Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахыг тариалан эрхлэгчид хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.09.08) газар тариалангийн бүс нутагт ажиллаж, тариаланчдын санал хүсэлтийг сонслоо. Тэд хөнгөлөлттэй зээлд хамруулах, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Мимо эрдэс премикс” компани орон нутагт анх удаа өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх үйлдвэр байгуулжээ. Мимо агро паркийн автомат тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын 30-нд эхлүүлнэ. Өдөрт таван тн тэжээл үйлдвэрлэдэг байсан үйлдвэрээ өргөтгөж хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлсэн байна.

Улаанбуудай, эрдэнэ шиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг. Эрдэст тэжээл нь махны гарц нэмэгдүүлэхээс гадна ган, зуд зэрэг цагийн байдал хүндэрсэн үед тарга тэвээрэг оруулах, өвөл, хаврыг малын хорогдолгүй даван туулахад үр дүнтэй нь нотлогджээ. Тусгай найрлагат тэжээлийн үйлдвэр орон нутагт бий болсноор ажлын байр нэмэгдэж, малчид замын зардал, цаг хугацаа хэмнэх болжээ.

Сэлэнгэ аймгийн Сант суманд тариалалт эрхэлдэг “Анар Орд” ХХК хоёр жилийн өмнө тариалалт эхлүүлжээ. Жилд 15-25 мянган тонн ногоон дарш (саалийн үнээний фермд зориулсан) болон малын тэжээл үйлдвэрлэдэг. Ургацаа талбай дээрээ шууд баяжуулж, шуудайлан малчид, фермерүүдэд нийлүүлж байна. Ургацын талбай дээрээ баяжуулж, савласнаар хэрэглэгчдэд тээврийн зардалгүй, үнэ хямд тэжээл очих боломж бүрджээ. Нэг тн тэжээл нэг сая төгрөг, нэг тн ногоон дарш 550 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус компани 550 га талбайд тариалалт эрхэлж байна. Цаашид талбайгаа тэлж 3000 га-д хүргэх, эрдэнэ шишээс гадна цагаан будаа, шар буурцаг, вандуй, царгас тариалах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ.

Тариалан эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх, худгийн зөвшөөрөл олгох зэрэг шийдвэрийг түргэн шуурхай гаргаж өгөх нь тариаланчдад чухал байгааг компанийнхан хэлж байлаа.




Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэхээр ажилсаг хүмүүст ерөнхий сайд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж банйа
Жил бүр ийм яриа гардаг ч нам засаг тоож авч үздэггүй. Ж.Энхбаярт хэл!