Испани Газын зурваст тусламж үзүүлэх онгоцыг хамгаалахаар байлдааны хөлөг илгээнэ

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес лхагва гарагт /2025.09.24/ мэдэгдэл хийхдээ Газын зурваст тусламж үзүүлэхээр явж буй онгоцыг хамгаалахаар зэвсэгт хүчний байлдааны хөлгөө илгээнэ гэжээ. Тус онгоц Грекийн эргийн ойролцоо дроны халдлагад өртсөн. Үүний улмаас Итали улс онгоцыг хамгаалахаар цэргийн хөлөг илгээнэ гэх мэдэгдсэн юм.
Санчес НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэвлэлийн бага хуралд оролцож байхдаа үг хэлэхдээ, тэрхүү онгоц дээр Газын зурваст тусламж өгөх гэсэн 45 орны иргэн явж байгаа гэжээ. Тэр “Олон улсын хуулийг дээдэлж, манай иргэд Газар дундын тэнгисээр аюулгүй нөхцөлд аялах эрхийг нь хүндлэхийг Испанийн засгийн газар шаардаж байна. Маргааш бид Картагенагаас цэргийн хөлөг онгоцоо шаардлагатай бүх нөөцтэй нь илгээнэ. Онгоцонд тусламж, аврах ажиллагаа шаардлагатай болсон тохиолдолд тус хөлөг тусална” хэмээсэн байна.
Швед гаралтай цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг гэх мэт бусад идэвхтнүүд сууж яваа тэрхүү онгоц Израилын тавьсан далайн бүслэлтийг нэвтлэх зорилготой. Тус онгоц Грекийн эргээс 56 км-ийн зайд явахдаа дроны халдлагад өртсөн. Израил тэрхүү дроны халдлагыг үйлдсэн эсэх дээрээ ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.