Коибүчи Шиничи: Шиба Роётаро гуай "Миний зохиолч болсон нь монгол хэл сурсны ач" хэмээдэг байлаа
 
						Тэрэлжид байх өөрийн гэсэн үхэр нь бэлчиж байгаа багашаар гэж боломгүй амралт, жуулчны баазыг “Tsevegmaa’s Camp” хэмээнэ. Хаяг нэрээ японоор ч бас бичсэн байгаа нь учиртай.
Б.Цэвэгмаа гэж буриад, ар, өвөр гурван Монголыг холбож амьдарсан, бас тэрсэж хорвоог туулсан баатарлаг эмэгтэйн түүхийг та “Одот талдаа буцах сан” номоос уншиж байснаас зайлахгүй. Эсвэл япончуудын өмнө Монголыг шинээр нээлцсэн, алдартай зохиолч Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номоос Б.Цэвэгмаагийн талаар олох боломжтой.

Тэрээр 2000-аад онд энэ амралтын газрыг байгуулсан нь одоо ганц охин, 70 нас гарч яваа Б.Иминагийн 25 жил жаяг дэгий нь алдагдуулалгүй хичээж ирсэн аж ахуй юм байна.
Энэ газар жил бүр монголч эрдэмтэн Коибүчи Шиничи эхнэрийн хамт ирдэг.
Удахгүй болох “Шиба Рёотаро ба Монгол” гэсэн сэдвээрх эрдэм шинжилгээний хуралд оролцохоор Коибүчи гуай дахин ирээд, ирсэн өдрийнхөө ердөө маргааш шууд л “Tsevegmaa’s Camp”-ийг зориод байхад нь уулзлаа.
Ташрамд, Коибүчи Шиничи энэ амралтын газрыг ингэж нэрлэ хэмээн санал болгосон байна.

1973 онд Монголд Японы Элчин сайдын яам анх нээгдсэн. Тэгэхэд л Улаанбаатарт ирж байсан Коибүчи Шиничи одоо 80 насыг зооглосон ч сэтгэлд нь Монгол гэдэг сэдэв том байр суурь эзэлсэн хэвээр. Бидний хэдэн хүмүүстэй ярилцах ярианыхаа талыг монголоор хэлчих жишээтэй.
Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” ном бүтэхэд тэр хамт өмнийн говиор аялж, монгол судлалын сэдвээр шавилан шадарлаж байсан нь 1990-ээд он байна. Мөн Б.Цэвэгмаагийн туулсан амьдралыг хэлүүлж “Одот талдаа буцах сан” номыг бичин NHK-д хэвлүүлсэн эрхэм бас энэ юм. Харин энд Шиба Рёотарогийн Монголыг гэсэн анхдагч хийгээд романтик сэтгэл, тэдний уран бүтээлийн салшгүй нэг шугам, бодит дүр нь болж ирсэн Б.Цэвэгмаагийн ганц охин Б.Имина, “Тал нутгийн тэмдэглэл”-ийг хамгийн анх Монголд орчуулсан О.Жаргалсайхан гэсэн хүмүүс уулзалдсан хэрэг.

Булаан эзэлдэг, тонон дээрэмддэг, өлгөж өнгийж харах хэмжээний соёл гээч юмгүй хүмүүс гэж үзэгддэг байсан монголчуудын талаар Шиба Рёотаро, Коибүчи Шиничи нар шал өөр үзэл санаа дэвшүүлэн тавьсан байдаг. Ерөөсөө Японы, түүгээр дамжуулан дорно дахины орчин үеийн харах харааг Монгол руу цоо шинээр чиглүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Монголыг өөрсдийн философиор нь ойлгож, шинээр ингэж нээхэд тэднийг юу хөтөлдөг юм бол.

Коибүчи Шиничи “Би 1963 онд их сургуульдаа хоёр дахь хэл болгож монгол хэлийг сонгосон юм. Хойтон нь Токиод болсон олимпод Монголоос 36 хүнтэй баг ирж оролцсон. Би “Сайн байна уу”, “Баяртай” гэхээс өөрийг мэдэхгүй атлаа тэднийг хүүхэд шиг дагасан. Монгол хүнтэй уулзах их сайхан санагдсан. Монгол хэлийг сайтар суръя гэж ойлгож авсан. Түүнээс хойш монгол, монгол гэж ярьж явсаар байгаад одоо 80 нас хүрчихлээ.
