УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Тойм: Үерээр Х.Нямбаатарыг огцруулах "мафи" сэрж, өвөлжилтийн бэлтгэл хангаагүй сайд нар тайлан тавив

Өнгөрөгч долоо хоногт улс төрд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

-Хийсэн ажил, үрсэн мөнгөний зарлагаа танилцуулсан ч цаашид хэрхэх нь тодорхойгүй сайд нарын өвөлжилтийн тайлан-

Өнгөрөгч даваа гарагт /2025.08.18/ Засгийн газар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцуулсан. Эндээс хэд хэдэн асуудал анхаарал татсан нь шатахуун, эрчим хүч, улаан буудай байлаа.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар, “Ангарскийн үйлдвэр засварт орох тул шатахууны үнэ өсөх, хангамж тогтворгүй болох эрсдэлтэй. Цаанаас татахад тээврийн зардал нэмэгдэнэ” гэж ам алдсан. Энэ нь цаашид шатахууны үнэ нэмэгдэж магадгүй гэсэн үг. Гэхдээ тэрбээр хэлсэн үгээ устгаж, энэ талаар дахиж хөндсөнгүй.

Удалгүй Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтай утсаар ярихад, "ОХУ-ын хийж буй бензин, шатахууны экспортын хязгаарлалтад Монголд хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ" гэж мэдэгдлээ гэж Засгийн газраас мэдээлсэн. Гэвч уг утасны ярианы талаарх Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагийн мэдээнд бензин, шатахууны агуулга дурдагдаагүй байгаа юм.

Уг нь Засгийн газар хоорондын гэрээтэйгээр Монголд нийлүүлдэг шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй гэж албаныхан хэлдэг. Гэхдээ өмнөх онуудад ОХУ хэд хэдэн удаа “Ангарскийн үйлдвэр засвартай” гэх тайлбарыг өгч экспортоо бууруулж, тасалж байсан. Тэгэхээр тэд энэ удаа ч мөн улиг болсон шалтаг болох ““Роснефть”-ийн Ангарск дахь газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн засвараа яриж эхэлсэн бол шатахуун тасалдах, үнэ нэмэгдэх нь цаг хугацааны асуудал.

Мөн одоогийн нөхцөл байдлыг харвал энэ сарын эхээр ОХУ-ын Засгийн газраас гаргасан шатахууны экспортын хоригтой холбоотойгоор дотоодод нь бензин, шатахууны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрч өссөн. Тухайлбал, АИ-92 бензиний үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 25 хувиар, АИ-95 бензиний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өсөөд байгаа.

Тиймд албаныхны бүх зүйл хэвийн хэмээгээд араас нь үнийг нэмэгдүүлдэг жишиг энэ удаа мөн хэрэгжих нь.


Үүнээс гадна ОХУ-аас хамааралтай дахин нэг зүйл нь улаан буудайн асуудал. Өвөлжилтийн нөхцөл байдлын тайлан дээр Ж.Энхбаяр сайд өөрийн биеэр ирээгүй. Учир нь эмнэлгийн чөлөөтэй байгаа аж.

Харин түүнийг төлөөлсөн ХХААХҮЯ-ны газрын дарга Ц.Болорчулуун “Гурил үйлдвэрлэлд дутагдах 100 орчим мянган тонн улаан буудайг импортоор” авна гэж мэдэгдлээ. Удтал сунжирч УИХ-аас нэг удаа буцаагдсан "Гурилын импортын татварыг сэргээх" хуулийн төсөл хаврын чуулганаар амжиж батлагдсан. Гэхдээ шийдвэр айжуу гарснаас тариаланчид улаан буудайгаа тариалж амжаагүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс энэ жил гаднаас татвартай орж ирэх импортын гурилын үнэ өмнөх жилээс өндөр байж магадгүй байгаа. Энэ нь гурилын үнэ энэ жил өсөж магадгүй гэсэн үг.

