АНУ-ын Миннеаполис хотод зэвсэгт этгээд сүм рүү халдаж, хоёр хүүхэд амь үрэгджээ

АНУ-ын Миннеаполис хот дахь католик шашны сургууль руу зэвсэгт этгээд халдаж, хоёр хүүхэд амь үрэгдэн 17 хүн бэртжээ. Хэрэгтэн өдрийн массад оролцож байсан сурагчид руу гал нээсэн байна. Халдлага үйлдэгч сүм рүү орж буй хүүхдүүд рүү цонхоор гал нээж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн гэж албаныхан мэдэгдсэн юм.
Миннеаполис хотын цагдаагийн албаны дарга Брайан О’Хара мэдэгдэл хийхдээ “Энэ бол гэм зэмгүй хүүхдүүд болон мөргөл үйлдэж байсан хүмүүсийн эсрэг санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг. Сүм дотор хүүхдүүд байхад гал нээсэн нь үнэхээр төсөөлшгүй харгислал, хулчгар зан” гэжээ.
Албаныхан халдлага үйлдсэн хүнийг 23 настай Робин Вестман гэж тогтоосон байна. Шүүхийн бүртгэлээс үзэхэд Вестман хүйсээ солиулж, 2020 онд өөрийнхөө нэрийг Робертоос Робин болж өөрчилж эмэгтэй гэх тодотголтой болжээ. Миннеаполис хотын дарга Жейкоб Фрей энэ үйл явдлыг бусад трансжендер хүмүүсийг гадуурхах шалтаг болгон ашиглах ёсгүй хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.