Улс төрийн нөлөөлөгч Чарли Кирк буудуулж нас баржээ

АНУ-ын улс төрийн хүрээлэлд алдартай, барууны үзэлтэй нөлөөлөгч Чарли Кирк лхагва гарагт /2025.09.10/ буудуулж нас барсан байна. Кирк нь Ерөнхийлөгч Доналд Трампын ойрын холбоотон, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад нь хувь нэмэр оруулсан хүн байсан юм.
Хэрэг гарснаас хойш зургаан цаг өнгөрсөн ч сэжигтнийг албаныхан баривчлаагүй байна. Холбооны мөрдөн байцаах товчооны дарга Каш Пател хэлэхдээ, нэгэн хүнийг байцаахаар саатуулсан ч дараа нь сулласан гэжээ. Кирк Юта мужийн их сургуульд арга хэмжээ зохион байгуулж байсан юм. Юта мужийн дарга Спенсер Кокс тэрхүү хэргийг улс төрийн аллага хэмээн тодорхойлжээ.
Сэжигтэн нэлээд хол зайд, дээврээс гал нээсэн байх магадлалтай гэж албаныхан мэдээлсэн байна. Трамп Киркт хүндэтгэл үзүүлэхийн тулд ням гараг /2025.09.14/ хүртэл АНУ-ын засгийн газрын барилгуудад төрийн далбааг шонгийн талд хүргэн мандуулахыг тушаажээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Жо Байден, Дэд ерөнхийлөгч асан Камала Харрис нар болсон явдлыг зэмлэн буруушаасан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.