Сурвалжилга, Нийтлэл

1994 оноос хойш усан эм найруулж буй Ц.Тунгалаг: Үйлчилгээ нь сайн хэвээр, санхүүд ч хэмнэлттэй

Ц.Тунгалаг АУДС (Одоогийн АШУҮИС)-ийн Эм зүйн ангийг төгсөж, социализмын үед улсын эмийн санд нөөц хариуцсан эрхлэгчээр ажилаж байжээ. Дараа нь 46-р эмийн санд хэсэгхэн ажиллаад, 1994 онд “Хонхлой”-г байгуулжээ.

31 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа эдний эмийн сан одоог хүртэл усан эм найруулж, худалдаалдаг.

Бор, ногоон шилтэй витамин С, кальцын хлорид зэрэг усан эмийг ханиад хүрэх бүрдээ авч уудаг, дорхноо эдгэчихдэг хүүхэд цагийн дурсамж цөөнгүй хүнд бий.

Одоо тийм эмийн сан цөөрчээ. Ц.Тунгалагийн хэлж байгаагаар Улаанбаатарт ганцхан “Хонхлой” л усан эм худалдаалж байх магадлалтай аж.

1994 оноос хойш ажиллаж байгаа болохоор “Хонхлой”-гийн байнгын үйлчлүүлэгчид олон. “Яагаад эмийн сангаа ингэж нэрлэсэн юм бэ?” гэхэд Ц.Тунгалаг,

-“Дөлгөөн дон” романд гардаг хонхлой цэцгээс санаа авсан юм. Манайх нээгдсэний дараа “Хонхондой”, “Хотой”, “Хонхлой арвижих” гэх мэтээр төстэй нэртэй эмийн сангууд олон гарч ирсэн. “Хонхлой арвижих” дээр хүмүүс их андуурч очдог гэсэн хэмээн хариуллаа.

“Хонхлой” эмийн сан усан эмнүүдээ жигд 4 мянган төгрөгөөр худалддаг байна. Хэрэв үйлчлүүлэгч өөрөө шил авчирвал 3 мянга 500 болж хямдарна. Эм найруулах стандарт хангахын тулд дөрвөн өрөөтэй үйл ажиллагаа явуулах шаардлага тавигдана, үүнийг дагаад ашиглалтын, цалингийн гээд урсгал зардал ч их гардаг. Өдгөө 70 нас гарчихсан яваа Ц.Тунгалаг тийм учраас заримдаа өөрөө ч шалаа угаахад хүрдэг гээд,

“Хүмүүс сироп 25 мянгаар, гурван усан эмээ 10 мянга 500-гаар авахын аль нь илүү хэмнэлттэй вэ гэдгийг бодож л ажилладаг юм. Бид нар эм найруулахаа больё, дандаа 20 гаруй мянгаар хүүхдэдээ сироп авч өгөх үйлчлүүлэгч хэр болон билээ. Тэгээд ч бүр хийгээд сурчихсан юм даа. Саяхан манай эмийн сангийн талаар бидний танихгүй нэг хүн Фэйсбүүк дээр бичсэн байна лээ. Сэтгэгдлүүдийг нь ушаад маш их урамшсан, баярласан” хэмээв.

Харин тун саяхнаас эмийн нунтаг түүхий эдээ авах гэхэд нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас шинэ тусгай зөвшөөрөл шаарддаг болсон талаар дуулгажээ.

Ц.Тунгалагийн нөхөр Я.Сайнбуян Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс засалчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, одоо “Хонхлой”-н ажилд тусалж байна. Тэдний хоёр хүүхэд ч мөн анагаах ухааны салбарт ажилладаг. Биднийг сурвалжлахаар ирсэн дор хоёр ч хүн усан эм асууж орж ирлээ.

-Ер нь усан эм найруулж, худалдана гэдэг өөрсдөдөө л илүү ачаа үүрүүлж байгаа хэрэг юм байна шүү дээ?

-Яах вэ, тийм. Бид дээр үеийн улсууд, сурсан байна, дассан байна. Хэрэглэгчдээ ч бас бодож байна. Орчин үеийн эмийн сангууд дөрвөн өрөөний стандартыг хангаж, илүү зардал гаргаж, өөрсдөө эм найруулна гэдэг амаргүй л дээ. Олон жил болж байгаа учраас нөхөр бид хоёрыг онгоцны буудал дээр явж байхад ч таних нь бий. Тэр сайхан сэтгэгдлүүдэд бид маш их баярладаг. Манай энэ хавийн айлууд ч заримдаа шөнө оройн цагаар хүүхэд өвдвөл бид хоёрыг зориод ирдэг. 

