Б.Цэвэгмаа гуайн охин Б.Иминатай нэг өдөр: Зөвхөн Монголд амьдрахын төлөө хувь заяа
Өөдөөс хараад зөөхийг буриад талхтай барьж буй эмэгтэй, түүний амьдралын өгөгдсөн утга учир бол монгол хүн Монголдоо, Монголоороо бахархан, хэнээс ч айж ичилгүй оршин тогтнох тухай байлаа.
-Би яг таг тодорхой, физик, математикийн хичээл зааж байсан болохоор аливааг дэлгэж ярихдаа тааруу гээд тэр асуулт асуулгасангүй. Оронд нь “Би ярих юмаа ярья, чи түүнийг бичсэн нь дээр биз ээ” гээд үргэлжлүүлсэн юм.
Хатуу, дэг жаягтай хүмүүжил байна. Дээр нь, өөрийнх нь энэ дэлхийд айлчилж ирсэн учиг түүх, өнөөдрийг хүртэл туулж давсан бүгдийн буулга гэдэг юм ч бас үггүйгээр өмнөөс төөнөж байлаа.
-Таны ээжийн амьдрал бичигдсэн “Одот талдаа буцах сан” зохиолыг та ер нь хэдэн удаа уншсан бэ?
-Хэдэн удаа ий? Үгүй, би ер унших тоолонд хэцүү болж ирдэг. Уйлчих гээд. Сүүлд ахин хэвлэхэд намайг юм нэмж бичих үү гэж Коибүчи багш асуусан. Би бичээгүй. Цаг нь арай болоогүй байх шиг байна.
Амт гэж гайхширмаар, ёстой нөгөө ванлий гэлтэй талх, зөөхий барьсан энэ эмэгтэйг Б.Имина гэнэ. Харин Б.Иминагийн ээж Б.Цэвэгмаа гурван Монголыг холбож амьдарсан юм. 1925 онд Буриадад төрсөн. Октябрын хувьсгалын нөлөөгөөр буриад зон олон тэндээс дүрвэх хатуу шаардлагатай тулгарсан түүхийг монгол хүн та мэднэ.
Б.Цэвэгмааг хоёр настай байхад аав нь огтхон чимээ гаргалгүй хил давахын тулд амыг нь алчуураар сулхан дараад сэмхэн хөдөлжээ. Сибириэс буриад монголчууд олон олноороо Хөлөнбуйрын тал тийш дүрвэцгээх их хөдөлгөөн дунд ингэж багтжээ.
Хөлөнбуйрт тэднийг хүлээж авсан Шинэхээн гэж сууринг тодорхой зорилгоор байгуулсан хүн бол 1917 онд “Монголын нууц товчоо”-г хятад галигаас монгол бичигт хөрвүүлсэн Цэнд гүн байлаа.
Б.Цэвэгмаагийн бага нас энэ Шинэхээн сууринд, яг л талын нүүдэлчин монгол айлын нэгэн адилаар өнгөрсөн.
Монголын хойд хязгаарт төрөөд урд хязгаар луу нь дүрвэж, Хөлөнбуйр, тэр үед нэрлэгдэж байснаар Хайлаар хотын ойролцоо, Имин голын хөвөөнөө өсөж торнихдоо тэр гаргууд сэхээтэн болохынхоо эхлэлийг тавьж, хувь тавилангийнхаа нэгэн одыг атгасан байна. Тэр од бол япон хэл.

Юм гэж сонин. Одоо Б.Имина дээр монголч эрдэмтэн, 80 гарсан Коибүчи Шиничи гэж монголчуудад зүрх сэтгэлээ өгсөн япон хүн айлчлан ирээд байна. Ээжтэй нь буюу Б.Цэвэгмаатай 1973 онд танилцсан. 1972 онд нь Монгол-Япон хооронд дипломат харилцаа тогтсон юм. 60-аад оноос л “Танай оронд очмоор байна, зөвшөөрөөч” гэж Ю.Цэдэнбал руу удаа дараа захидал бичиж байсан идэр залуу Коибүчи Шиничигийн зүүд ингэж бодит болоод, Улаанбаатарт ирж, “Улаанбаатар” зочид буудалд хөл тавимагц өөдөөс нь нэг эмэгтэй ус цас шиг японоор ярих нь тэр ээ.
