Нийгэм мэдээ

Хамгийн өндөр нь 42 метр байх дүүжин тээврийн тулгуур багануудыг суурилуулж байна

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугамыг Яармаг, Арцат, Өнөр хороолол чиглэлд барьж байна. Өчигдрөөс 19 тулгуур баганыг суурилуулж эхэллээ. Тулгуур багана болон бүх тоног төхөөрөмж, эд ангиудыг Бүгд Найрамдах Франц Улсын "Пома"-ийн үйлдвэрээс нийлүүлж байгаа аж. Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон тулгуур багана бүхий 84 чингэлэг ирж, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.  

"Пома" группын төслийн талбайн инженер Жоан Антонин,

“Дүүжин замын тээврийн төслийн Тулгуур баганын угсралтын ажил эхэллээ. Эхний ээлжинд 20 метрийн өндөртэй тулгуур баганыг суурилуулж босголоо. Ил харагдах энэхүү тулгуур багана нь 20 метрийн өндөртэй боловч, мөн газрын гүнээс доош 9 метр шон суурь цутгасан. Ингэхдээ газар хөдлөлтөд тэсвэртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөж, аюулгүй технологи бүхий бүтээн байгуулалтыг хийж байна.

Төслийн хамгийн өндөр тулгуур багана нь нийт 42 метр байх бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Моннис” компанийн туршлагатай, мэргэжлийн баг бидэнтэй хамтран хийж гүйцэтгэж байгаа.Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээс өмнө бидний зүгээс туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудад дадлага олгох зорилгоор үе шаттай сургалт оруулсан” гэв.

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал,

“Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төсөл нь байгальд ээлтэй шийдэл юм. Өөрөөр хэлбэл, энэхүү төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна агаар, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, ногоон шийдэл гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг.

Иймд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хүрээнд түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад бодит хувь нэмэр болох энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон нь өнөөдөр төлөвлөсний дагуу хэрэгжиж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн өмнө Дүүжин замын тээврийн Европын Холбооны стандартыг монголд нутагшуулсан. Тухайлбал, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлээд байна” гэлээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button