Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадын цэргийн парадын хүндэт зочны суудлыг Ким Жон Ун, Путин нар эзлэв

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин урьд өмнө байгаагүй том цэргийн парадыг лхагва гарагт /2025.09.02/ удирдан явуулсан. Парадын үеэр дэлхий дахин энх тайван эсвэл дайн гэсэн хоёр сонголтын өмнө ирээд байна гэж тэр хэлсэн юм. Тэр үг хэлж байх үед хоёр талд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар зогсож байжээ.

Дэлхийн II дайн төгсөж, Япон бууж өгсний 80 жилийн ойд зориулсан энэхүү арга хэмжээнд барууны ихэнх удирдагч оролцоогүй. Харин Украйны дайн болон БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс болж барууны орнууд хориг тавьсан Путин, Ким Жон Ун хоёр хүндэт зочдоор оролцсон юм.

БНХАУ-ын цэргийн хүч чадал, дипломат нөлөөг харуулах зорилготой энэхүү парад нь Доналд Трамп худалдааны тариф, тогтворгүй бодлогоороо холбоотнууд болон өрсөлдөгчид улсуудтай АНУ-ын харилцааг хурцатгаж буй үед тохиов.

БНХАУ-ын удирдагч агсан Мао Зэдуны өмсдөг байсан маягийн хослол өмссөн Ши Жиньпин 25 гаруй орны удирдагчийг улаан хивсэн дээр угтаж авчээ. Ши Жиньпиний эхнэр Пэн Лиюань хэд хэдэн зочдод англиар “Тантай уулзсандаа таатай байна”, “Хятадад тавтай морил” гэж хэлж буй нь сонсогдсон байна.

Ши Жиньпин Тяньаньмэний талбайд цугласан 50 мянга гаруй хүнд зориулж үг хэлэхдээ “Өнөөдөр хүн төрөлхтөн энх тайван уу эсвэл дайн уу, яриа хэлэлцээ юу эсвэл сөргөлдөөн үү, хамтдаа хожих уу эсвэл тэгш бус үр дүнд хүрэх үү гэсэн сонголтын өмнө ирээд байна” гэж хэлжээ. Тэрбээр нэмж “Хятадын ард түмэн түүхийн зөв талд тууштай зогсож байна” хэмээсэн юм.

Нээлттэй дээвэртэй лимузин дээр суусан Ши Жиньпин улсынхаа цэргүүд болон дуунаас хурдан пуужин, усан доорх дрон, робот чоно гэх мэт хамгийн сүүлийн үеийн технологи бүхий зэвсгүүдийг үзэж шалгажээ.70 минут гаруй үргэлжилсэн парадын анхаарал татсан зүйл нь энх тайвныг бэлгэдсэн 80 мянган ширхэг шувуу нисгэсэн явдал байв.

Үг хэлснийхээ дараа Путин, Ким Жон Ун нарын дунд суусан Ши Жиньпин хоёр удирдагчтай байнга ярилцаж буй нь шууд дамжуулалт дээр харагдсан юм.

Трамп өөрийн сошиал хуудсандаа парад эхлэхтэй зэрэгцэн “АНУ-ын эсрэг хамтран хуйвалдаж байхдаа Владимир Путин, Ким Жон Ун нарт миний халуун мэндчилгээг дамжуулна уу” гэж бичжээ. Түүнчлэн тэрбээр Дэлхийн II дайны үеэр Японоос чөлөөлөгдөхөд БНХАУ-д тусалсан АНУ-ын үүргийг онцолсон байна.

Трамп парад эхлэхээс хэдэн цагийн өмнө хэлэхдээ уг арга хэмжээг АНУ-д чиглэсэн сорилт гэж үзэхгүй байгаа гэсэн юм. Японы Засгийн газрын хувьд энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаж, БНХАУ-тай бүтээмжтэй харилцаа байгуулж байгаа хэмээжээ.

Бээжин өөрсдийн газар нутаг хэмээн мэдэгддэг Тайвань иргэддээ парадад оролцохгүй байхыг анхааруулсан байна. Оролцох нь Бээжингийн нутаг дэвсгэрийн шаардлагыг улам бататгах эрсдэлтэй гэж Тайванийн эрх баригчид мэдэгджээ. Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ цэргийн парадыг хурцаар шүүмжилж “Тайвань энх тайвныг буу галлаж тэмдэглэдэггүй” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button