилт, хөгшрөлтийн явцад чухал үүрэгтэй юм байна. Мөн эсийн энергийн эх үүсвэр болох ATP-ийг бий болгоход тусалдаг, ДНХ-ийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд оролцдог, дархлааны систем, бодисын солилцоонд чухал үүрэгтэй гэжээ. Хүмүүс ихэвчлэн хоолны нэмэлт байдлаар хэрэглэдэг. Энэ нь олон улсад эм гэж хүлээн зөвшөөрдөггүйтэй холбоотой. Үүнийг дурдаж буйн учир нь хэрэв тухайн бүтээгдэхүүн хуурамч бол дээрх үйлчлэлийг үзүүлэхгүй байх боложтой. Тиймээс л итгэсэн иргэд хохирч үлдэнэ, эрсдэл үүрнэ гэж тодотгоод буй юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр эмийг шинжилгээнд оруулаач
50 ..50 %тай холисон байж магадгүй дээ