УРЛАГЯрилцлага

ПОДКАСТ: Каннын кино наадамд дэлхийн шилдгүүдтэй оролцсон Монгол залуус – “Бид хэд нэгдэл”

Ярилцагч: Gerelmaa Baasanjav

Зочин: Boldbaatar Baasanjav

Зочин: Dashdoorov Lamjav

Францын Номин эрэгт болж өнгөрсөн 71 дэх удаагийн Каннын кино наадамд “Хөхөө” нэртэй киногоороо оролцсон “Бид хэд нэгдэл”-ийн залуустай ярилцлаа. Кино урлагт дурласан эдгээр 26-28 насны залуус Монголынхоо үлгэр домгоос санаа авч, орчин үеийн нийслэлийн амьдралын хэв маягтай сүлснээр дэлхийн кино урлагийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөх бүтээл нь бүтжээ.

Тэд дээрх бүтээлээ ердөө 48 цагийн дотор хийж. Өөрөөр хэлбэл, “Бид хэд нэгдэл” нь Монголын “48 цаг” кино наадамд оролцон шилдгээр шалгарч, улмаар олон улсын “48 цаг” кино наадам буюу “Filmapalooza 2018” кино наадамд оролцох эрхээ авсан юм. Уг наадмаар олон орны 157 кино өрсөлдөж манай залуусын “Хөхөө” богино хэмжээний кино “Шилдэг график”, “Шилдэг багийн жүжиглэлт”, “Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин”, “Шилдэг кино” гэсэн төрлүүдэд нэр дэвшиж "ШИЛДЭГ ГРАФИК” номинацийн эзэн болсон байдаг. Ийнхүү шилдэг 14 киноны нэгээр шалгарсан “Хөхөө” кино "Канн 2018” кино наадмын бэсрэг киноны булан (Cannes du Short Film Corner)-д оролцох боломжтой болсон юм.

Тэдний 48 цагт бүтээсэн “Хөхөө” богино хэмжээний кино Каннын кино наадмын дэлгэцнээ эх орноо сурталчлан гарч, Монголоос очсон багийн ахлагч Б.Болдбаатар, Л.Дашдооров нар олон орны уран бүтээлчидтэй туршлага солилцон ирж байв.

Иймд бид Б.Болдбаатар, Л.Дашдооров нартай 48 цагт хэрхэн кино бүтээсэн болоод "Filmapalooza”, “Каннын кино наадам”-д оролцсон туршлагаас нь хуваалцав.    

ПОДКАСТ Ярилцлагын хэсгээс...

-Filmapalooze наадамд оролцохоор очиход та бүхнийг бусад орны уран бүтээлчид хэрхэн угтсан бэ?

Л.Дашдооров: Тэнд 150 гаруй улсын уран бүтээлчид ирсэн байсан бөгөөд маш том хэмжээний кино наадам болсон. Киноны хөгжил нь өндөр түвшинд хүрсэн Франц, Япон, Солонгос зэрэг орнуудын кинонуудаас харж, суралцах зүйлс их байсан. Нөгөөтээгүүр, богино хэмжээний киног зөвхөн залуус хийдэг гэсэн ойлголт Монголд түгээмэл байдаг. Гэтэл тэнд эсрэгээрээ. 40, 50 нас хүрсэн хүмүүс кино хийж, өөрсдийгөө сорьж, өрсөлдөж байлаа. 48 цаг кино наадмыг хүмүүс оюутны наадам, сонирхогчдынх ч гэж ойлгох нь бий. Харин тэнд яг л томоохон хэмжээний кино хийдэг энтертаймент, агентлагууд хүртэл өөрсдийгөө сорьж үзэхээр ирсэн байв. Бидний хувьд ч анх яг ийм зорилготой орсон.

Сорилт маань цаашлаад илүү ихийг бодох, төлөвлөх, зорилго зорилтоо нарийвчлан тодорхойлох хэрэгтэй юм байна, үүнийхээ төлөө шат дараатай арга хэмжээ авч явах ёстой гэдгийг ойлгосон. Наад зах нь, тэнд бидэнд нэрийн хуудасны асуудал тулгарсан. Тийм соёлд суралцаагүй, тийм зүйлийг мэдэхгүй л очиж байгаа юм. Тэгэхэд уран бүтээлчид тэнд нэрийн хуудсаа солилцож, эргээд хоорондоо их холбогддог. Бидний хувьд үүн дээрээ алдсан. Гэхдээ дараагийн удаад алдаагаа засаж Канн руу явахдаа нэрийн хуудас хэвлээд авч явлаа. Гэвч бас л буруудсан. Хар өнгийн нэрийн хуудас хэвлэчихсэн чинь нэрийн хуудасны соёл байхгүй, дээр нь тэмдэг тэмдэглэгээ хийх боломжгүй байдаг юм билээ. Тэмдэглээ хийхийн тулд нэрийн хуудас цагаан өнгөтэй байдаг аж.