Элчин сайдын яам нь дөнгөж нээгдээд байрлах байргүй, “Улаанбаатар” зочид буудлын дөрөвдүгээр давхарт төвлөрч байхад чинь эх хэлээр нь дуржигнатал ярьж зогсох монгол эмэгтэй мэдээж Б.Цэвэгмаа байлаа. Гэтэл Б.Цэвэгмаа хоёр настайдаа Хөлөнбуйрт очихдоо тэндхийн жижигхэн япон сургуульд япон хэл сурч авсан нь ердөө л хувь тавилангийн шижээргүй хазайлт мэт боловч олон жилийн дараа, албан ёсоор монгол иргэншилтэй болчихоод сая нэг уужуу амьсгалж эхэлсэн он жилүүдийнхээ нэгэнд хэргий нь гаргана, бүр хожмоо Японы Эзэн хааны нэрэмжит одон хүртэнэ гэж санаагүй л байлтай.
Такацүка гэж япон эмэгтэй Хайлаарт охидын сургууль нээсэн, түүнд Б.Цэвэгмаа элсэн орсон нь 1937 он аж, тэр арванхоёрхон настай.
Аав нь тэр жил нас барсан ба “Хичээлээ л хийгээрэй, эрдэм л сураарай” гэж захиж байжээ. Түүнээс өмнө Шинэхээний бага сургуульд Б.Цэвэгмаа гойд сайн суралцаад байв. Аавыгаа өнгөрмөгц сургуульдаа ахиж очихоо байж, Оросоос бас дүрвэлцэж ирсэн Курганов гэгчийнд туслалцан, орос хэл бас суралцана. Харин Такацүка багш нь Б.Цэвэгмаад япон хэл зааснаас гадна монгол хүн байх тэр үзэл санааг суулгасан.
-Япон хэл сур. Гэхдээ Монголынхоо төлөө амьдар гэж хэлнэ. Бас “Хүнд шоолуулчихгүй шиг амьдралыг бүтээ” хэмээн сургана.

Энэ цаг үед Ар, Өвөр хоёр Монгол нэгдчих юм биш байгаа гэсэн гэгэлгэн төсөөлөл тэдний бүгдэд нь агуулагддаг байжээ. Гэвч япончууд дайнд ялагдав. “Япончууд ялагджээ” гэхээр нэг л санаанд буумгүй санагдав. Харин араас нь бүх зүйл өөрчлөгдсөн. Хэдийгээр дүрвэж ирцгээсэн ч Монголоороо байж болдог нөгөө өөрийн гэсэн амгалан тайван хэм хэмнэл бага багаар зайгаа тавьж, Хан үндэстэн коммунизм байгуулна гэж улаан тугаа мандуулснаар Б.Цэвэгмаа Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэн боллоо.
Тэгэхэд Б.Цэвэгмаа хорь гарчихсан, анхны хайр гэдгийг үзчихсэн, анагаахын мэргэжил бас эзэмшчихсэн, аль сургуульд томилно тэнд монгол хэл, тоо зааж явлаа.
Ээжээсээ хойш хорвоод ганцаар хоцорсон ч сийрэг ухаантай, төрөлхийн зоригтой Б.Цэвэгмаа Имин голын хөвөөнд багшлаад л, амьдраад л, бүр хэдийнэ ганцаардаж сураад байхаас удалгүй нэг мэдэх нь ээ Өвөрмонголчууд автономит эрхтэй байх юм уу, эсвэл улаан туган дор нэгдэх юм уу гэдгийг шийдэх улс төрийн хэлэлцүүлэгт орж явчих болно. Тэр улс төрийн идэвхтэй охин байлаа, яагаад гэдгийг ч сайн мэдэхгүй. Ганцхан зүйл, энэ нь Монгол гэдэг дуудлага байсан. Нэг хэсэг нь аанай л коммунизм гэж хашгирахгүй, тэд өөрсдийгөө засаглах бяцхан эрхтэй байхыг хүсэх агаад аажимдаа Ар Монголтой нэгдэх талаар мөрөөднө, тэр жигүүрт хорин хэдтэй Б.Цэвэгмаа багтана. Нөгөө жигүүрийг Улаанхүү гэж монголоор ганц үг хэлж мэдэхгүй атлаа өөрийгөө монгол гэж цээж балбах нэгэн тэргүүлэх бөгөөд дийлсэн юм. Урвалтууд ч явагдсан юм байна. Ингээд тэр цагаас хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орон гэж байгуулагдан, Хятадын бүх бодлого нэвт хэрэгжсэн, өнөөдрийг хүрсэн.
