Чанар ба индекс: Эрүүл мэндийн салбарын тогтолцоо сайтай улс орнуудыг Тайвань тэргүүлдэг

Эрүүл мэндийн салбарын тогтолцоо гэдэг бол нийгмийн хувьд хамгийн чухал зүйлсийн нэг. Улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны чанар, хүртээж өөр өөр байдаг. “CEOWorld” сэтгүүл жил бүр Эрүүл мэндийн үйлчилгээний индекс гэсэн зүйл гаргаж, дэлхийн 110 орныг жагсаадаг юм.
Тус сэтгүүлд бичсэнээр бол Эрүүл мэндийн индекс нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын тогтолцооны нийт чанарын статистик шинжилгээ юм. Энэхүү индексийг эрүүл мэндийн дэд бүтэц, эмч, сувилагч болон бусад эрүүл мэндийн ажилтнуудын ур чадвар, нэг хүнд ногдох зардал (ам.доллароор), чанартай эмийн хүртээмж болон засгийн газрын бэлэн байдал зэрэг зүйлсийг авч үзэж гаргадаг байна.
Мөн хүрээлэн буй орчны нөхцөл, цэвэр ус, ариун цэвэр байдал, тамхины хэрэглээ зэрэг эрсдэлийн эсрэг торгууль оноох засгийн газрын чадавх зэрэг бусад хүчин зүйлсийг тооцдог.
“CEOWorld” сэтгүүл хамгийн сүүлд өнгөрсөн жил тус индескийг гаргаж улс орнуудыг гаргасан юм. Тэрхүү индексэд тэргүүлсэн улс орон, газруудыг авч үзэцгээе.
1. Тайвань

Эрүүл мэндийн индекс: 78.72
Эрүүл мэндийн дэд бүтэц ба мэргэжилтнүүд: 87.16 Эмийн хүртээмж ба өртөг: 83.59
2024 онд “CEOWorld” сэтгүүл Тайванийг дэлхийн хамгийн сайн эрүүл мэндийн тогтолцоотой гэж үзжээ. Тайванийн засгийн газар бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн үйлчилгээг Үндэсний Эрүүл Мэндийн Даатгал (NHI)-ын системээрээ дамжуулан хүргэдэг юм. Оршин суугчийн үнэмлэхтэй гадаад иргэд ч хүртэл энэ системд хамрагдах боломжтой.
Азийн бусад орноос ялгаатай нь эндэхийн систем хурдан, үр ашигтай, боломжийн үнэтэй. Эрүүл мэндийн асуудал тулгарвал эмчид богино хугацаанд үзүүлэх боломжтой. Эмнэлэг, клиникууд нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй, ихэнх эмч нар өндөр түвшинд сургагдсан байдаг. Түүнчлэн томоохон хотуудад олон эмч англи хэлээр ярьдаг юм.
Эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь үйлчилгээ авахад маш хялбар. Өвчтөний бүртгэлийг цахим хэлбэрээр явуулж, хүн бүрд ухаалаг эрүүл мэндийн карт олгодог. Эмийн хүртээмж сайн, үнэ боломжийн байдаг.
2. Өмнөд Солонгос

Эрүүл мэндийн индекс: 77.7
Эрүүл мэндийн дэд бүтэц ба мэргэжилтнүүд: 79.05
Эмийн хүртээмж ба өртөг: 78.39
“OECD”-ийн гишүүн орны хувьд Өмнөд Солонгос эрүүл мэндийн тогтолцоогоороо хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Тус улсын эрүүл мэндийн даатгалыг Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын Алба (NHIS) зохицуулдаг. Олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй биш боловч гэхдээ даатгал зардлын 50-80 хувийг нь гаргадаг байна.
Гадаадын иргэн мөн “NHIS”-ээр дамжуулан эрүүл мэндийн үйлчилгээ авч болно. Өмнөд Солонгост 6 сараас дээш хугацаагаар оршин суух гэж байгаа бол энэ системд заавал хамрагдах шаардлагатай. Мөн сард ойролцоогоор 100 ам.долларын үнэтэй хувийн даатгал авах боломжтой. Өмнөд Солонгосын сарын медиан цалин 2,554 ам.доллар байдаг юм.
3. Австрали

