Sxcoal: Монголоос гадаадын трэйдерүүд экспорт хийхийн тулд 40 гаруй бичиг бүрдүүлж, гаалийн мэдүүлэгт 116 төрлийн мэдээлэл өгдөг

Хятадын нүүрсний зах зээлийн мэдээллийн гол платформ Sxcoal.com нь нүүрс үйлдвэрлэл, олборлолт, үнэ, нийлүүлэлт, зах зээлийн мэдээ, аналитик судалгаа зэрэг олон талын мэдээллийг бичдэг билээ. Тус мэдээллийн сайтад Монголын Засгийн газрын гаалийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийн талаар болон нүүрс экспортын өмнө тулгардаг хүндрэлүүдийн талаар дараах мэдээллийг бичсэнийг орчуулан хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар энэ сард гаалийн гол үйл явцыг цахимжуулах, нүүрсний экспортыг хурдасгах зорилготой өргөн хүрээний тогтоолыг баталсан. Үүнд, Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй нүүрсний тээвэрт жолоочийн удирдлагатай автомашины тээврийн горимыг нэвтрүүлэх, Гашуунсухайт боомтод ухаалаг гарцыг ашиглаж, контейнерийн тасралтгүй тээврийг хэрэгжүүлэхээр болжээ.
Үүний зэрэгцээ Монголын Засгийн газар улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт, хяналтыг цахимжуулахыг үүрэг болгосон байна. Мөн биржээр арилжигдаж буй нүүрсний үнийг зах зээлийн индекст илүү ойртуулах зорилгоор үнэ тарифын өөрчлөлтийг хийхээр тогтсон юм.
Одоогийн байдлаар гадаадын трэйдерүүд Монголоос экспорт хийхийн тулд 40-өөс дээш төрлийн баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд зарим нь 6–12 хувь хуулбар гаргах шаардлагатай байдаг. Зөвхөн гаалийн мэдүүлэгт 116 төрлийн мэдээлэл шаардагддаг бол улсын бүртгэлийн гэрчилгээнд 8 төрлийн мэдээлэл шаарддаг.
Тус улсын Засгийн газар өмнө нь эдгээр үйл явцыг “нэг цонхны” цахим системээр хялбаршуулах төлөвлөгөөтэй байсан боловч санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалан хэрэгжилт нь саатсан гэж тайлбарладаг. Харин шинэ санаачилгын хүрээнд санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх, системийн худалдан авалтыг эхлүүлэхийг үүрэг болгосон байна.
Экспортын бас нэгэн хүндрэл нь уул уурхайн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дээжийг зөвхөн Улаанбаатар дахь гаалийн төв лабораторид хүргүүлж, хариу авах шаардлагатай байдаг явдал юм. Нүүрсний шинжилгээний дүнг хүлээн авахад 7–35 хоног шаарддаг байна.
Гашуунсухайт боомтод шинэ лаборатори баригдаж, шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан хэдий ч одоогоор ашиглалтад ороогүй байгаа юм.
- Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар тодорхой хугацаа тогтоожээ. 2025 оны наймдугаар сар гэхэд
- Гаалийн төв лаборатори шинжилгээний хариуг 48 цагийн дотор гаргах чадвартай болох
Мөн Гашуунсухайт боомтын гаалийн лаборатори энэ оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх
Үүний зэрэгцээ 2025 оны гуравдугаар улирал гэхэд хувийн компаниудын лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн системд нэгтгэн ашиглах бөгөөд бусад боомтын лабораториуд ашиглалтад ортол энэхүү зохицуулалт хүчин төгөлдөр байх аж.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.