Мөн нийт нутгийн 60-70 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа. Үүнд тариалангийн бүс нутаг ч багтаж байна. Тиймээс намар тариалангийн асуудал хүндрэх нь тодорхой. Нөгөө талд хадлангаа авч чадаагүй малчдад бас энэ өвөл мөн тэжээлийн асуудал үүснэ. Тэгэхээр удахгүй нийгмийг хамгийн их стресстүүлж, нэр цохогдох нь ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болох нь.


Харин нөгөө талд “үнэн ийм. Өөр арга алга” хэмээн нүдүүлдэг зангаараа Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлаа танилцуулах хуралд ямартай ч ирсэн. Ингэхдээ “"ДЦС III"-ын өвлийн дулааны ачааллыг "ДЦС IV"-т шилжүүлнэ. Цаашид БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлнэ” гэв.

Харин тарифын нэмэгдлийн талаар дурдсангүй.

Өмнөх Засгийн газар Эрчим хүний салбарт реформ хийх нэр дор өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ЭХЗХ-ноос цахилгааны тарифыг нэмэх шийдвэр гаргасан. Үнийн өсөлтийг 30-85 хувиар хийсэн. Гэвч үр дүн нь мэдрэгдээгүй. Атал тарифыгхавар дахин нэмэх ЭХЗХ-ноос гарсан шийдвэрийг Засгийн газар үүрэг болгож, хойшлуулсан. Хугацаа нь энэ оныг дуустал. Харин дараа нь тэд сурсан зангаараа чимээгүй байж байгаад хугацааг нь тулгаж, хот хөлдөх нь хэмээгээд тариф нэмэх магадлал өндөр.

Гэтэл ийм үед зохицуулалт хийж, дугарах ёстой салбарын сайд нь төрөлх нутгийнхаа 100 жилийн ойн баяр наадмыг улсын төсвийн 2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэх асуудалд хутгалдаж, хэрүүл хийхээс өөр ажил амжуулсангүй. ДЦС-III ТӨХК-д гарсан ослын шалтгаан ч замхрав.

Энэ ослын шалтгааныг олж, арга хэмжээ авахад Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайд 100 хоног өгсөн. Тоолуур 63 хоногтоо явж буй ч салбарынх нь асуудал зуун задгай хэвээр.


-30 минутын бороонд шивдэг Улаанбаатар, хоёр өдрийн хохиролгүй шахам давав-

Өнгөрөгч долоо хоногт гурван ч өдөр нь бороотой байв. Эхний хоёр өдрийн бороонд ажраагүй хотын зарим хэсэг пүрэв гарагийн орой цаг гаруй орсон усархаг мөндөр бүхий аадарт үерлэв.

Энэ үйл явдал өмнөх дарга нарын замбараагүй газар олголт, стандартгүй барилга байгууламжийн алдаа эрсдэлийг ард түмэн үүрч буйг дахин санууллаа. Нөгөөтээгүүр өмнө нь 30 минутад шивэх шахаж, хотоороо цахилгаангүй болдог байсан бол энэ удаад ямартай ч өөрчлөлт орсон нь мэдрэгдлээ. Яаралтай арга хэмжээ болон ариутгалыг ч нийслэлийнхэн шөнөжин хийж, 355.000 ам метр талбайг замын хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө ариутгаж амжсан.

Харин улс төр талаас байгалийн уг гамшгаар далим хийж өнгөрсөн хавраас Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахаар ажиллаж эхэлсэн багуудын ажил ч идэвхжиж харагдав.

Өнгөрсөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах ажиллагаа идэвхжихтэй дөрөө харшуулан, хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах тухай санаатай гэмээр мэдээллүүд үзэгдэх болсон. Энэ зунжин үргэлжилсэн “Хотын мафи”-ийн уг ажил өнгөрөгч долоо хоногт болсон үерээр идэвхжилээ.

Уг нь хийсэн ажлаар нь дүгнэвэл зөвхөн үер усны асуудал дээр гэхэд “2024-2025 онд бид нийтдээ хамгийн их ус тогтдог 25 гаруй байршилд 21 км гаруй ус зайлуулах шугам шинээр угсарсан нь сүүлийн 10 жил хийгээгүй хамгийн урт, хамгийн олон байршилд хийгдсэн ажил” байгаа юм. Үүнээс гадна 24 мега төсөл гээд хотод хийгдэж буй олон ажил бий. Үүний хажуугаар түүнийг унагах “мафи” ч идэвхтэй ажилласаар байна.


