ОХУ НАТО-гийн агаарын хилийг зөрчсөн асуудлаар Москва, барууны дипломатууд сөргөлдөв

НАТО-гийн холбоотнууд даваа гарагт /2025.09.22/ ОХУ-ыг Эстони, Польшийн агаарын хилийг зөрчсөн хэмээн НҮБ-ын өмнө буруутгасан байна. Саяхан ОХУ-ын 19 дрон Польшийн агаарын хил рүү нэвтэрсэн. Мөн ОХУ-ын гурван сөнөөгч онгоц Эстонийн агаарын хил рүү нэвтэрч, 12 минутын турш ниссэн юм. Их Британи улс ийм явдал нь зэвсэгт мөргөлдөөн үүсгэх эрсдэлтэй гэж анхааруулжээ.
Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтын үеэр ОХУ-ын талд хандаж хэлэхдээ “Та бүхний бодлогогүй үйлдэл нь НАТО, ОХУ-ын хооронд шууд мөргөлдөөн үүсэх эрсдэлтэй. Манай холбоо хамгаалах шинж чанартай. Бид НАТО-гийн агаарын хил, нутаг дэвсгэрийг хамгаалахад бэлэн” гэсэн юм.
Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас ОХУ агаарын хилийг давсан тохиолдлуудыг санамсаргүй гэж үзэж болохгүй хэмээжээ. Украины Гадаад хэргийн сайд хэлэхдээ, Москвагийн ийм үйлдлүүдийн эсрэг нягт арга хэмжээ авах ёстой гэв. АНУ-аас НҮБ-д суугаа элч Майкл Вальц хэлэхдээ, Москва хурцадмал байдлыг хурцатгах биш харин намжаах хэрэгтэй хэмээсэн байна. Тэр “АНУ болон бидний холбоотнууд НАТО-гийн нутаг дэвсгэрийн бүх инчийг хамгаалах болно гэдгээ онцлон хэлмээр байна” гэсэн юм. Харин НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын орлогч Дмитрий Полянский эдгээр мэдэгдлийг батлах ямар нэгэн нотлох баримт байхгүй хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сөнөөгөөд баримтыг нь үзүүлэх хэрэгтэй л дээ, орнуудтай тэдэнд үйлчилдэг аргаар нь харилцах хэрэгтэй, үг хэлээр бол нэвтрэлцэхгүй шд.
Орос маань ингэж, нэг эрхийн тэнэг хүүхэд шиг авир зантай болчих гэж дээ !