НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Алга дарамхан газрaa мөрөөдлийн цэцэрлэг болгож, 50 төрлийн ногоо, жимс, цэцэгс тарьдаг Ж.Наранцэцэг

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо. Бэлхийн 29 дүгээр гудамжны алга дарамхан газpaa мөрөөдлийн цэцэрлэгээ болгож чадсан түүнийг Жүгдэрийн Наранцэцэг гэдэг. Тэр 70 шүргэж яваа. Эмээ гэх тодотгол түүнд хараахан зохихгүй. Ясны хөдөлмөрч, гялалзуур, тас тас инээх тэрбээр энэ хашаандаа нүүж ирээд 35 дахь жилээ үдэж байна. Харин өрхийн тариалан эрхэлж, ургацаа хураагаад 31 дэх намартайгаа золгож байгаа нь энэ.

Хашааных нь хаалга дээр "Байгаль бүтээгч өрх" хэмээн тодоор бичсэн нь нүдэнд тусах аж. Нэмээд өөрийнхөө нэртэй цэцгийг хашаанаасаа өндөр ургуулж, гадаах үүдэндээ мандал бүтээжээ. Хашаа руу ормогц хөл гишгэх зайгүй гоёлын цэцэгс алаглаж, шил шилээ дарсан хүлэмжүүдийн хаалгаар шинэ ургацын ногоонууд харагдана. Хэн ч очсон сэтгэл сэргэм тийм л өнгө алагласан, ногооны үнэр хан хийсэн орчин угтав. Гэрээс хашааны хаалга, нойл хүртэл явган хүний нарийн замтай. Бусдаар 0.7 га газрын талтай тэнцэх хэмжээний энэ жаахан хэсгийнхээ булан тохой бүрийг ашиглаж, 50 нэр төрлийн ногоо, жимс, цэцэгс тарьжээ.

Ж.Наранцэцэг Хотын тээврийн удирдах газрын харьяа 33 дугаар автобазад 20 жил дуудлагын жижиг тэрэг барьсан, мэргэжлийн жолооч хүн. "Энэ автобазад ажиллаж байхдаа ханьтайгаа учирч, дөрвөн хүүхдийн аав, ээж болцгоосон. Хань минь өвчний улмаас бурхан болж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Энэ хүртэл бүх зүйл амар байгаагүй ээ" хэмээн нулимс дуслуулан ярина.

Жилийн 365 хоногийн 45 хоногт нь л амардаг, зүгээр суухыг мэдэхгүй энэ байгаль бүтээгчийн ажил аль хоёр сараас ундарч эхэлдэг. Өвлийн сүүлчээс хавар, зун, намрыг дамнаад бас болоогүй 12 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Тасралтгүй үргэлжлэх энэ цаг хугацааны хүрдэн дотроос тэр амьдралаа босгож, дөрвөн хүүхдээ хэнээс ч дутаалгүй өсгөжээ. Гагцхүү дутуу юм тэдэнд аав л байх. Хүүхдүүд аль хэдий нь тусдаа гарч, ач, зээг нь үнэрлүүлж улам өнөр, олуул болцгоожээ. Тэднийгээ багад ганцаараа голдуу зүтгэдэг байсан тэр одоо маш олон туслахтай.

Энэ тухайгаа, "Хамгийн том хүү маань ургацуудаа хурааж аваад, газрынхаа бордоог хийгээд гишгээд орхичихно. Хоёр дахь хүү дуслын усалгааны системээ хариуцна. Удаах хүү энэ бүгдийг тарьдаг. Гайхамшигтай ургана. Харин ганц охин маань нөөшлөх, боловсруулах ажилд тусална. Би өөрөө нарийн, нандин юмнуудаа хийнэ. Энэ чинь жижиг гэхгүй маш их ажиллагаа орно. Тиймээс өрхийн тариалан гэдэг гэр бүлийн хөдөлмөр юм" гэлээ.

Тэр ургуулаад, хурааж аваад болчихдоггүй. Ургацаа боловсруулж, олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг гэртээ хийж байна. Жишээлбэл, хүрэн манжин, шар лууван, улаан лооль, хулууны варень. Өргөст хэмх зэрэг ургуулсан ногоогоороо таван төрлийн алаг салат болон дангаар нь нөөшлөх гэхчлэнгээр 30-40 нэр төрлөөр боловсруулдаг. Ингээд зогсохгүй "Намрын ногоон өдрүүд" зэрэг улс, дүүргээс зохион байгуулдаг ногоочид, тариаланчдын нэгдсэн үйл ажиллагаа, уралдаан, үзэсгэлэнд тогтмол оролцдог аж.