Эрүүл мэндийн индекс: 74.11
Эрүүл мэндийн дэд бүтэц ба мэргэжилтнүүд: 90.75
Эмийн хүртээмж ба өртөг: 82.59
Австралийн эрүүл мэндийн тогтолцоо нь дэлхийд хамгийн шилдэг, хамгийн иж бүрэн үйлчилгээтэй системүүдийн нэг гэгддэг. Нийтийн болон хувийн хоёр хэлбэрийн даатгалаас оршин суугч бүр үр өгөөжийг хүртэх боломжтой байдаг юм. Гэвч ихэнх иргэд хувийн даатгалтай байхыг илүүд үздэг аж.
Гадаадын иргэн бол Австралид ирснээсээ хойш хэдэн долоо хоногийн дотор эрүүл мэндийн системд бүртгүүлээд улсын бүх нийтийн эрүүл мэндийн тогтолцоо болох “Medicare” карт авах боломжтой.
Энэхүү картаар Их Британи, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги зэрэг зарим улсад эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой байдаг юм. Хувийн эрүүл мэндийн даатгал сард 60-200 ам.долларын төлбөртэй байдаг. Австралид медиан цалин долоо хоногийн 1,360 ам.доллар байдаг. Австрали нь дундаж наслалт өндөр, нас баралтын түвшин хамгийн бага орнуудын нэг. Гэхдээ тус улсад эмчид үзүүлэх хүлээлгийн цаг бага зэрэг урт байдаг юм.
4. Канад

Эрүүл мэндийн индекс: 71.32
Эрүүл мэндийн дэд бүтэц ба мэргэжилтнүүд: 86.18
Эмийн хүртээмж ба өртөг: 78.99
2025 онд “Commonwealth Fund”-ийн гаргасан тайланд Канад тэгш байдлын индексэд тавдугаарт эрэмбэлэгдсэн. Энэ нь тус улс хүйс болон газарзүйн бүс нутгийн ялгааг харьцангуй сайн арилгаж байгаагийн илрэл юм.
Канад нь оршин суугч, иргэдэд үнэ төлбөргүй нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг даатгалын системтэй. Чанартай, өндөр түвшний үйлчилгээ үзүүлдэг ч олон нийтийн эрүүл мэндийн системд хүлээлгийн хугацаа урт байдаг.
Харин Канадын оршин суугч биш бол эрүүл мэндийн үйлчилгээний зардлаа хувиасаа гаргадаг байна. Австралийн адил тус улсад Medicare карт авах боломжтой. Тус улсад хувийн эрүүл мэндийн даатгал 60-300 ам.долларын үнэтэй . Тус улсад жилийн медиан цалин 43 мянган ам.доллар байдаг юм. “InterNations” фирмийн сүүлийн үеийн мэдээллээр Канад ДНБ-нийхээ 11 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг аж.
5. Швед

Эрүүл мэндийн индекс: 70.34
Эрүүл мэндийн дэд бүтэц ба мэргэжилтнүүд: 78.77
Эмийн хүртээмж ба өртөг: 74.88
Европын хамгийн сайн эрүүл мэндийн салбарын тогтолцоотой орнуудын нэг Швед. Тус улсад нийтийн эрүүл мэндийн системтэй. Тэрхүү системийг 20 мужийн зөвлөлийн удирдлага дор хэрэгжүүлдэг. Зөвлөлүүд бүс нутгийнхаа эмнэлгийн бүтэц, менежментийг хариуцдаг юм. Швед улс жил бүр Үндэсний Өвчтөний Судалгаа явуулж, иргэдэд тулгараад буй гол асуудал болон ямар боломж бололцоо байгааг тодорхойлдог.
Гаднын иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд татварын код авах шаардлагатай. Харин Европын холбоо, Европын эдийн засгийн бүсийн иргэн бол Европын эрүүл мэндийн даатгалын карт авахад хангалттай байдаг юм. Мөн жилд 400 ам.долларын үнэтэй хувийн эрүүл мэндийн даатгал авах боломжтой. Шведийн сарын медиан цалин 3,500 ам.доллар.
Эх сурвалж: CEOWorld
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongol bol medeej hamgiin suuld baigaa yag uun deer ajillaj deeshluuleh yostoi humuus ni uursduu gadaadad emchluukdeg
Ёстой чиг. Үнэхээр зөв тодорхойлжээ