Португалийн нийслэлд трамвай осолдсоны улмаас 15 хүн амь үрэгджээ

Лхагва гарагт /2025.09.03/ Португалын нийслэл Лисбонд трамвай осолдсоны улмаас 15 хүн нас барж, 18 хүн шархадсан байна. Лисбоны трамвай нь жуулчид ихээхэн үйлчлүүлдэг, хотын бэлгэ тэмдэг юм. Албаныхан амь насаар эрсэдсэн хүмүүсийн нэрс, харьяаллыг зарлаагүй ч гадаадын зарим иргэд байсан гэжээ.
Тус хотын дарга Карлос Моэдас мэдэгдэл хийхдээ “Манай хотын хувьд эмгэнэлт өдөр тохиолоо. Лисбон хот гашуудаж байна. Эмгэнэлтэй, маш эмгэнэлтэй явдал” хэмээсэн байна. Португалын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуса осол болсонд эмгэнэл илэрхийлж, албаныхан ослын шалтгааныг удахгүй тогтооно гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.
Цагдаагийн мөрдөн байцаагчид газар дээр шалгалт хийж, Португалын Прокурорын ерөнхий газраас албан ёсоор шалгалт эхлүүлнэ гэжээ. 1885 онд нээгдсэн трамвайн шугам нь Лисбоны төв хэсгийг Рэстаурадоресийн талбайн ойролцоох Баирро Альто хороололтой холбодог байна. Тэрхүү трамвайг хотын нийтийн тээврийн Каррис компани ажиллуулдаг юм. Тус компани мэдэгдэл хийхдээ засвар үйлчилгээний бүх протоколуудыг дагасан, сар болон долоо хоног тутмын засвар, шалгалтыг хийсэн гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.