Ж.Наранцэцэг хэлэхдээ, "Зах зээлд гаргах тухайд миний ногоог идээд амтанд нь орчихсон хүн олон байдаг. Тэд жил бүр авна. Ах дүү, хамаатан саднууд маань худалдаж авна. Үзэсгэлэн худалдаануудад оролцоно. Хамгийн сайхан нь би цагаан сараар бэлэг худалдалж авдаггүй. Нөөшилсөн бүтээгдэхүүнээ өгчихдөг. Энэ бол миний гэр бүлийн хайр, итгэл сэтгэл, хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн шүү гээд. Манай хаалгаар орж ирсэн хүн бүр ширээ дүүрэн ногоо, салат иднэ, бэлгэнд авна. Өөрт их гайхамшигтай байдаг" гэсэн юм.

Үүнээс гадна 20 гаруй мянган үрсэлгээ зах зээлд нийлүүлдэг тухайгаа ярилаа. Тэр өөрөө үр болгоныг тарихаас гадна үрсэлгээ хийж тариаланчдад борлуулдаг. Борлуулаад орхилгүй хэрхэн тарих, юуг анхаарах зэрэгт нь санаа тавьсаар 4,000 шавьтай болоод байна. Энэ жил 18 аймаг, есөн дүүрэгт түүний үрсэлгээ таригджээ.

-Та насандаа баймгүй толиотой харагдаж байна. Энэ бүхэнтэй ойр байдагтай холбоотой байх аа?

-Хүнд хөдөлгөөн нэмээд сэтгэхүй чухал нөлөөтэй. Энэ сайхан ногоонуудаа хараад духаа үрчийлгээд суугаад байж болохгүй. Өглөө гэрээсээ гараад ирэхэд ямар гоё санагддаг гээч. Тэгээд л хүлэмжүүд рүүгээ ороод миний ногоонууд ямар гоё ургаа вэ, хайртай шүү гээд ярьдаг. Миний ногоо ургахгүй байна аа л гээд байвал яаж ургах вэ дээ. Хүнийг дандаа чи муу байна, ахихгүй нь ээ гээд байвал урам авахгүй. Түүнтэй адил шүү дээ.

-Ногоо, жимснээс гадна зүйл бүрийн цэцгүүд нүдэнд туслаа?

-Нэг багш маань сургалтын үеэр дан ногоо тарих зохимжгүй. Цэцэг бас таривал зүгээр. Хашааг чинь өнгө үзэмжтэй харагдуулахаас гадна гоёлын цэцгийг баглаа болгоод зарж болдог шүү гэж хэлж байсан. Үүнээс хойш л цэцэг тарьж болох юм байна гэдэг бодолтой болж, 20 гаруй жил мандлын болон гоёлын, баглааны цэцгүүд тарьж байна. Эднийгээ есдүгээр сарын 1-нд сургуулийнхаа үүдэнд авч очоод баглаа болгоод зарчихдаг. Сүүлд мандлын цэцэг гаргадаг болоод байна. Наранцэцэгийг л гэхэд 4, 5 төрлөөр нь ургуулсан. Зарахаас илүүтэй харах л их сайхан даа, маш тааламжтай.

-Өөртөө ч, эргэн тойрондоо ч өгөөжтэй сайхан амьдарч буйг тань улс дүүрэг үнэлж, олон шагнал өгчээ дээ ?

-Миний хөдөлмөрийг төр, засаг өндрөөр үнэлдэг. 2017 онд Алтангадас одонгоор шагнуулсан. 2015 онд ХХААХҮЯ-ны тэргүүний ажилтан болсон. Мөн Нийслэлийн тэргүүний тариаланчаас гадна Сүхбаатар дүүргийн аварга ногоочноор 13 удаа, хорооны аварга ногоочноор найман удаа шалгараад байна. Нэмээд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын таван удаагийн аварга ногоочин, 20 өрхийг тариаланч болгосон гээд тоймгүй олон шагнал авсан.

-Хөдөлмөрлөөд хөдөлмөрлөснөө үнэлүүлнэ гэдэг сайхан урам биз?