60, 70-аад онд цөмийн зэвсгийг эсэргүүцэх олон улсын хуралд нэг хэсэг монгол ирдэг, ерөөсөө л гарын арван хуруунд багтах монголчууд л ирж, очдог байсан. Тэр үед хэл сурах арга байхгүй, ирсэн тэр цөөн монгол дээр би том гэгчийн магнитофон барьж хүрээд “Энэ номыг уншаад өгөөч”, “Энэ дууг дуулаад өгөөч” гэж гуйх маягаар монгол хэл сурч байлаа. 10-аад жил Японд ирсэн монгол улсуудыг ажлаа орхиж сайн дураар дагаж явсан шүү. Монгол хүний амьд дуу хоолойг чихээрээ сонсох гэж л тэр шүү дээ. Монгол судлал гэсэн энэ мэргэжлээр төгсөөд ажил олдохгүй, Гадаад харилцааны яаманд нэг хоёр орон тоо байвал байна. Төрийн өмчийн их дээд сургуульд монгол судлалын чиглэлээр бас нэг үү, хоёр уу. Бидний монгол хэл сурах нь хэцүү бэрхшээлтэйгээс гадна ажил олддоггүй явдал байв даа. Гэтэл яагаад Монголыг мартахгүй явах юм бэ гэхээр, монгол хүнтэй уулзах үед япон хүнд байдаггүй увдис, татах хүч мэдрэгддэг. Энэ надад үргэлж бодогддог.
1967 онд Монгол, Японы хооронд жуулчны жижигхэн гарц нээгдсэн. Явъя гээд хүсэлт өгөхөд ер зөвшөөрөхгүй. Виз гарахгүй. Одоогийн өнөө Японы виз гардаггүй гэдэг шиг. Залуугийн өвчин гэх үү, Ю.Цэдэнбал даргад виз өгөөч, би танай оронд очиж үзмээр байна, ажил хийсэн ч болно гэж захидал бичиж байлаа. Нэг удаа хариу ирсэн. Баярлаад үзтэл, энх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хороо гэж байгууллагын тэргүүнээс цахилгаан иржээ. Манай хоёр орны хооронд харилцаа холбоо тогтоогүй учраас таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй, уучлаарай гэжээ. Би ер нь Монголд очихыг хүссэн зүүдэн дундаа 1973 он хүртэл явсан байна. Тэр жил Улаанбаатар зочид буудалд ЭСЯ нээгдэхэд нь тэр шугамаар анх ирсэн шүү дээ” гэлээ.

-Коибүчи Шиничи гуай, Б.Цэвэгмаа кэмп дээр ирж, Б.Имина гуайтай уулзахаас эхэлдэг Монголын тухай холбоотой бүхэн танд өнөөдөр ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Энэ кемп байгуулагдсанаас хойш би жил бүр ирж байгаа. Ирэх бүрд л шинэ кемпүүд нэмэгдсэн байдаг. Хөгжил цэцэглэлт, монгол хүмүүсийн баяр хөөр бий ч байгаль орчныг бодохоор сэтгэл эмзэглэх талдаа болж ирдэг.
Намайг 1973 онд ажиллаж байхад Монголд япон хүн гэж хоёр л байлаа. Японд гэвэл ЭСЯ-нд ажиллаж байсан цөөн монгол хүн байв. Ардчилалд шилжсэнээс хойших энэ бүх өөрчлөлт надад яг л зүүд шиг санагддаг. Монголчууд Японыг сайн мэдэхгүй, япончууд ч Монголыг төдийлөн сайн мэдэхгүй тийм нөхцөлөөс ихээхэн өөр цаг үед хүрээд ирлээ.
Япончууд одоо интернэтээр л Монголыг мэдчихэж болж байна. Харилцан зөв ойлголцол гэдэг юм бас хэрэгтэй. Зөв бөгөөд гүнзгий танин мэдээгүйгээс болж зарим нэг асуудал үүсэх тал ажиглагдаж байгаа.
Өөрөөр хэлбэл, харилцан нэгнээ ойлголцсон нэг үе амжилттай дууслаа. Одоо бүр гүнзгий ойлголцох шинэ үе шат руу бид хамтдаа орж байна.
Японд 20 мянган монгол хүн байна. Бараг л 200-гаад монгол хүний нэг нь Японд амьдарч байна гэдэг том тоо. Долоо хоногт 2-3 удаа байнгын нислэг үйлдэгдэх мэтээр нөхцөл байдал миний үеэс их өөрчлөгдсөн. Улаанбаатараас айраг бариад онгоцонд ороход тэр өдөртөө Токиод аанай л айраг уугаад сууж байх тийм цаг үе ирчихжээ.