Энэ л эгзэгтэй сонголтыг хийх, “Бид нар Монголоороо үлдэх юм уу, үгүй юм уу?” гэдгийг улаан тугны айсуй намираанд шийдэх төлөөлөгчдийн хурлын ширээнд Б.Цэвэгмаа амьдралынхаа хайр Б.Бүрэнсайнтай учирсан байна.

Б.Бүрэнсайны хичээл заадаг сургуулийн зааланд гэрлэлтээ ёсолж авсан ч хамт амьдрах ямар ч аргагүй. Эхнэр, нөхөр хоёрыг өөр өөр хотод томилж ажиллуулахаас гадна цагийн аяс хүйтрэх хэрээр хэн хэний нь намтар түүхийг “Хувьсгалын эсэргүү” гэж цоллох эрсдэл нэмэгдэж, шинж нь ч тэмдгэрч эхэлсэн байлаа. Имин голын хөвөөнд төрсөн учраас Имина гэж нэрийдэх охиноо мэндэлсний дараа тэд Хөх хотод гуравхан жил аз жаргалтай амьдарч чадсан. Дараа нь утга учиргүй солиорол явагдаж эхэлжээ.
Олон жилийн дараа л аз од нь байж гэдэг мэдэгдэх япон хэл нь энэ хугацаанд ад шоо үзэгдэхийн шалтгаан болно. Хүчээр намын сургуульд Б.Цэвэгмааг элсүүлж, тэнд суралцахчаа болоход “Чи империалист япон хэл сурсандаа ичих ёстой. Япон үзэл суртал авсандаа гэмш. Гэмшлийн захидал бич” гэж тулгах агаад бичээд байхад нь л “Үнэн гэмшил биш байна. Гэмшил угтаа коммунист үзэл баримтлалын үндэст тулгуурлах ёстой” гээд ахин дахин бичүүлнэ.
-Намайг таван нас хагастай байхад дагуулж гарсан. Аав л “Ямар ч байсан яв даа” гэж явуулсан байгаа юм. Ээж бол гурвуулаа л биш бол үгүй гэж байсан юм билээ гэж Б.Имина тэр өдрүүдийн талаар дурсав.
Үнэхээр Б.Бүрэнсайн Өвөрмонголд шинэ бичиг нэвтрүүлэх санаачилгад нэгдэж, эсэргүү үзэлтнүүдийг илрүүлэх далд зорилготой “Зуун цэцэг” хөдөлгөөнд идэвхтэй явж, утга зохиолын түүвэр хэвлэх ажил Мао Зэдуний илтгэлийг багтаа гэхэд нь “Үгүй” хэмээн тэрсэлж байсан бөгөөд эхнэр, охин хоёроо эндээс явуулахгүй л бол хэн хэнд нь хилс хэрэг тулгаж мэдэхийг анзаарсан хэрэг.
Б.Цэвэгмаа охиноо дагуулж, галт тэргээр Буриадын Зугаалай тосгонд суугаа хамаатан садныдаа эхэлж очлоо. Тэднээр урилга бичүүлсэн юм. Зөвлөлт, Хятадын харилцаа сайн учир Буриад явна, буцахдаа дамжин өнгөрнө гээд Бүгд Найрамдах Монгол Ард Улсад амьдрах 10 хоногийн зөвшөөрөл гаргуулж авчээ.