Манайд нийтдээ 11-12 төрлийн усан эм бий. Мөн сентимициний эмульс гэх мэт 4-5 төрлийн тосыг найруулж бэлддэг. Учир нь тос ч бас үнэтэй болчихоод байна шүү дээ. Дээр үеийнх шиг, пеницилиний шилэнд бэлтгэдэг тул зарим хэрэглэгчдэд манай тоснууд их ойр, дотно санагддаг гэсэн.

-Усан эм уухаар ханиад их л хурдан эдгэдэг байсан шиг санагдана. Одоо гэхдээ вирусүүд хувьсан өөрчлөгдөж, түүнд тохирсон хүчтэй эм уух шаардлага бас гараад байна уу?

-Усан эм маш сайн үр дүн өгсөөр байгаа. Одоо хүмүүс яг тэгж хэлж ирж байна. “Эмчийн бичсэнийг авч өгөхөөр төдийлөн үр дүн гарахгүй юм. Хүүхдүүд ч бас уухгүй юм. Танай усан эм одоо ч сайн хэвээрээ байна” гэдэг. Харин би нэг бяцхан тус гуйдаг л даа. Бид нар Хятадаас хуванцар сав авч, савлаад өгч болно, гэхдээ тийм савыг угааж ариутгаж болохгүй, дэмий хаягдал гарна. Тэгэхээр вакусны шил авчирч өгөөч гэж хүсдэг. Хэрэв зарлал тавьчихвал хогийн цэгээс ч түүгээд ирж мэднэ. Тэгэхээр өөрсдийнхөө хэрэгцээнээс шил авирч өгч байгаарай л гэж захидаг юм.

-Нунтаг эмээ хаанаас татдаг юм бэ?

-Монголд хоёр аж ахуй нэгж байдаг юм, хамтарч ажиллаад олон жил болж байна. ОХУ-аас орж ирсэн нунтаг эм ашигладаг гэсэн үг.

-Санхүүгийн ашиг харсан, ажлын ачаалал бодсон бол өнөөдөр усан эм хийгээд суухгүйг сайтар анзаарлаа. Ер нь ашгийн тооцоолол бий юу?  

-Ашгийг нарийн тооцож болно л доо. Гэхдээ эмийн найруулга гурван дамжлагатай, нэг хүн бие дааж зөвхөн шил угаана гэх мэтээр үзвэл үүнд цалингийн зардлаа ч оруулж тооцох ёстой. Бид тэгж бодож үзээгүй л байна. Калийн иод ч гэдэг юм уу, үнэтэй нунтаг бий. Түүгээр хийсэн усан эмийн үнийг гэхэд арай өндөр болгомоор. Гэхдээ нэг жигд үнээр л зарж байна. Эрэлтээрээ, нэгийнх нь ашиг нөгөө рүүгээ шилжиж явдаг. Бөглөө таглааны зардал ч бодох болно, тийм учраас бид ер ашгийн тооцоолол хийлгүй явж ирлээ.

-Өдөрт хэчнээн зарагдах вэ?

-Зуны цагт бага, 30-40 зарагддаг. Өвөл 100 хүрнэ дээ. Сошиалд манай эмийн сангийн талаар бичсэнээс хойш сая бид анх удаа өдөрт 80 гаруй ширхэг натрийн бромид зараад гайхлаа.

-Усан эм найруулдаг өөр эмийн сан байна уу?

-Өөр байхгүй байх. 6-р бичил хороололд нэг байна гэж дуулдаж байсан. Эм найруулдаг өөрийн үеийн хүмүүсээ бодохоор ихэнх нь больчихсон байна. 3, 4-р хорооллын “Номин”-гийн ар дахь Пүрэвдашийн эмийн сан орос стандартаар баригдсан учраас усан эм хийдэг л байсан. Сүүлд больчихсон байна лээ. Хуучны улсууд л хийж байлаа шүү дээ. Болихоороо бидэнд “Тунгаа эгч ээ, танайд л мензуркээ өгье дөө” гэх мэтээр хүрч ирдэг юм.

Эмийн сангууд хийж болно. Гэхдээ стандарт өөрөө эм найруулах, амрах гэх мэт дөрвөн өрөөтэй байх шаардлага тавьдаг. Манайх шиг стандартын дөрвөн өрөөтэй эмийн сан цөөн байх. Энэ жил бол олон эмийн сан татан буугдсан. Электрон жинг гэхэд л жилд нэг удаа батлуулна, олон төрлийн багаж хэрэгсэл шаардагдана шүү дээ.

