Непал: Залуу үеийнхний эсэргүүцлийн жагсаалаар парламентын ордноо галдаж, хоёр улс төрчийн эхнэр амиа алдав

30 сая хүн амтай Гималайн уулсын орон гэгддэг Непал нь улс төрийн тогтворгүй байдлаараа алдартай бөгөөд 2008 онд 10 жил үргэлжилсэн иргэний дайны дараа 239 жилийн түүхтэй хаант засгаа халж, Бүгд Найрамдах улс болж өөрчлөгдсөнөөс хойш 10 гаруй Засгийн газрыг сэлгэжээ.
Непалын Ерөнхий сайд Шарма Оли хэлэхдээ жагсагчидтай цагдаа нар тэмцэж, улмаар мөргөлдөөн үүсэх үеэр 22 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн юм. Олон нийтийн эсэргүүцэл улам ширүүсэж, түүний амьдардаг байрыг галдсаны дараа Шарма Оли албан тушаалаасаа огцорсон. Ерөнхий сайдын тамгын газраас авлигын хэргүүдтэй холбоотойгоор залуучуудын удирдсан эсэргүүцлийн хөдөлгөөнд Үндсэн хуулийн хүрээнд гарц олохын тулд тэр огцрох шийдвэр гаргасан гэжээ.

Жагсаалыг өдөөсөн гол хүчин зүйл болох сошиал медиа ашиглахыг хориглосон шийдвэрийг Засгийн газар цуцласан юм. Сошиал медиаг хаасны дараа олон мянган Gen Z гудманд эсэргүүцлийн самбар барьж Катмандуд жагсаал цуглаан газар авсан.
Жагсагчид парламентийн ордон болон төрийн бусад барилга руу нэвтрэхийг завдаж, хашаа руу нь авирах үед цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу цаашлаад жинхэнэ галт зэвсэг хүртэл ашиглаж эхэлсэн бөгөөд мөргөлдөөний улмаас 200 орчим хүн бэртэж гэмтсэн байна.

Мягмар гарагт ч эсэргүүцэл үргэлжилж, жагсагчид парламентийн байр, Непалын Конгресс намын төв байр, Ерөнхий сайд асан Шер Бахадур Деубагийн гэрийг галдан шатаав. Мөн зарим улс төрчийн байрыг ч эвдэн сүйтгэж, шатаасан байна.
Сошиал медиаг хаах шийдвэр нь Непалчуудын, тэр дундаа залуу үеийнхний дургүйцлийг ихээхэн хүргэсэн бөгөөд тус улс нь Өмнөд Азид нэг хүнд ногдох сошиал медиагийн хэрэглээгээр дээгүүрт ордог байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар WhatsApp, Instagram, Facebook зэрэг нийт 26 төрлийн сошиал медиа платформыг мэдээлэл, харилцаа холбооны яаманд бүртгүүлэх хугацаандаа амжаагүй гэсэн шалтгаанаар ашиглахыг нь хориглосон бөгөөд олон нийтийн зүгээс шууд л жагсаал хийж эхэлсэн юм.
Учир нь сошиал сүлжээг хааж, хориглож байгаа нь авлигын эсрэг кампанит ажлыг дарах зорилготой хэмээн үзэх болов. Хоригоос үүдэлтэй жагсаал нь олон нийтийн удаан хугацаанд эрх баригчдаас үүдэлтэй уур бухимдал тээж ирснийг илтгэж байгаа талаар дотоодын хэвлэлүүдэд мөн бичжээ.

Непалын зарим хотод болсон жагсаал хүчирхийлэлд хүрч, цагдаа нартай мөргөлдсөний улмаас даваа гарагт 19 жагсагч амиа алдсан байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэхээс аргагүйд хүрсэн талаар тус улсын харилцаа холбооны сайд Притви Субба BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Жагсагчдын дийлэнхийг Gen Z буюу залуучууд эзэлж байгаа бөгөөд шинэ үеийнхний хөдөлгөөн тус улсад болж байна. Их сургуулийн оюутнууд томоохон хотуудаас Катманду руу ирж жагсаалд улам хүч түрсээр байгаа юм.
Жагсаал цуглаан хүчирхийллийн хэлбэр рүү шилжиж, Засгийн газрын эсрэг өдүүлсэн цуглаан эцэстээ хяналтаас гарснаар эмх замбараагүй байдалд автаж эхлээд байна. Улмаар жагсаалын үеэр нэгэн улс төрчийн эхнэр амиа алдсан бөгөөд Непалын Ерөнхий сайд асан Жалнат Каналын эхнэр мөн жагсагч залуусын тавьсан галд амиа алджээ.

Тэрбээр шатаж буй байшингаас гарч чадалгүй ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн боловч эмчилгээний явцад шархаа даалгүй нас барсан гэж гэр бүлийнхэн нь мэдэгдсэн юм. Мөн одоогийн Ерөнхий сайд Шарма Олигийн гэрийг ч галдан шатаасан бөгөөд жагсаал, цуглааны нөхцөл байдал улам хүндэрч байгаа талаар орон нутгийн цагдаагийн байгууллагынхан мэдээлжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN, BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Угаасаа ажил хийхгүй з �##�хуу хүмүүстэй улс даа
Гар утас дэлгэцний донтонгууд боож үхэх гэж байгаан байна ш дээ хахаха
манай з�##�уус ингээд жагсаасай иргэд дэмжинэ авилгач хулгайч сайд нараа бүгдийг нь нүцгэлээд жагсаав�##� мөн гоёо,Нянбаатарыг бас. З�##�уус л өөрчлөлтийг хийнэ,шоудахаа зогсоогоос шударга нийгмийн төлөө нэгдээсэй