“Ээж хятадуудын эрхэнд байхгүй гэж гарчихаад Оросуудын хараанд ч амьдрахгүй хэмээн хамаатан садны улсуудаа сонсоогүй. Яг л Монголоороо, элдэв хавчилга хяхалгад өртөлгүй амьдрахын хүссэн. Тэгээд удалгүй Ар Монголд орж ирсэн” гэж Б.Имина ярилаа.
Хойно, урдаас ялгаатай нь Улаанбаатарын галт тэргэнд суумагц л бүх юм нь цэвэрхэн, хоолноос нь шууд хонины мах үнэртэж, таван настай Имина “Амттай байна” гэж хөөрцөглөх мөчид тэд хэзээ ч Ар Монголд хөл тавьж үзээгүй мөртлөө монгол хүн Монголдоо буцаж яваагийн илэрхий дотно мэдрэмжийг амталж, зүрх нь чичрэх шиг болжээ.
Тэр хоёр олон жил зөвшөөрөл хүсэж амьдарсан юм. 1960 онд Улаанбаатар хотод ирээд удаагүй байхад нь Хятадын консулаас дуудаж, Б.Цэвэгмааг “Бушуу нутаг буц. Эх оронтой хүн биз дээ, чи?” гэж загнасан байна.
-Ээж бид хоёрыг байнга хөөнө. Нөхөр дээрээ оч гэх жишээтэй. Нэг өдөр ээж “Танай Хятадууд дэлхийгээр нэг тархан амьдарч байна. Би бол монгол хүн. Би сайн дураар танай улсын иргэн болоогүй. Монголын агаар ус бүхэн надад таарч байна. Би Монголдоо л амьдарна” гэж хэлээд Хятадын иргэншил бүхий пасспортоо чулуудчихсан гэсэн. Тэгээд л гараад ирсэн. Бид хоёр арван жилийн дараа Монголын иргэн болсон.
Тэр үеийн монгол хүний мөс чанар сайн тухай яриа бөгөөд гуйх, учирлах, үнэнээ ярих бүрийд ойлгон тусалдаг хүмүүсийн ачаар Б.Цэвэгмаа охиноо цэцэрлэг, сургуульд оруулж, тэмүүлж амьдарсаар оршин суух эрхтэй болоод 1968 онд “Улаанбаатар” зочид буудалд ажилд оржээ.
Хятад, Орос, Япон хэлтэй Б.Цэвэгмаа тэнд ерөнхий жижүүр болж, гадаадын жуулчдын асуудлыг гарамгай хариуцаж байлаа.
Харин Өвөрмонголоос тоотой ирдэг Б.Бүрэнсайны захидал аажимдаа барайж, “Сайн байна уу. Би сайн” мэтийн гурав дөрвөн үгэнд багтах болсоор бүр тасарчээ.
Түүнийг шоронд хийсэн байв.
-Би 2-р сургуульд сурч байгаад долоодугаар анги төгсөж, 1-р сургуульд сонгогдон шилжсэн юм. Асуух ч үгүй, тоондоо сайн юм байна гээд л шилжүүлчихдэг цаг байлаа. Төгсөөд, зургаан хүүхэд байр эзлүүлэхэд би багтав. Математикийн олон улсын олимпиадад бэлдэж байна гэж конкурс ч өгөөгүй боловч тэнд жагссанаар их сургуулийн хуваарь өөрөө сонгох эрхтэй.
Хуваарь авахаар яаман дээр явж очтол надаас “Монголын иргэн болсон уу?” мэтээр асууж эхэлсэн. Би Москвагийн их сургуульд хуваарь авмаар байна гэсэн юм. “Чи сургууль сонгохгүй, мэргэжил л сонгоно” гэв ээ. “Тэгвэл Германд ямар мэргэжил байна вэ...” гэсэн чинь “Улс сонгож болохгүй. Германд энэ жил бид нар эмэгтэй хүүхэд явуулах ч үгүй” гэлээ.
Тэгээд би юу ч сонгож чадалгүй уйлж гарч ирсэн. Ээж рүүгээ гэрийн утсаар утастаж хэлэв, бодвол уйлаа л байлгүй. Тэгэхэд манай ээж ёстой голдоо ортол гомдох шиг болсон доо. “Би энэ хүүхдийг Монгол Улсын иргэн болгох гэж яаж явж ирлээ” хэмээн халагласан байх.
