Ким Жон Уны Хятадтай харилцаагаа улам бэхжүүлэх амлалт

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинд захидал илгээж, Пёньян Бээжинтэй харилцаагаа цаашид улам бэхжүүлэхээ илэрхийлсэн байна. Тэрбээр Хятадтай БНХАУ-тай улам идэвхтэйгээр ахиулах болно гэж бичсэнийг БНАСАУ-ын төрийн өмчит хэвлэл мягмар гарагт /2025.09.23/ мэдээлжээ.
“KCNA” агентлаг мэдээлснээр Ким Жон Ун “Энэ цаг үеийн шаардлагад нийцүүлэн, БНАСАУ-ын Ажилчдын нам болон БНАСАУ-ын Засгийн газрын тууштай байр суурь бол БНХАУ-тай найрамдал, хамтын ажиллагааны харилцааг цаашид бэхжүүлж, хөгжүүлэх явдал” гэж захидалдаа бичсэн байна.
Мөн тэрбээр Ши Жиньпиний саяхан илгээсэн мэндчилгээнд талархал илэрхийлжээ. Захидалдаа Ким Жон Ун энэ сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Хятад улс болон ард түмнээс нь ирсэн тууштай дэмжлэг, онцгой найрсаг сэтгэлийг мэдэрсэн гэсэн юм.
Ким Жон Ун “БНАСАУ нь БНХАУ-ын нөхөдтэй хамтран социалист үйл хэргийн төлөөх нийтлэг тэмцлийн хажуугаар хоёр улсын найрамдалт харилцааг улам идэвхтэйгээр хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. БНХАУ-д их амжилт хүсье” гэж бичжээ.
Есдүгээр сарын 9-нд болсон Хойд Солонгосын үндэсний баярын өдрөөр Ши Жиньпин Ким Жон Унд баярын мэндчилгээ илгээсэн. Тус захидалд Бээжин Пёньянтай стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, хоёр талын найрамдлыг хамтдаа урагшлуулахад бэлэн гэдгээ Ши Жиньпин илэрхийлсэн байна.
Ким Жон Ун энэ сарын эхээр Бээжинд болсон ялалтын баярын ёслолд оролцсон. Энэ нь сүүлийн жилүүдэд хурцдаад байсан хоёр орны харилцаа зөөлөрч буй дохио болжээ.
Олон жилийн турш бат бөх байсан Пёньян, Бээжингийн холбоо сүүлийн үед хөндийрөөд байсан юм. БНАСАУ цөмийн хөтөлбөрөө тасралтгүй үргэлжлүүлж буйгаас болгоомжилсон БНХАУ нь тус улсын эсрэг НҮБ-ээс тавьсан хориг арга хэмжээг дэмжсэн. Гэхдээ эдийн засгийн болон стратегийн өргөн ашиг сонирхлоо хадгалахын тулд хоригийг сонгомол байдлаар хэрэгжүүлж байсан юм. Энэ хооронд Хойд Солонгосын удирдагч уламжлалт холбоотноосоо холдож, Москватай харилцаагаа ойртуулсан билээ.
БНСУ-ын Үндэсний нэгдлийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин “Парадын үеэр Ши Жиньпинтэй Ким Жон Ун зэрэгцэн зогссон. Тийм ойр зогссон нь Хойд Солонгос нь хөрш гүрний хувьд стратегийн чухал байр суурьтай гэдгийг харуулж байна” гэж “Korea Times” агентлагт хэлжээ.
Тэрбээр мөн хоёр орон АНУ-ын нөлөөг эсэргүүцэх нийтлэг ашиг сонирхолтой учир харилцаа нь ойртож байгаа гэдгийг онцолсон байна. Цаашид дипломат санаачилга, бүр хамтарсан эдийн засгийн төслүүд явуулах ч магадлалтай гэж Хон Мин хэлсэн юм.
Тэрбээр нэмж “БНХАУ-ын өнцгөөс харвал, Байдены засаг захиргааны үед АНУ-тай нүүр тулан зогсохдоо томоохон гүрний хувьд Бээжин хариуцлагатай байр суурийг баримтлах шаардлагатай болсон. Харин Трампын засаг захиргааны үед Бээжин Пёньянд нөлөөлж чадна гэдгээ Вашингтонд хариулж, тодорхой дохио мессеж илгээхийг оролдсон. Одоо харин АНУ-ын дарамт шахалтад хариу болгон, Хойд Солонгосыг Бээжин илүү идэвхтэй ашиглаж болно. Энэ нь цаашид дипломат болон эдийн засгийн хамтын ажиллагаа улам гүнзгийрэх боломжийг нэмэгдүүлнэ” гэж хэлжээ.
Эх сурвалж: Yonhap News, Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.