-БОУАӨ-ийн яамнаас хэзээ, ямар шинэ тусгай зөвшөөрөл шаардаж эхлэв?

-Химийн бодис хэрэглэж байгаа гэдэг үүднээс шинэ зөвшөөрөл шаардана гэсэн. Сая хамгийн сүүлийн татан авалт дээр л тэгж хэллээ. Одоо бас төвөгтэй болж байх шиг байна.

-Олон жилийн туршлагаар та шинэ эмийн санчдад, эмийн сангийн бизнес эрхлэгчдэд юуг хэлмээр байдаг вэ?

-Өөр эмийн сангаар нэг их үйлчлүүлэхгүй юм даа. Бид нарын үед бол байн байн курс хийдэг байлаа. Би Эрхүүд ч, Улаан-Үүдэд ч, Монголдоо ч курс дүүргэж байсан. Байнгын сургалт, мэдлэг дээшлүүлэлт гэсэн үг. Одоо энэ курс гэдгийг тогтмол хиймээр байна. Рецепт уншаад л, “Энэ эмч залуу хүүхэд үү?” гэж асуухаар “Тийм” гэдэг байхгүй юу. Бид нар ч бас ургууль төгсөөд бүгдийг мэддэггүй байсан. Хэдийгээр интернэт, Фэйсбүүк бий болчихсон ч гэлээ байнга мэдлэг мэдээллээ сайжруулах боломжийг курс л олгоно шүү дээ.

Мөн эмийн лавлах жил бүр шинэчлэн хэвлэгддэг байж. Тэрийг ч тогтмол болгох хэрэгтэй. Сүүлийн үед эмч нар эмийг химийн нэршлээр нь бичдэг болсон. Тэгэхээр би ч заримдаа лавлах харах хэрэгтэй болж байна. Деклоденк биш деклофенак нэрээр бичсэн байвал тулгаж харах шаардлага үүснэ гэсэн үг, жишээлбэл. Мөн Унгарт, Вьетнамд гээд үйлдвэрлэсэн орноос шалтгаалаад эмийн нэршил бас их олон янз болчихлоо. Үүнийг дагаад лавлах шинэчлэгдэн хэвлэгддэг бол их сайн.

-Эмч нарын рецептийг бол гаргаахгүй нь ээ, гаргацгүй бичдэг гэдгээр алдартай шүү дээ?

-Ер нь уншина аа. Сүүлийн үеийн эмч нарын сайн тал бол доор нь утсаа биччихдэг болсон явдал. Тунг нь утастаж тулгаж асууна, эмч нар сайхан хүлээж авдаг.  

-Сүүлийн үед хүүхдүүд мансууруулах эм тариуртай худалдаж аван хэрэглэж, гар хуруугаа тайруулахад хүрч байна. Эмийн санчид үүнд асар их анхаардаг болсон. Тийм хүүхдүүд хэр орж ирж байна вэ?

-Орж ирж байна. Өгөхгүй байгаад байхаар сүүлдээ настай, ялангуяа жаахан архи уучихдаг хүнд мөнгө өгөөд оруулчихдаг болоод байна. Эсвэл хуурамч жор бичиж орж ирнэ. Тэрийг бид шууд л мэднэ, “Байхгүй” л гэдэг. Зарим үнэхээр эрүүл мэндийн хэрэгцээтэй, настай хүмүүс орж ирдэг л дээ. Гуйсан бүрд өгчихөж болохгүй, маш нухацтай хандах шаардлагатай. Илт сэжигтэй нөхдөд “Яасан, хүн мөнгө өгөөд оруулчихав уу? Цагдаад өгнө шүү” гэж хэлэхээр “Гуйгаад байсан юм аа” гээд буцаад гараад явчихдаг.

Ажилдаа бүр дадчихсан, эмийн сангийн дөрвөн өрөөгөө яг л хуучны хүний нямбай янзаар толийтол цэвэрлэж, тохижуулчихсан Ц.Тунгалаг биднийг өндгөөр дайлах гэв.

Учир нь тэднийх зуслангийн хашаандаа өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногоо тариалахаас гадна 40 гаруй тахиа тэжээдэг юм байна. Өглөө бүр шинэ өндөг иддэг гээд, шарж өгч болно шүү хэмээсэн нь тэр.

Ц.Тунгалаг мөн аяга, таваг цуглуулах хоббитой гэдгээ ярьж өглөө. Энгийн биш, сонирхолтой өнгө, дүрс, хэлбэр бүхий аяга шаазанд ихээхэн дурладаг аж. “Хонхлой” эмийн сангийн амралтын өрөөн дэх гал тогооны хэрэгслүүдийн хийц хэлбэр ч анхаарал татмаар юм байна.