Тэгээд л яадаг ч үгүй байсан хүний даралт ихэсдэг, нойргүйддэг болчихсон. Ээж өөрийн биеэр Ишцэрэн сайд дээр очиж, “Энэ хүүхэд гадаадад сурч болох юм уу, болохгүй юм уу. Болохгүй бол заавал гадаад явуулна гэсэн юм алга. Учрыг нь олж өгөөч” гэж хэлсэн байна. Бүтээж өгсөн. Ингэж ингэж ШУА-ын нэр дээр Ленинградын цахилгаан техникийн дээд сургуульд явсан. Тэнд би хагас дамжуулагчийн технологич мэргэжил эзэмшсэн.

Б.Имина тэгж өндөр боловсрол олж ирээд одоогийн ШУТИС-ийн электроникийн танхимд багшлах болж, Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд асан, СУИС-ийн үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Баатарцогттой ханилжээ.
“Аав 1985 онд ирж, 1986 онд нас барсан”.
Одоо Б.Имина том болж, нөхөр нь хэдийгээр эрсдэл ихтэй ч өөр түвшинд сураглан хөөцөлдөх бололцоотой нэгэн учраас тэр жил Б.Бүрэнсайны сургийг гаргалаа. Арван жилийн дараа шоронгоос гарсан. Ариун гэдэг авгайтай болжээ. “Үхэхээс өмнө охиноо үзмээр байна. Гэхдээ хамт ирэхээс аргагүй хүн бий”.
-Аав охин хоёр л уулзаж байгаа хойно хамаагүй гээд ээж тэр авгайтай нь цуг урьса юм. Гээд яг үүдээр ороод ирэхэд нь ямар байдалд орох билээ дээ. Галзуурчихгүй байгаа даа гэж би бодсон. Үнэндээ насаараа хүлээчихсэн. Хэдийгээр хянах зорилгоор цаанаас танилцуулж суулгасан авгай ч гэлээ эрэгтэй хүн шоронгоос гарчихаад ганцаар амьдарна гэж амаргүй. Сэтгэлийн нарийн нандин юмыг логикоор бодоод шийдчихнэ гэж байх биш дээ. Урд хөнгөн хоол иддэг байсан байж таарна. Энд гурил, мах гэсээр хоол таараагүй юм билээ л дээ, бас. Бие нь их муу байсан.
Б.Бүрэнсайн жилийн дараа нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өөд болохын өмнө улс төрийн зорилгоор ханилсан Ариун гэгч эмэгтэй нь Б.Цэвэгмаагаар бэлэг сэлт бэлдүүлж аваад биеий нь ч асуулгүй Өвөрмонгол буцчихжээ.
-Нөхөртэйгөө ханилснаас 10 жилийн дараа би хүүхэдтэй болсон. Аавыг өнгөрсний дараа цаг хэцүү ч алтан савы нь нээлгэхэд, баруун хойд зүгт өөрийнхөө гэрт төрөх юм байна гэж хэлсэн. Би ёстой л ертөнцийн баруун хойд зүг, Германд төрсөн. Тэмдэг нь яг гарсан.
-Тэмдэг гарсан?
-Тийм ээ. Шагайны нь тэнд бид тэмдэглэсэн юм. Дотор талд тавьсан тэмдэг миний хүүд болохоор гадна талдаа, яг гарсан. Берлиний эмнэлгийн сувилагч үзээд “Та хүүхдээ унагаагүй биз дээ. Яагаад эндээ хөхөрчихөв?” гэж асуусан.
-Б.Цэвэгмаа гуай энэ талаар юу гэж хэлсэн бэ?
-“Нээрэн эргээд ирсэн байж магадгүй юм даа” гэж нэг удаа дуугарсан санагдаж байна. Түүнээс биш ерөөсөө бурхан шашин шүтдэггүй, огт сүсэггүй хүн байсан, миний ээж. Хатуу амьдрал үзсэн учраас намайг чанга хүмүүжүүлсэн нь үнэн.
