Сурах бичиггүй хичээллэж буй I ангийнхны асуудал даваа гарагт шийдэгдэнэ

Хичээлийн шинэ жил эхлээд нэг долоо хоногийг үдлээ. Гэтэл сурах бичгээ гартаа аваагүй 80 мянган орчим нэгдүгээр ангийн сурагч байна. Боловсролын яамнаас бага ангийн сурагчдын сурах бичгийн агуулгыг энэ хичээлийн жилд шинэчилнэ, шинэчлэхгүй гэсээр эцэстээ хуучнаараа хэвлэх болсон байдаг. Мөн сурах бичгийн түгээлтийн тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахаас татгалзаж, цуцалсан нь өнөөдрийн нөхцөл байдлын гол шалтгаан болов.
Улмаар нэгдүгээр ангийн багш нар сурагчдадаа бататгах даалгавруудыг хэвлэн тарааж долоо хоногийг үдлээ. Сурах бичиг хэзээ бүрэн гүйцэт ирэхийг мэдэхгүй байгаа талаараа хуваалцсан юм.
Нийслэлийн 154-р сургуулийн бага ангийн багш Х.Пүрэвдорж: Энэ хичээлийн жилд нэгдүгээр анги дааж авлаа. Одоогоор 36 хүүхэдтэйгээр хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ. Сурах бичгийн агуулгыг шинэчлэхээр яригдаж байсан ч хуучин хэвээр нь дахин хэвлээд илгээхээр болсон гэсэн. Одоогоор сурах бичиг хүүхдүүдийн гар дээр ирээгүй байна. Иймд сурах бичиг хүлээгээд хичээлээ хоцроох ёсгүй тул хүүхдүүддээ бататгах даалгавар, шинэ мэдлэг бүрээ хувилан тарааж байна. Өдөр бүр ийм байдалтай байна гэдэг цаасанд ч хэмнэлтгүй, бидэнд ч төвөгтэй буй. Иймд сурах бичгийн түгээлтийг салбарын яам түргэн шуурхай хийх хэрэгтэй байна.
130-р сургуулийн номын санч Солонгоо: Энэ жил 1-5 ангийн сурах бичигт ямар нэгэн агуулга өөрчлөгдөөгүй. Хичээл эхлэхээс нэг хоногийн өмнө буюу наймдугаар сарын 31-ний өдөр 2-5 дугаар ангийн сурах бичиг ирсэн. Харин нэгдүгээр ангийн сурах бичиг одоо хүртэл ирээгүй байгаа юм. Багш нарын зүгээс сурах бичиг байнга ирсэн эсэхийг асууж байна. Энэ долоо хоногтоо багтаж түгээлтээр ирнэ гэж яамнаас мэдээлсэн.
Харин Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаагаас нэгдүгээр ангийн сурах бичиг яагаад сурагчдын гарт очихгүй удах болсон, хэзээ түгээгдэх талаар тодрууллаа. Ингэхэд "Сурах бичгийн түгээлтийн тендерт саатал гарснаар нэгдүгээр ангийн сурагчид хичээлийн эхний долоо хоногтоо сурах бичиггүй суулаа. Гэхдээ эл өдрүүдэд бататгах мэдлэгийн хичээлүүд ордог тул сурах бичгийн хэрэгцээ тэр бүр байдаггүй.
Уг нь нэг, хоёрдугаар ангийн сурах бичгийн шинэчилнэ гэгдэж байсан ч хуучин агуулгаараа дахин хэвлэгдэж тараагдахаар болсон. Одоогоор Улсын хэмжээнд 80,000 орчим нэгдүгээр ангийн сурагч бий. Нийслэлийнхэнд энэ сарын 08-ны өдрийн дотор түгээнэ. Харин орон нутгийнханд ирэх даваа гарагаас түгээлт гарах төлөвтэй байгаа. Бид өмнө нь Монгол шуудангаар номоо хүргэдэг байсан бол энэ удаа 21 аймгийн Боловсролын газраар дамжуулан сурах бичгийг хүргэн ажиллаж байна" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.