Б.Болдбаатар: Тэнд маш олон хүнтэй уулзаж, танилцдаг. Тухайн үедээ хаана юу хийдэг тухайгаа богино хугацаанд яриад өнгөрөх ч дараа нь ахиад л маш олон хүнтэй уулзна. Тэр бүрд нэрийг нь, хэн гэдгийг, хаанаас ирснийг нь тогтоож чаддаггүй. Заримдаа хольж солино. Үүнээс шалтгаалж дараагийн фестивальд орохын тулд холбогдох ёстой чухал хүнээ, уран бүтээлээ илүү өргөжүүлэхийн тулд хэрэг болох байсан нэгнийг алдаж болзошгүй.

Л.Дашдооров: Нэг орой заримдаа 20-30 хүнтэй ч танилцах тохиолдол бий. Өөрсдөө хэн хэнтэй уулзаж танилцах вэ гэдгээ сайтар төлөвлөж, уулзалтуудаа богино хугацаанд үр дүнтэй хийх ёстой юм билээ.

-Каннын кино наадамд очиход та бүхнийг “хүүхдээрээ юм байна, гэрэлт ирээдүй харагдаж байна” гэх мэтээр тодорхойлж, их ярьж хэлж байсан гэсэн. Манай уран бүтээлүүд дээр өөр ямар санал, дүгнэлт өгч байв?

Б.Болдбаатар: Нидерландын багийн хүмүүс “Танай кино их сэтгэл хөдөлгөсөн, үнэхээр сайхан кино байсан. Манай киноноос ялгаатай нь драм, сэдэв нь дэлхийн ертөнцийн хаана ч очоод үзүүлэхэд ойлгохоор, хүний сэтгэлд хүрэхээр сэдэв байна. Их зөв сэдэв сонгож ээ” гэсэн. Тэдний киноны хувьд инээдмийн жанртай, ижил хүйстнүүдийн харилцааг харуулсан байсан. Тиймээс зарим улс оронд энэ сэдвийг тэр бүр хүлээж авч чадахгүй. Цаашид ч энэ тал дээр залуус бид анхаармаар санагдсан.

Л.Дашдооров: Бид киногоо хийхдээ ийм байдаг гэж мэдэхгүй л хийчихсэн байгаа юм. Залуу “хүүхдүүд” учраас... (инээв. сурв).

Б.Болдбаатар: Мөн манай гол дүрийн жүжигчин эмэгтэйг их мундаг сайн жүжигчин юм гэж олон хүн хэлсэн. “Old lady” гэж ирээд л ар араасаа асуусан шүү. Манай эмэгтэй гол дүрд МУГЖ Т.Цэмпилмаа тоглосон. Бид өмнө нь ямар нэгэн байдлаар огт холбогдож байгаагүй ч бидний саналыг маш сайхнаар хүлээн авсан. Зохиолоо гаргаад л шууд Цэмпилмаа эгчийн хоолой, сонсож өссөн хоолой байсан тул шууд л төсөөлөлд буусан, хүний сэтгэлийн утсыг гогдож татахаар юм шиг санагдсан. Маргааш өглөө нь утасны дугаарыг нь олоод, шууд яриад л гэрт нь очлоо. Цэмпэлмаа эгч эхлээд их гайхсан, 48 цагийн дотор кино хийнэ, одоо шууд л зургандаа явна гээд огт танихгүй хэдэн хүүхдүүд хүрээд ирсэн учир. Тухайн үед МҮОНРТВ-ын ой тохиож, ахмадуудаа ирж авна гээд тохирчихсон байж таарсан. Боломжгүй боллоо доо гэж бодохтой зэрэгцэн Цэмпэлмаа эгч “Тэгээд намайг болно гэж үзэж байгаа юмуу” гэж асуулаа. Тиймээ, бид таныг л гэж зориод ирлээ гэтэл шууд л, “За за, намайг л гэж бодож байгаа юм тоглоё, тоглоё” гэсэн. Үнэхээр сайхан санагдсан. 48 цаг кино наадмын нэг шаардлага бол уран бүтээлчид цалинждаггүй шүү дээ.

Хожим өөрөөс нь  “Та яагаад танихгүй хэдэн хүүхдэд зөвшөөрсөн юм бэ” гэж асуухад “Манай багш ( АЖ Б.Дамчаа. сурв) надад, хэрэв найруулагч сонгоод авчихсан л бол жүжигчинд үгүй гэж хэлэх эрх байхгүй, өөрийн чадах бүхнийг гаргах ёстой гэж хэлж байсан. Тиймээс уран бүтээлч залуу, туршлагагүй байхаас үл хамааран ажилласан” гэж хэлсэн.

Ташрамд дуулгахад, өнгөрсөн гуравдугаар сард “Бид хэд нэгдэл” мөн 13 дахь удаагийн “Mobile Film Festival”-д 50 орны 1800 гаруй уран бүтээлтэй өрсөлдөн шилдэг 50-д багтсан амжилт үзүүлсэн. Улмаар уг наадмын зургаан номинацаас “Шүүгчдийн нэрэмжит”, “Хамгийн олон хандалт авсан” гэх хоёр номинацийн эзэн болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button