Б.Имина 1986 онд Германы Дрезден рүү аспирантурт явж, тэндээ хэсэг амьдарч байсан үеийн явдал билээ.
***
Талх, зөөхийн дараа аньс, гишүүний чанамал, тэгээд салат, бууз ирлээ. Буузны хийц онцгой содон санагдав. Энэ бүгд Б.Цэвэгмаагийн хийдэг хоолны жорыг байж болох хамгийн ойролцоо хэмжээнд дөхүүлэхийг хичээсэн нь гэдгийг Б.Имина ярилаа.
Тэрэлжид байх “Tsevegmaa’s Camp” гэж амралт, жуулчны баазыг Б.Цэвэгмаа өөд болохынхоо өмнө, 2000-аад онд байгуулсан аж.
Энэ баазад яг одоо, Японы Элчин сайдын яам “Улаанбаатар” зочид буудалд нээгдэхэд хүрч ирснээр Б.Цэвэгмаатай танилцсан Коибүчи Шиничи эхнэрийн хамт ирчихээд өнгөрсний талаар дурсаж байна.

Тэрбээр “Маш их зовлон үзсэн хүн болохоор ухаалаг, уужуу, эелдэг хүн болж төлөвшсөн нь хүчтэй сэтгэгдэл төрүүлж байв. Б.Цэвэгмаа гуай бол үнэхээр хүчирхэг эмэгтэй. Өөрийн үзэл бодлоос хэзээ ч халтирч байгаагүй, хүчирхэг эмэгтэй Японд байх нь байна, гэхдээ ховор. Монголын улс төрд эмэгтэй Ерөнхий сайд байвал…надад монгол эрчүүдээс илүү эмэгтэйчүүд нь хүчтэй юм шиг санагдах тал бий. Танай ээж гэхэд ч бас хүчирхэг эмэгтэй байгаа байх даа” гэж түүний талаар өгүүллээ.
Хожим Б.Цэвэгмаагийн амьдралаар намтарчилсан тууж бичсэн хүн бол эчнээ Коибүчи Шиничи. “Одот талдаа буцах сан” нэрээр NHК хэвлэлийн газраас 20-р сууны сүүлээд хэвлэж, Монголд дараа нь орчуулагдсан.
“Улаанбаатар” зочид буудалд ажиллаж байсан он жилүүддээ бүр багад, Хайлаарын сургуульд Такацүка багшаар япон хэл заалгаснаа гарамгай ашигласнаар Б.Цэвэгмаа алдарт зохиолч Шиба Рёотаротой бас танилцсан юм.
Тэр хүний “Тал нутгийн тэмдэглэл” зохиол монголчуудын мөн чанарыг Б.Цэвэгмаагийн амьдрал, зан төрхөөр дамжуулан илэрхийлэх билээ.

-Ижий 2004 онд нас барахад японууд зурганд нь мөргөнө гэж ирсэн. Тэгээд энэ газрыг “Tsevegmaa’s Camp” гэж нэрлэе гэсэн. Би “Монголчууд нас барсан хүнийхээ нэрийг ч хэлэхээс цээрлэдэг” хэмээн дургүйцсэн л дээ. “Имина, японд бол тийм. Япончуудад зориулаад нэрлэчих. Тэгж байтал дасна даа” гэж Коибүчи багш хэлсэн.
Шиба Рёотаро зохиолч 1996 онд нас барахад ээж оршуулгын ажиллагаанд нь очиж оролцсон юм. “Одот талдаа буцахсан” ном хэвлэгдэхэд ч бас ахиж очсон, тэр бүрд Коибүчи багшийнд байрласан.
Буриад Монголд төрөөд, одоогийн Өвөр Монголын нутагт аав ээжийгээ дагаж ирээд, тэндээ залуу насыг өнгөрүүлж, үр хүүхэд гаргаад оргож босож явсан - гурван Монголыг холбосон хувь заяатай. Ийм хувь заяа бүхий эмэгтэйтэй тааралдаад Шиба гуай зүүдэлж байна уу даа гэж бодсон гэсэн.
