Польшийн засгийн газрын барилга дээр нисэж байсан дроныг устгажээ

Польшийн Төрийн хамгаалалтын алба (SOP) Варшав дахь засгийн газрын барилга дээр нисэж байсан дроныг устгасан гэж Ерөнхий сайд Доналд Таск Х дээр мэдэгджээ. Уг хэрэгт холбогдуулан Беларусийн хоёр иргэнийг саатуулж, цагдаа нар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
ОХУ-ын дронууд Польшийн агаарын хилийг зөрчсөний улмаас хурцадмал байдал үүссэн үед энэ хэрэг гарав. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.09.10/ ОХУ-ын 19 дрон агаарын хилд нь нэвтэрсэн гэж Польш мэдэгдсэн. Уг явдлын дараа Украины зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Польш руу баг илгээж, дроны эсрэг арга хэмжээ авах сургалт өгнө гэсэн юм.
Польшийн засгийн газар дайн эхэлснээс хойш Украиныг тууштай дэмжиж ирсэн. Варшав Киевт 3.3 тэрбум евротой тэнцэх хэмжээний хүмүүнлэг болон цэргийн тусламж үзүүлсэн байгаа. Мөн Польш нь дайн эхэлснээс Украины дүрвэгсдийг хамгийн их хүлээн авсан Европын орон юм. НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээлснээр Польшид 1-1.6 сая украин дүрвэгч амьдарч байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.