Тодруулга: "И-Монголиа" системд бүртгүүлснээр нэг ангид 70-75 сурагч ногдож байна

Сурагчдын хичээл эхлэхэд гурав хоног үлдлээ. Улсын сургуулиуд анги хуваарилалт, сурагчдын бүртгэл гээд ачаалал ихтэй байна. Цааснаас цахим руу шилжиж буйтай холбоотойгоор сурагчдын бүртгэлийг ч "и-моннголиа" систем рүү шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл сурагчид харьяа дүүрэг, оршин сууж байгаа хорооныхоо сургуульд суралцахын тулд тус системийг ашиглан бүртгүүлэх ёстой юм байна.
Үүний дараа тэдний хүсэлтийг сургуулийн сургалтын алба баталгаажуулж, анги хуваарилахад нэрсийг нь оруулна. Батлагдсан бус "и-монголиа" системээр дамжуулан бүртгүүлсэн сурагчдын тооог бүлэгт хуваавал нэг ангид 70-75 сурагч ноогдож байгаа аж.
Энэ асуудлаар Нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн бага ангийн сургалтын менежерээс тодрууллаа.
Тэрбээр, "Нэг ангид 70-75 хүүхэд суралцах боломжгүй. Системээр бүртгүүлсэн сурагчдынхаа нэрсийг бүлэгтээ хуваахаар ийм өндөр тоо гарч байгаа юм. Эдгээр хүүхдүүд бүгд суралцдаггүй. Хувийн сургууль болон өөр сургууль руу шилжих тохиолдол олон гардаг. Энэ бол маш олон хүүхэд бүртгүүлсэнтэй холбоотой. Бид хамгийн багадаа нэг ангийг 44-48 сурагчтай байхаар төлөвлөж байна. Хамгийн дээд тал нь 50 сурагч нэг ангид байх зохицуулалт хийхийг хичээдэг. Жил бүр ийм байгаа. Анги дүүргэлтийн стандарт мөрдөх боломж бүх сургуульд байхгүй болчхоод байна" гэв.
Харин батлагдсан стандартыг харвал
- Нэгдүгээр ангид 35-аас ихгүй сурагч
- Бусад ангид 40-өөс ихгүй сурагч суралцана гэж заажээ.
Мөн энэ стандартыг мөрдөх боломжгүй бол ерөнхий боловсролын сургуулийн 45 болон түүнээс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид туслах багш ажиллуулах журам баталсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.