“Та нар яагаад Чингис хаанаа ярьдаггүй юм бэ?” гэх мэтээр олон ч юм асууж. Улс төр, үзэл сурталтай холбоотой юманд ээж хариулаагүй. “Шиба гуай, цаг нь ирвэл би танд ярина” гэж. 1990 онд нийгэм нээлттэй болон гэмц Шиба гуай дахин ирсэн. Ээжтэй долоо хоног хуучилсаар “Тал нутгийн тэмдэглэл” номоо бичсэн дээ.
1991 онд ном хэвлэгдсэний дараа ээжийг Японд урьсан. Тэгэхэд бид Германд байсан юм. “Ертөнцийн аль ч өнцөгт байсан авчирна. Хүүхэд харж байгаа юм бол тэр хүүхэдтэй нь хамт авчирна” гэж Шиба гуай хэлсэн. Тэгээд би хоёр настай хүүгээ дагуулж, гэр бүлээрээ хамгийн анх Япон улсад очиж үзсэн дээ. Бидний буудалласан буудалд АНУ-ын дэд ерөнхийлөгч зэрэгцэн байрлаж байв шүү.
***
Б.Цэвэгмаа 1999 онд Японы дээд зэрэглэлийг “Цэцгийн титэмт одон”-гоор шагнуулсан юм.
Ингээд бодохоор түүний хувь заяа бас Монголыг Японтой холбож байхуй.
Б.Бүрэнсайн өөрөө 1940-өөд онд одоогийн Цүкүбагийн их сургуульд суралцсан хүн байх юм. 1956 онд Багшийн дээд сургуульд шинэ үсэг дэлгэрүүлэх хороо байгуулагдахад Б.Бүрэнсайн Монголоос ирсэн Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нартай уулзаж явжээ.
Монголын нууц товчоо 1907 онд Японд орчуулагдчихсан байсан гэхээр хоёр орны харилцаа чамгүй эртнээс тоологдоно. Дайны үеийн энэ нарийн ширийн огтлолцлын үсэрсэн очинд Б.Цэвэгмаагийн нэгэн хувь заяа тодорч байна.
Тэр Монголд ирээд л уужуу амьсгалсан. Эмэгтэйчүүд нь өөрийнхөөрөө, хүмүүс нь тайван, төвийн станцаар өвөл халаалт ирэх нь, яндангаас утаа гарах нь хүртэл гайхалтай санагдаж байсан талаар дурсжээ.
Б.Цэвэгмаа “Өөрийн амьдралаараа бахархах юм гэж би хэзээ ч бодож яваагүй. Харин Шиба багшийн хэлснээр миний туулсан амьдрал зөв байсан юм болов уу даа” хэмээжээ.
ӨМНӨХ НИЙТЛЭЛ:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнгэс ээ . Сайн байна.
Гурван Монголын түүхийг холбосон эмэгтэйн амьдр�##� үнэхээр сургамжтай байна Бас бахархмаар
Түүхийн жамаар дайны хүндийг үүрсэн ч гэсэн монгол хүн гэдгээсээ ухраагүй нь бахдам
Яасан сайхан юм уншив аа. Хүний амьдр�##� өөрөө түүх юм даа, ийм л энгийн сайхан хүмүүсийн тухай уншмаар байна
Тэнгис гэдэг сэтгүүлч сэтгүүлч шиг сэтгүүлч юм даа
Энэ хүмүүсийн тухай илүү олон нийтлэл хэрэгтэй байна Одоогийн з�##�уус ийм түүх мэдэхгүй
Цэвэгмаа гуайгийн нэрээр амр�##�тын газар байгуулсан гэдэг сайхан санаа байна шүү
Ахмад үеийн туулсан зовлон, тэмцэл өнөөдрийн бидэнд их сургамж үлдээдэг юм байна
Tsevegmaa-giin yavsan zam n bur iaг kino shig iim yum bodit bdald baidag gej hen medhev dee
Хэл соёл, улс төрийн дарамтад орсон ч үнэнчээрээ тэсэж гарсан нь сэтгэл хөдөлгөлөө
Түүхээ мартдаггүй, өв соёлоо авч явдаг ийм эмэгтэйчүүд л монголын үнэт баялаг
Монголд нутагшиж, хүмүүнлэгийн ажил хийсэн нь жинхэнэ монгол хүний зан чанар
Sonirholtoi boljee. Mongold uldsen suurin orosuudiin amidral bas sonin baihaa.