Ёстой зүүд шиг л юм болж байна. Миний хамгийн их гайхдаг зүйл бол, монголчууд япон хүнд дуртай. Япон хүнийг ойлгодог, хүндэтгэдэг. Япончууд бас монгол хүнд их дуртай. Бие биенээ ойлгодог байгалийн, язгуурын гэмээр чанар байх шиг байна. Энэ бол бараг л бие даасан судалгааны сэдэв юм аа.
Шиба гуайн оруулсан нөлөө, хүчин чармайлт энд маш их гэж би боддог. Тэр дайны өмнө Осакагийн их сургуульд монгол хэл сурч байсан. Хүүхэд байхаасаа тал нутаг, Монголын талаар сонирхож ирсэн. 1973 онд ЭСЯ байгуулагдсаны дараа Шиба гуай анх удаа Монголд ирж, “Монголд аялсан тэмдэглэл” бүтээлээ бичсэн. Үүнийг уншаад Монголд татагдсан асар олон япон хүн бий л.
1973 оны зургадугаар сард ирэхэд Б.Цэвэгмаа гуай Улаанбаатар зочид буудлын ерөнхий жижүүр байв. ЭСЯ Улаанбаатар зочид буудалд байрласан тул тэр цагаас хойш бид танилцсан даа. Би зөндөө л ярилаа, одоо чи асуу даа?
-Шинэ маягийн гүнзгий харилцаа гэдэг нь?
-Монголчуудын энэ сонирхолтой, япончуудын энэ сонин гэдэг үе байлаа. Таньж мэдсэн энэ сонирхолтой үе бол одоо дуусаж байна. Харин одоо шинээр нэгнээ илүү гүнзгий таних, мөн чанарыг харилцан ойлголцох хэрэгтэй. Энэ ойлголцол байхгүй бол бизнесийн харилцаа мэтэд асуудал үүсгэх юм.
Жишээлбэл, Япон бол мянган жилийн өмнө хууль хийж байсан улс. 16 ханлиг улсын үндсэн хууль маягтай. Тэр хуулийн хамгийн эхний заалтад “Харилцан туслалцаж байж япон хүн амьдарна” гэж бий. Энэ үзэл санаа одоог хүртэл үргэлжилж байгаа.
Жижигхэн газарт цагаан будаа тариалдаг байхад янз янзын хүмүүс зэрэгцэн хөдөлмөрлөх болно. Цагаан будаанд ус хэрэгтэй. Ганцхан өөрийн талбайг услаад гүйж боломгүй. Тийм учир харилцан туслалцана гэдэг өдөр тутмын амин чухал үйл болдог.
Харин Монголд зуд болоход аятай нөмөртэй газраа бүгд малаа тууж ирээд шавалдаж бас болохгүй. Тийм учраас монголчуудын хувьд бие биедээ тусална гэдэг их өөр. Монголчууд өөрөө л биеэ даа, өөрийнхөө төвгийг өөрөө төвөглөж сур гэсэн сургаальтай. Онгоцны цонхоор монгол гэрүүд олон километрын зайд тархай бутархай харагддаг. “Би, би” л гэхгүй бол энд явахгүй юм.
Монгол, Японы хооронд бизнесийн харилцаа явагдахад нэг нь “Би, Би”, нөгөө нь “Харилцан тусалъя, харилцан тусалъя” гэж ханддаг учир янз янзын асуудал үүсдэг нь бий. Энэ онцлогийг мэдэж байж, бас үзэлцэж тулалдаж байж харилцааны шинэ үе эхэлнэ болов уу.
Японы залуус ерөөсөө компанийн захирал болохгүй гэдэг, болмооргүй байдаг. Харин монголчууд дарга болно гэсэн тодорхой зорилгын төлөө явдаг. Миний шавь нар нэгдэж нийлээд Японд компани байгуулдаг юм, дараа жил улам өргөжөө болов уу гэхээр гурав салаад, гурван өөр компанийн захирал болчихсон байдаг.
-“Шиба Роётаро ба Монгол” гэсэн эрдэм шинжилгээний хурал Монголд болох гэж байна. Та ач холбогдлыг нь хэрхэн үнэлж байна. Ямар сэдвээр илтгэх тавих вэ?