Тэрбээр эм зүйн салбарт 40 орчим жил ажиллаж байгаагийн хувьд дараах хоёр зүйлийг хөндөж ярьсан юм.

Нэгт, жороор эм олгох зөв ч амралтын өдөр гэнэт хүндэрсэн, эмийн хэрэгцээ гарсан хүмүүст төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Иймд амралтын өдрөөр амбулаторид жор бичдэг эмч жижүүрлэдэг болбол оновчтой. Тэр бүр халуурсан, өвдсөн хүмүүсийг эмч хүлээн авч үзэхгүй, түргэн дуудаад байх амаргүй.

Тийм учраас үзчихдэг, эмийг нь бичээд өгчихдөг жижүүрийн эмч нар ажиллавал зүгээр юм уу гэж боддог.

Хоёрт, ЭМД-аар үйлчлэхийн тулд эмийн үнийн дээд хязгаар баримтлах ёстой болдог нь буруу. Өөрөөр хэлбэл, тухайн эмийг ЭМД-д хамруулъя гэвэл тэдэн төгрөгөөс доош л худалдана гэсэн хязгаар тавигддаг, түүнийг мөрдөх хэрэгтэй болдог аж.

Атал энэ хязгаарт нь ихэвчлэн Энэтхэг, Бангладешийн массаар үйлдвэрлэгдсэн, хямд эмүүд л багтдаг. Тийм учраас чанаргүй эм л зарах болдог. “Энэ эмийг аваарай, даатгалд ордог шүү” гээд эм импортлогчид сурталчлан ярьж явдаг ч болсон.

“Хонхлой”-гийн хувьд голдуу Унгар, Германаас эм оруулж ирдэг, тэд нь даатгалын эмийн үнийн хязгаарыг давчихдаг аж. Иймд чанартай эм зарахын тулд ЭМД-аар үйлчлэхээ тодорхой хугацааны өмнөөс больсон байна.

Ингээд Ц.Тунгалаг бидэнд усан эм найруулдаг өрөөгөө товчхон танилцуулсан юм. Тасалгааг халдваргүйжүүлэх кварцын гэрэл, шил ариутгагч машин, хадгалаастай нунтаг эмүүд, хураалгаастай бөглөөнүүд гээд товхийтэл тохижсон өрөө аж. 1 литр уусмал 10 ширхэг усан эм болдог.

Эм импортлогчид, Нийслэлийн ИТХ, хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гээд олон албан байгууллагаас тэдэнд талархал, өргөмжлөл гардуулж, шилдэг харилцагч, шилдэг эмийн сангаар шалгаруулж байжээ. Тэдгээрийг гол заалан дахь шүүгээнд өрж нандигнасан байх агаад Ц.Тунгалаг МХЕГ-аас авч байсан хамгийн анхны өргөмжлөлдөө их дуртай гэлээ.

31 жилийн түүхтэй, одоог хүртэл цэвэр хэрэглэгчдээ бодсон, хөдөлмөр зүтгэлээр хандсан сэтгэлээр усан эм найруулж худалдаалдаг “Хонхлой” эмийн сан Цамбагаравын 9-р байранд бий.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ эмийн сан хаана байна вэ

Зочин
Зочин

Yamar mundag setgeltei egch ve

Зочин
Зочин

Iim chadvartai sn niigemd heregtei humuusee tur zasag esvel irged ni demjeed ugchihgu m#l tsarailaad l nuguu heden m#l livechij baynii devsgeruudee l demjih yumdoo

Зочин
Зочин

Unheer hair hurem egch yumaa yaj ingej hunii tuluu baij boldog bainaa

Зочин
Зочин

Хаяг

Зочин
Зочин

Emiin san haan yum boloo

Зочин
Зочин

Emiin sangiin bairlal hamgiin dior bn shuu hmuusee

Зочин
Зочин

Yostoi zuv yrij bn yaraltai ued jor neheed unheer hundrel uchruuldag

Зочин
Зочин

Em zuich gej iim l huniig helne shuudee

Батбаяр
Батбаяр

Ээжтэй минь хамт Хүүхдийн 2 - р эмийн санд ажиллаж байсан Тунг�##�ага эгч байна. Намайг хүүхэд байхад з�##�уухан эгч сургууль төгсөөд ирж байж билээ.. Ажилд нь амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе

Зочин
Зочин

Ёстой мундаг эгч байна өө! Баяр хүргэе! Эрүүл энхийг хүсье!

Зочин
Зочин

Ажил хийнэ гэдэг л энэ байх. Аз ...

Холбоотой мэдээ

Back to top button