-Тэгэлгүй яах вэ. Хүн хөдөлмөрлөөд, үр ашгийг нь үзээд амьдралаа авч явж байна гэдэг гайхамшиг. Тэр дундаа үр дүн нь харагдаж, үзэгдэж хүнийхээ өмнөөс ярьж байдаг ийм онцлогтой ажилд худлаа ярьж үнэлэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс бахархалтай сайхан байдаг даа.

-Анх энэ бүхнийг эхлэхэд хэцүү нь юу байв. Их л зүйл туулсан байх, хүүхдүүд нь ч бага байж?

-Газар тариалан эрхэлнэ гэдэг их амаргүй. Өөрөө дуртай, сонирхолтой байж гэмээ нь цааш хөгжүүлж, ахиулж, үр шимийг нь хүртэнэ шүү дээ. Манай хашааны энэ газрыг л янзлахад гурван "сонсмоол" машинаар дүүрэн чулуу гарч байлаа. Тиймээс эхлээд маш их хөдөлмөр орно. Одоо бол тиймгүй. Бараг л тарилаа, хураалаа шүү дээ.

Анх би "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын шугамаар ногоочин болсон. Энэ байгууллага тухайн үед манай 15, 16 дугаар хороонд өрх толгойлсон, нэн ядуу айлуудыг төсөлдөө хамруулсан. Үүнийг хорооныхоо Хандмаа даргаас дуулаад надад хэлээрэй, би хамрагдана шүү гэж захичихсан байсан юм. Гэтэл удалгүй гэрийн хажуугаар жоотуу, хүрз барьсан хүмүүс дээшээ яваад л эхэллээ. Тэгээд гүйж очоод нөгөө даргаасаа лавлатал "өө чамайгаа мартчихсан байна" гээд. Ингээд дээшээ яваад оч гээд надад зааж өгөөд явууллаа. Очтол хоёр машин чулуу дээр нь овоолчихсон ганцхан жижиг 10 метр газар үлдсэн байсан ч тэр газрыг нь авахаар боллоо. Тэгээд ногоогоо тариад гурван удаа аварга тариаланч болсон доо.

Газаргүй байх үедээ одоогийнхоо байшингийн суурин дээр жаахан төмс, лууван, ногоон сонгино тарьдаг байсан юм. Зааж зөвлөх хүн, өрхийн тариаланч ч ховор. Тийм айл харагдвал хашааных нь завсраар очиж харна. Нохой нь хуцахаар хар хурдаараа буцаад гүйчихдэг тийм л байлаа. Ингэж л ногоочин болж билээ. Одоо ч цаг сайхан болжээ. Энэ жижигхэн талбай минь бидэнд бүгдийг өгсөн. Өгсөөр ч байгаа. Газраа жижиг гэж голохгүй ашиглаж, торддог бол бүх хүнд ийм боломж бий шүү.


Өглөө бүрийн зургаан цагт босож мөрөөдлийн цэцэрлэгээ торддог түүний ажил дундрах болоогүй л байна. Ургацаа хураана, борлуулна, боловсруулна гээд хийх ажил мундахгүй их. Гэсэн ч тэр инээж байгаад л энэ бүхнийхээ ард гарч сурчээ. Бүхий л дурсамж, сайн сайхан нь хадгалагддаг энэ хашаа, байшингаа газар төлөвлөлтөд орчихвол яана аа гэж боддог бололтой юм. Хэрэв тэгвэл “Аман хуур” кинон дээр гардаг шиг сууж авна гээд инээж байв. Тэр одоо намар, өвөлдөө бэлтгэж байна. Энэ их ногоо, жимс түүний зооринд алаглана, “газар доор ургана”. Харин цэцэгс нь бэлэг болоод хэн нэгний тэвэрт очдог юм байна. Энэ хүрээд бидний яриа өндөрлөж, “одоо таван тогоо варень буцалгах ёстой, дараа намар ирээрэй” гээд гараа даллан үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Урана
Урана
8 сар 27, 2025 09:07

Ёстой гоё юмаа. Хөдөлмөрийн үр шим нь аз жарг�##�, хүндэтгэл, эрүүл энх, элбэг дүүрэн амьдарлыг өгчээ. Урт нас�##�ж улам их ургац хураагаарай!

Холбоотой мэдээ

Back to top button