-Би маш их баяртай байна. Шиба гуайн уран бүтээлийг монгол хүмүүс ямар талаас нь, хэрхэн анализ хийж вэ гэдэг надад маш сонирхолтой байгаа. Сэтгэл хөдөлж, хүлээж байна. Шиба гуайн номыг монгол хүн уншаад яг ямар талаас нь хүлээж авдаг юм бол оо гэдэг сонин. Түүний үзэл бодол шинээр нээгдэнэ гэдгээр энэ эрдэм шинжилгээний хурал маш ач холбогдолтой.
Миний хувьд Шиба гуай Монголыг яагаад, яаж хайрласан юм бэ гэдэг сэдвээр илтгэл тавина.
Шиба гуайн Монголыг үзэх үзэл өөрийнх нь зохиол бүтээлээр илэрч гардаг. Ганц Монголын тухай бүтээлд нь гэлтгүй, бүхий л бүтээлийнх нь доогуур усны судал шигээр урсаж байдаг. Шиба гуайн бүтээлүүдийн суурь нь олон жилийн турш хуримтлагдсан Монголын тухай үзэл баримтлал болдог, энэ талаар би ярина. Өөрөөр хэлбэл, Америкийн тухай бичиж байсан ч цаана нь түүний Монголыг үзэх үзэл явж байдгийг онцолмоор байна.

-Монголчуудад нэгэн татах хүч, увдис чанар маягийн зүйл байдаг гэж та дурдсан. Учрыг нь олсон уу?
-“Би, би” гэсэн үзэл бол онгироо, сагсууд биш хүний гар харахгүй амьдрах, биеэ даах ухааны сайхан суртал мөн үү, мөн. Нөгөө талаас монголчуудын маш сайн чанар бол, ерөөсөө шуналгүй. Тэр жижигхэн гэр дотор эд агуурс хурааж цуглуулах нь мөдхөн юм бүгдийн садаа. Юм цуглуулдаггүй нь монгол хүний уугуул чанар. Одоо шуналгүй монгол хүн гэж хэлэхэд амаргүй ээ. Гэхдээ тэр уугуул чанарт би үнэхээр сэтгэл татагддаг юм. Япончууд хурааж хурааж, түүнийгээ үр хүүхдэдээ өв болгож үлдээдэг. Монголчууд цуглуулсан зүйлээ тэр дор нь ашиглаж, хэрэглэх маягаар үр хүүхдэдээ зарцуулдаг, үлдээдэг биш зарцуулдаг. Шуналыг ярьсан ч ийм өөр юм. Шуналын очих газар, орон зай, оршихуй гэдэг нь хоёр үндэстэнд өөр гэсэн үг. Хоёр ард түмний ертөнцийг үзэх үзэл ийм өөр байна гэдэг их зөв зүйтэй юм. Харилцаа улам гүнзгийрч сайжрахын нэгэн үндэс шүү дээ.
-Шиба Рёотаротой та хэрхэн танилцсан бэ. Дээд үеийнх нь сэхээтэн Монголыг зүггүй сонирхон таарч, хамт уран бүтээлийн ажлаар Монголд аялсан нь азтай хувь тохиол шиг санагддаг байсан уу?
-Хамгийн анх бид хоёр 1973 онд, Улаанбаатар зочид буудалд ЭСЯ нээгдэхэд уулзсан байдаг. Оросоос түр хамаарагч элчин сайд Японыг төлөөлж томилогдоод байлаа. Тэр хүн Осакагийн их сургуульд Шиба гуайн дээд анги. Тийм болохоор орой бүр сэнпай дээрээ ирж, жаахан архи ууж, монголчуудын тухай ярихад нь би хорин хэдхэн настай залуу чих тавин дагалдаж гүйсээр танилцсан даа. Харилцаа улам гүнзгийрсэн нь 1992 онд, Шиба гуай “Тал нутгийн тэмдэглэл” номоо бичих гэж дахин ирсэн явдлаас эхтэй. Намайг хамт явъя гэж дуудсан. Тэр цагаас хойш их ойр дотно явлаа. Шинэ жилээр “Коибүчи ирээч” гэж дууддаг, дандаа шинэ оныг Шиба гуайн хамт угтдаг болсон.
Түүнд Монголын талаар л яримаар хүн хэрэгтэй. Тийм болохоор л намайг дууддаг байсан байх аа.