-Намрын улс төрд АН шинэ даргатай орно-

Хаврын чуулган хааснаар унтсан улс төрийг АН-ыхан түрүүлж сэрээв. Энэ намар МАН болон АН-ын дарга нарын асуудал яригдана. Мөн шинэ Засгийн газрын ажлыг дүгнэнэ. Прокурор, шүүхийн асуудалтай гишүүдийн асуудлыг ч хөндөнө гээд намрын улс төр бужигнана. Тиймд эдгээр асуудлаас урьтаж, АН даргын асуудлаа энэ сард багтаан шийдэхээр боллоо.

Өнгөрөгч долоо хоногт АН-ын зарим гишүүд ҮБХ-оо хуралдуулахаар хөдөлж эхэлсэн. Үүнийг нь намын дарга Лу.Гантөмөр нь эсэргүүцэж, гэдийсэнгүй. Шууд л УТЗ-өө хуралдуулаад суудлаа өгөхөө мэдэгдэж, ҮБХ-ны хуралдаанаа энэ сарын 31-нд товлоод охиныхоо хуримыг нижгэр тэмдэглэж явна.

Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн засаг унах шалтгаануудын нэгээр нэрлэгддэг АН-ын даргын марафон энэ сард дуусгавар болох нь.

Өнгөрсөнд АН-ын даргад О.Цогтгэрэл, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, О.Алтангэрэл нарын нэрс яригдаж эхэлсэн. Харин энэ долоо хонгоос үүн дээр Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нарын нэр нэмэгдэж энд тэнд санал асуулга явж эхэлжээ. Мөн заалнаас Ч.Лодойсамбууг дэвшүүлнэ зэргээр сошиалд АН-ын дараагийн даргын санаатай, санаандгүй сурталчилгаанууд хөвөрч эхэллээ.

ҮБХ-ны хурлын тов тодорхой тул ирэх долоо хоногт АН-ын доторх бүлэглэл, фракцуудын зодоон ширүүсэж, дотоод уур амьсгал ч эрс муудах нь.

АН-ын дарга ч гэсэн жирийн гишүүдийнхээ хүсэл зоригоор биш бүлэглэлүүдийнхээ дур зоргоор шийдэгдэнэ. Гэхдээ тус намын даргын албан тушаал бол зүгээр нэг суудлын төлөөх зодоон биш. 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд барьж орох гол зэвсэг, стратегийн удирдлага юм. АН-ын том хувь заяатай холбоотой асуудал. Тиймээс өрсөлдөөн улам ширүүснэ гэсэн үг.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нянкаагаасаа салцгаяя
Нянкаагаасаа салцгаяя
8 сар 23, 2025 09:35

Данхын үеэл нянкаагаас са лах л болно за биеэ үнэлэгчидээ

Иргэн
Иргэн
8 сар 23, 2025 10:47

БАЯРМАА ШОДОЙ 2 р АН ҮХСЭН АЦАА ХИЙДЭГ ЮМ

Зочин
Зочин
8 сар 23, 2025 12:22

Миний мэдэх хамгийн сайн ажиллаж байгаа хотын дарга бол Нямбаатар. Хотын газрын наймаачин Ми.Энхболдын хийсэн лайг цэвэрлэх гэж зовж байгаа хүн...

Иргэн
Иргэн
8 сар 23, 2025 13:05

Нямбаатар маш сайн ажиллаж байна. Эрх ашиг нь хөндөгдсөн ТҮЦ ажиллуулөгч бохир заваан тэнэгүүд, урт цагааны түрээслэгчид, Хатанбаатар гэдэг луйварчин хулгайч нарын хүмүүс Нямбаатарыг их оролдох юм.

Зочин
Зочин
8 сар 23, 2025 13:07

Ажил хийх чадваргүй Энхбаяр Чойжоог 2-т хариуцлага тооцооч

Холбоотой мэдээ

Back to top button