Жо Байден арьснаасаа хорт хавдрын зангилаа авхуулах мэс засалд оржээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден арьснаасаа хорт хавдрын зангилаа авхуулах мэс засал саяхан хийлгэсэн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч пүрэв гарагт /2025.09.04/ мэдээлжээ. “Inside Edition” агентлаг Байден духан дээрээ шинэ сорвитой болсон бичлэгийг нийтэлсний дараа түүний хэвлэлийн төлөөлөгч Келли Скулли ийм мэдэгдэл гаргасан байна.
Скулли хэлснээр Байден хорт хавдрын шинж тэмдэг үлдэхгүй болтол арьсыг зүсэж авдаг мэс засал хийлгэжээ. Хоёр жилийн өмнө Байден ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа суурь эсийн карцинома нэртэй хорт хавдрын зангилааг арьснаасаа мэс заслаар авхуулсан юм. Гуравдугаар сард Байдены ажлын алба түүнийг түрүү булчирхайн хорт хавдрын хүнд хэлбэрээр оношлогдож, ясанд нь үсэрхийлсэн гэж мэдэгдсэн.
Байден тухайн үед өөрийн сошиал хуудас дээрээ “Хорт хавдар бид бүгдэд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Хамгийн хүнд хэцүү үе тохиоход өөрийгөө ямар хүчтэй вэ гэдгээ мэддэг. Жилл бид хоёр ч мөн үүнийг ухаарлаа” гэсэн юм. Түүний гэр бүлд хорт хавдраар өвчилсөн түүх хэд хэд бий. Байдены хүү Бо Байден тархины хорт хавдрын улмаас нас барсан. Мөн түүний эхнэр Жилл Байден хоёр удаа хорт хавдрын зангилаа авхуулж байсан юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.