-Шиба гуайн Монголын талаарх өргөн яриа хөөрөө дундаас танд хэзээ ч мартагдалгүй үлдсэн нь?
-“Миний зохиолч болсон нь монгол хэл сурсны ач” гэж хэлснийг мартдаггүй. Монгол хэлийг сурснаар япон хэлээ илүү судлах шаардлагатайг ойлгосон гэдэг.
Монгол улс бол хүн ам цөөн, жижигхэн улс үндэстэн болчихсон атлаа Хятад гэдэг айхтар том соёлын дэргэд бие даан оршиж л байдаг. Тэгэхээр, аливааг харах хараа, ертөнцийг үзэх үзэл гэдэг зүйлийг ер монголчуудаас сурсан гэж ярьдаг байлаа.
Цөөн, жижигхэн зүйлээс том руу харах тэр арга барил. Жижгээр дамжуулж томыг, цөөнөөр дамжуулж олныг харах тэр өнцгийг суулгасан гэдэг юм. Шиба гуайн энэ мессежийг би дандаа оюутнууддаа хэлж, ярьж ирсэн. Шиба гуайг зохиолч болгосон нь монгол хэл. Япон хэлээ улам судлахад хүргэсэн нь бас монгол хэл. Жижгээс том руу харах ертөнцийг үзэх үзлийг бас монголчуудаас сурч авсан. Үүнийгээ үргэлж захиж, хэлдэг байв.
Шиба гуай өөрөө ер Токиод амьдраагүй. Осакад байсаар нас барсан. Миний харж байгаагаар, тэр нь холоос төвөө ажиглах тухай. Токиод байгаад Токиог харах, жаахан зайдуу газраас Токиог харах хоёр өөр юм аа.
-“Тал нутгийн тэмдэглэл”-ийг бичихэд нь та хамтдаа Монголын говиор явж байсан. Тэр үеэс хамгийн мартагддаггүй дурсаж юу вэ?
-Тэр өдрүүдээс миний мэдэж авсан зүйл бол Шиба гуай аахар шаахар гэмээр жижигхэн зүйл рүү хараагаа маш айхтар төвлөрүүлдэг. Түүнийгээ асар өргөн хэмжээнд дэлгэрүүлэн үнэлж, сэтгэж чаддаг нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Жишээлэхэд, малчин ардын аажуу уужуу алхааг Шиба гуай хятад, япон хүний алхаатай харьцуулан бясалгаж, түүнээсээ дүгнэлт гаргалгаа гаргаж, бичих зүйлийнхээ нэгэн сэжим, өгүүлэмж болгон тогтоож байх жишээтэй. Шиба гуай арга барилын хувьд шувуу шиг дээгүүр нисэж биш, доороос дээш томруулж хардаг хүн байлаа.
-Б.Цэвэгмаа гэж хэн байсан бэ. “Одот талдаа буцах сан” бүтээл таны хувьд юу вэ?
-Маш их зовлон үзсэн хүн болохоор ухаалаг, уужуу, эелдэг хүн болж төлөвшсөн нь хүчтэй сэтгэгдэл төрүүлж байв. Б.Цэвэгмаа гуай бол үнэхээр хүчирхэг эмэгтэй. Өөрийн үзэл бодлоос хэзээ ч халтирч байгаагүй, хүчирхэг эмэгтэй Японд байх нь байна, гэхдээ ховор. Монголын улс төрд эмэгтэй Ерөнхий сайд байвал…надад монгол эрчүүдээс илүү эмэгтэйчүүд нь хүчтэй юм шиг санагдах тал бий. Танай ээж гэхэд ч бас хүчирхэг эмэгтэй байгаа байх даа (Инээв).

1985 онд МУИС-д багшилж байлаа. Б.Цэвэгмаа гуай үнээгээ саагаад, саасан сүүгээ надад авчирч өгдөг байв. Шиба гуай Б.Цэвэгмаа гуайгаар дамжуулж монгол хүний үндсэн язгуур шинж чанарыг зохиол бүтээлдээ гаргасан байдаг. Тэр бүрийг улам нарийвчилж мэдүүлье гээд би “Одот талдаа буцах сан”-ыг бичсэн. Япон хүнээс илүү монголчууд тэр номыг ойлгоно. Энэ бол нэгээхэн онцлог нь юм гэж би хардаг.