Ene hunii amidral n uhaalag ch gesen hetsuu zamtai bna daa yamar ih tewchlee gej bodohor gaihmaar
Baga nasnaasaa helnii avyasaaraa yavsan ni daraagiin amidral n bas ih nuluulsun yum bna shuu
Japan hel suraad mongol hun mongoldoo l jargaltai gedgiig oilgoj amidarsan n goy sanagddaa
Iim huvi zayatai bj chadna gedeg bol zugeer neg hunii bish buhiin tuhai medee yum shig l
Ene article unshaad huvi hunii tevcheer gedeg zuil yaj hugjsdog n oilgomjtoi bolloo
Tsevegmaa bol Mongol Japan 2iig holboson bridge shig hun bn haramsaltai odoog n sain medehgui
Iminа egch ch gesen eej shig huchtei bsan n unshaad ilt medregdsen uneheer baharhmaar
"Одот т�##�даа буцахсан" -г уншиж, биширч байсан. Цэвэгмаа гуйа агуу эмэгтэй. Имина танд сайн сайхныг хүсье
Сайн бичжээ. Сэтгүүлч нийтлэл уран, сайхан бичдэг юм байна
Bayrlalaa.
Нэг насаараа бусдын төлөө амьдарч ээ энэ сайхан буянд нь даган баясяа баярл�##�аа
Харин яасан сайхан юм уншчихваа! Нэг л сайхан гэгээлэг энгийн тэгнээ хэрнээ сэтгэл татам нэг л мэдэхнээ уншаад дууссан байна. Сайхан хүний сайхан түүхийг сайхан бичжээ. Энэ дурдагдаад байгаа кино ном эд нарыг нь олж үзэхсэн. Хаанас үзэх юм бол? Баярл�##�аа!
♥️♥️♥️
Юун буриад. Буриад бол монгол улсын хойд хязгаарыг хамга�##�ж байсан Түшээт ханы �##�батууд.Хэрэв х�##�хууд хамга�##�ж чадаагүй Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эрхшээлд �##�даад өөрсдөө Манжийн холбоонд орсныг гүтгэж байгаа хүмүүсийн Тэнгэр дахин ниргээсэй.
Буриадын зовлонг урвагч гэж хэлж байгаа хүмүүсийг Тэнгэр ниргэнэ.
Орос монголын хил дээр буриад тосгоны яг эсрэг байгуулсан тосгоны атаманы хүүттэй уулзаж ярилцах боломж олдсоноор буриад
Монголчууд ямар их дарамтад байсныг мэдэрсэн.Монгол нэртэй хүмүүс урьдын хагарлаа хүчээр дараад, Эв нэгдэл элэг зүрхээ дээдлэх хэрэгтэй байна. Чадахгүй бол Хятадын боол бодцгоо.
Энэ сайт яагаад хүний сэтгэгдлийг бүрэн гаргадагдүй юм бол. Орос, Хятадын сайт юм болов ?.
Монгол улсын эсрэг байдаг хүмүүсийг тэнгэр ниргэнэ.
Монголд Дорнод аймагт бас Хөлөнбуйр гэдэг нэртэй сум байдаг тул а ль Хөлөнбуйраа ялгаж бичээгүй нь уншихад саад боллоо. Эхлүүлээд хаялаа. Яагаад гэвэл тэр ХөлөнБуйрыг ч бас тусгайд нь байгуулж өгсөн сум юм.
Хүний хувь заяа гэж. Энэ хүмүүс хоорондоо учраагүй бол түүх болж үлдэхээргүй.. хэн ч мэдэхгүй өнгөрөх байж дээ..
Сэтгүүлч Тэнгисд баярл�##�аа. Ийм сэтгүүлчид их чух�##�.
Сайхан нийтлэл уншлаа,т�##�архлаа