Ерөөсөө Шиба гуайн “Оросын тухай” гэж номд нь япончууд гэхээсээ монголчууд илүү ойлгох агуулгууд бичигдсэн бий. Энэ эрдэм шинжилгээний хурлаар дамжуулж, монголчууд өөрсдийн уугуул язгуур чанарын талаар сонирхон уншина хэмээн найдаж байна.
-Түүнээс уламжилж авсан ч өргөжүүлэн хөгжүүлсэн үзэл санаа танд бий юу?
-Би бол утга зохиолын хүн биш. Би Шиба гуайн барьж авснаас өөр салбарт ажиллаж ирсэн. Миний хувьд “Морьтой ардын сэтгэл”, “Монгол хэмээх улс” гээд боловсрол, эдийн засгийн судалгааны чиглэлээр бие даасан бүтээлүүд гаргасан. “Мандухай сэцэн хатан” киног орчуулж, Японд гаргаж байсан. Монголын гэр бүл, зан заншил, нүүдэлчин ахуй амьдралын сэдвээр илтгэл, эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичсэн. Монгол хэлэн дэх үхлийн тухай үгнүүдийг судалж, улмаар ертөнцийг үзэх үзлийг ч судалсан жишээтэй. Тэгэхээр бид хоёрын чиглэл өөр юм.

Шиба Рёотаро Монголыг япончуудад ойлгуулж, шинээр нээж өгөхийн сацуу бичиж туурвих ажилдаа шамдсаар 1996 онд нас барсан. Японы ерөнхий сайд Монголд айлчлахын өмнө Шиба гуайтай уулзаж, зөвлөгөө авдаг байсан түүх бий.
Хоёр япон эрдэмтний аль алиныг монгол хүмүүстэй танилцахад хэлмэрчлэн тусалж байсан, өөрийнх нь амьдралын түүх, үзэл баримтлал гэдэг зүйл ч номонд бичигдээд зогсохооргүй өргөн хүн Б.Цэвэгмаа яах аргагүй хүндтэйгээр дурсагдаж байна.
Тэр жил Коибүчи Шиничи, Б.Цэвэгмаагийн охин Б.Имина нар Монголд уулзаад байтал хоёр давхар солонго татсан бөгөөд, Коибүчи “Шиба гуай тэнгэрээс биднийг хараад баярлаж байна даа” гэж хэлжээ.
Үүнийг мэдсэн учир нь, биднийг ярилцан хөөрөлдөж байх зуур шиврээ бороо хэсэгхэн шиврээд намдтал яахын аргагүй хоёр давхар солонго татчихсныг Коибүчи Шиничи үзээд тэр дурсамжийг сөхөн ярьснаас эхтэй билээ.
Дипломат харилцаа ч тогтоогүй, Ю.Цэдэнбалд захидал бичиж виз өгөхийг гуйдаг тийм цагаас эхлэн Монголыг судалсан Коибүчи Шинчи энэ өдөр Б.Цэвэгмаагийн кемпэд уламжлал ёсоор ирээд хуучилж суугаа нь бүхэлдээ ариун ёс заншил юм шиг.
Тэдний уулзалтад саатан, 50 жилийн өмнөх Монголын амьдрал руу япон хүмүүсээр дамжуулан өнгийсөн тэмдэглэл Б.Цэвэгмаагийн охин Б.Иминагаар үргэлжилнэ.
ДАРААГИЙН НИЙТЛЭЛ:
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш сайхан сэтгэл хөдөлгөм ярилцлага болжээ. Анх 1997 онд ШибаРёотарогийн "Т�##� нутгийн тэмдэглэл" номыг уншиж байлаа. Маш гүн мэдрэмж, дүрслэлтэй, нарийн суд�##�гаатай гайх�##�тай зохиол билээ. Монгол хүн бүрийн унших ёстой ном шүү.
Сайхан ярилцлага болжээ.тэнгис хүүд баяр хүргэе ээ
гайх�##�тай
Энэ хур�##� хаана болох вэ
Гайхамшигтай ..тэр номуудыг олж уншмаар байна..
????
Сайхан ярилцлага болжээ
urgeljleliig ni huleej baiya. mash amttai yriltslaga bn
Сайн байна уу. Сайхан хүмүүний түүхийг уншиж өөрийн эрхгүй нулимас гарв. Энэ хоёр ном номын дэлгүүрт байдаг уу?
Ховор хувь заяа туулсан хүчирхэг эмэгтэй байжээ Цэвэгмаа гуай. Хоёр номыг хаанаас олж уншиж болох бол сонирхол төрчлөө.